YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хүмүүс намайг шоолоод инээх юм шиг мэдрэгддэг
Сайн байна уу? Би 16 настай. 10-р ангид сурдаг. Би өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлж, хүнтэй харилцахдаа тун тааруу. 14 хүрснээсээ хойш л огцом дотогшоогоо болж эхэлсэн. Багшийн асуусан асуултын хариултыг мэдэх хэрнээ л хэлэх гэхлээр хоолой гардаггүй. Тэрхэн үед маш их сандарч дотор муухайраад хүмүүс намайг юу гэж бодох бол, юу гэж харах бол гэсэн бодлууд толгойд орж ирээд, хэлчих л юм бол бүгд намайг шоолж инээх юм шиг мэдрэгддэг.
Тэгээд ихэвчлэн чимээгүй байдаг. Хүмүүстэй харилцахаас зугтааж үүрд чимээгүй байвал сайхан ч юм шиг. Найзууд, багш нар, гэрийнхэн нэг л тийм намайг үл тоосон. Доожоогүй ч гэж олон хэлж байсан. Хүнтэй ярилцахгүй, юм дуугарахгүй, чимээгүй байх нь сайхан байдаг ч ингээд яваад байвал миний ирээдүй бүрхэг болно. Гэсэн ч би нээлттэй болж бусад шиг буруу ч зөв ч хамаагүй дуугарч ярьж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чиний бодож мэдэрч байгаа зүйл ч гэсэн чухал
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүс чамайг шоолохгүй, шүүмжлэлгүйгээр сонсоосой, чамд ярих боломж олгоосой гэж хүсэж байна гэж ойлголоо. 14 нас хүрснээс чинь хойш чамд юу тохиолдсон бэ? Үүнээс өмнө өөрийн үзэл бодол, мэдрэмжээ хэрхэн илэрхийлдэг байсан бэ? Чамайг үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэхэд бусад хүмүүс хэрхэн ханддаг байсан бэ? 14 нас хүрснээс хойш үзэл бодлоо илэрхийлэхэд бусад хүмүүс таагүй хандаж, шоолж байсан тохиолдол байгаа болов уу? Дээрх асуултуудад хариулж эргэн захидал илгээгээрэй.
Захидлаас уншихад бусдын бодлыг унших гээд байдаг юм шиг санагдлаа. Бусдын бодлын унших буюу таамаглах нь бидэнд тохиолддог бодлын түгээмэл алдаа юм. Жишээлбэл, тэр над руу онийж, муухай хараад байна, надад дургүй юм байна гэж бодсон ч яг үнэндээ тэр хүн хараа муутай учраас чам руу онийж харсан байх тохиолдол байдаг. Үүнтэй адил бид бусдын бодлыг уншиж түүндээ итгэх гээд байдаг талтай.
Тиймээс хэрэв бусад хүмүүс чамайг шоолж байгаа юм шиг санагдвал тэднээс асууж, өөрийнхөө мэдрэмжийг хэлэхийг хичээгээрэй. “Миний ярьсан зүйл чамд ямар санагдсан бэ? Саяны үйлдэл надад ингэж санагдлаа. Чи ямар учраас ингэсэн бэ? ” гэх мэт асуултыг асууж бусдын бодлыг мэдэх боломжтой. Мөн бусад хүмүүсийн бодол, мэдрэмжид хэт их анхаарч өөрийнхөө бодол, мэдрэмжийг үл тоож байгаа мэт санагдлаа. Гэвч чиний бодож, мэдэрч байгаа зүйл ч гэсэн чухал. Тийм болохоор би бусдад таалагдаж байгаа болов уу гэж бодохоос өмнө бусад хүмүүс надад таалагдаж байна уу гэж өөрөөсөө асуугаарай.. Энэ өөрийнхөө мэдрэмжийг анхаарч, танихад тусална. Хэрэв өөрийнхөө мэдрэмжийг анзаарсан бол бусдад бага багаар илэрхийлэхийг хичээгээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Гомдолтой хэлээд байхаар нь үерхсэн юм
Сайн байна уу? Манай эрэгтэй сайн найз яагаад ч юм надад үерхэх санал тавьсан юм. Би найз гэж боддогоо хэлээд зөвшөөрөөгүй. Тэр үедээ тоглоом болгоод өнгөрөөсөн. Би найздаа нэг эмэгтэй найзыгаа танилцуулсан юм. Тэгээд манай найз тэр охин д бас л үерхэх санал тавиад тэр охин зөвшөөрөөгүй. Манай эрэгтэй найз чи хүртэл тоосонгүй гээд гомдолтой хэлээд байхаар нь би үерхсэн юм.
Тэгээд манай нэг эмэгтэй найз хэрэггүй гээд бид хоёр болих дээрээ тулаад байж байсан чинь өөр эмэгтэй найз маань "та хоёр болж байвал хүний хэлэх ямар хамаатай юм" гээд үерхсэн. Манай эрэгтэй найзууд бүгд хөдөө явчихсан. Бид хоёр холын үерхэлтэй байсан. Тэгээд нэг өдөр дахиад нэг намайг харж байсан гэсэн банди чат бичсэн. Эхэндээ би нүүр өгөөгүй. Сүүлдээ дасаад эхэлсэн.
Уулздаг, ойр байсан болоод ч тэр юм уу үерхэх санал тавьсан. Би яагаад ч юм татагдаад байсан учраас найзаасаа салсан. Тэр бандитай үерхэх гэтэл үерхэж чадаагүй. Тэгээд дараа нь дөрвөн сарын дараа хичээл эхлэхийн өмнөх өдөр маргаан гараад салсан. Тэгээд бид хоёр ярилцаад дахиад нийлсэн. Хэдэн долоо хоног бүтэмжтэй байсан ч бид хоёр бас л салсан. Одоо би дахиад найзалчихсан байна. Бид хоёрыг нийлчихсэн юм уу гэж асуудаг тэхдээ нийлээгүй. Нийлэх ёстой юу?
ЗӨВЛӨГӨӨ: Найзууд чинь чиний өмнөөс үерхээгүй шүү дээ
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Үерхлийн харилцаанд чинь чамд туслах хэн нэгэн хэрэгтэй байна гэж ойлголоо. Мөн найзуудынхаа хэлсэн зүйлсэд хэт их анхаарч байгаа юм шиг санагдлаа. Найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийн чинь хэлсэн үг чухал боловч чиний бодол, мэдрэмж ч гэсэн чухал юм шүү. Чи буцаж нийлмээр байна уу? Эсвэл бусад хүмүүс нийлчихсэн эсэхийг чинь асууж байгаа болохоор нийлэх хэрэгтэй юм шиг санагдсан уу? Эдгээр асуултуудад хариулаарай.
Учир нь найзууд чинь чиний өмнөөс үерхээгүй шүү дээ. Тийм болохоор та хоёр дахин нийлэх тал дээр ямар бодолтой байгаа вэ гэдгээ тодорхойлоорой. Мөн хүмүүс бие биедээ татагдаж, хайртай болох үед төрж байгаа бодол, мэдрэмжээ бие биедээ хуваалцаж, түүнийг нь ойлгож, анхаарал халамж тавьдаг. Бие биедээ тохиолдсон сайхан зүйлсэд баярлаж, харин гунигтай зүйл болоход нь хамт гунигладаг. Тийм болохоор чи тэр хүүхдэд сайн болохоор буцаж нийлэх гэж байна уу? Эсвэл бусад хүмүүс нийлсэн эсэхийг асууж байгаа болохоор нийлэх гэж байна уу гэдэг талаар бодоод үзээрэй. Амжилт хүсье!
Жич: Захидал илгээхдээ насаа дурдаж байвал хариу захидал бичихэд илүү тус болдог юм шүү.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх