Аминчхан яриа №7: Эмэгтэйчүүдийн эмчид АНХ УДАА үзүүлэх гэж буй охидод өгөх ЗӨВЛӨМЖ


Бэлгийн боловсролд тань хөрөнгө оруулах зорилгоор бэлтгэн хүргэдэг “Аминчхан яриа” цувралын ээлжит дугаарт АШУҮИС-ийн ахлах багш, анагаах ухааны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Болорчимэг уригдан оролцож “Охидын эмчид эрт үзүүлэхийн ач холбогдол” сэдвээр ярилцсан билээ.

Харин “Аминчхан яриа” нийтлэлдээ охидын эмчид үзүүлэхдээ анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

  • ОХИДЫН ЭМЧИД АНХ УДАА ҮЗҮҮЛЭХЭД ЗААВАЛ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРСОН БАЙХ АЛБАГҮЙ

Маш олон хүн бэлгийн харьцаанд орох хүртлээ бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй гэж эндүүрдэг. Гэтэл нөхөн үржихүйн эрүүл мэнд нь бэлгийн харилцаанд орсон эсэхээс үл хамаараад тухайн хүний өдөр тутмын амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байдаг гэдгийг ойлгох нь чухал.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар охидыг 13-15 насандаа охидын эмчид хандаж, БЗДХ-ын үзлэг, оношилгоо, хамгаалалт болон ариун цэврийн талаар ганцаарчилсан зөвлөгөө авахыг санал болгодог.

  • ҮЗҮҮЛЭХДЭЭ УМДАГНЫ ҮСЭЭ АВАХУУЛСАН БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

Хүн бүрийн гоо зүйн шалгуур, шаардлага ялгаатай байдаг учраас умдагтаа үстэй байхыг сайшаадаг нэгэн ч бий, үл сайшаадаг нь ч бий. Умдагны үсээ тогтмол авдаг нэгэн байхад үүнийг авах тухай бодож ч үзээгүй нэгэн байж болно.

Умдагтаа үстэй байх эсэх нь хувь хүний сонголт, хүний эрхийн асуудал юм. Тиймээс чи эмэгтэйчүүдийн эмчид хандахдаа умдагны үсээ заавал авсан байх шаардлагагүй. Гэхдээ эмчид үзүүлэхдээ энэ хэсгийн ариун цэврийг сахисан байх хэрэгтэй.

  • САРЫН ТЭМДГИЙН ӨМНӨ БОЛОН ДУУССАНЫ ДАРАА ҮЗҮҮЛЭХ

Сарын тэмдэг ирсэн үед охидын эмчид үзүүлэх нь үтрээнээс гарч буй цус, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор үзлэгийн үр дүн болон наацын шинжилгээний хариунд нөлөөлж болно. Тиймээс аль болох сарын тэмдэг ирээгүй үедээ эмчид хандахыг эрмэлзээрэй.

Мэдээж сарын тэмдэг тань маш их өвдөлт, зовиуртай ирж байгаа бол цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

  • ЧИНИЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ НУУЦЛАГДАХ БОЛНО

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, хэрэглэдэг хорт зуршлууд, бэлгийн харилцааны түүх гээд бүхий л зүйлсээ үзлэг хийж буй эмчид илэн далангүй ярихыг эрмэлзээрэй. Энэ нь чиний нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад, үр дүнтэй эмчилгээг сонгон хэрэглэхэд маш чухал нөлөөтэй байдаг.

Охидын эмчтэй ярилцсан бүхий л зүйлс чинь чиний хувийн нууцад хамаарах бөгөөд чамайг хүсээгүй тохиолдолд энэ мэдээллийг задруулахгүй, асран хамгаалагчид чинь хуваалцахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ эмч үнэхээр шаардлагатай гэж үзвэл зарим мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцаж болно.

  • АНХ УДАА ОХИДЫН ЭМЧИД ХАНДАЖ БАЙГАА БОЛ ЗААВАЛ ДОТУУР ҮЗЛЭГ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

Бэлгийн харилцаанд орсон, БЗДХ-ын шинжилгээ хийлгэхийг хүсэж байгаа эсхүл сарын тэмдэг нь хэт өвдөлттэй, хэт их хэмжээгээр ирж байгаа тохиолдолд үтрээний дотуур үзлэгийг хийдэг.

Харин эдгээр шинж тэмдэг илрээгүй тохиолдолд буюу анх удаа эмчид хандаж байгаа охидод заавал дотуур үзлэг хийх шаардлагагүй байдаг. Гэсэн хэдий ч дотуур үзлэг гэж юу болох, үүнийг хэрхэн хийдэг талаар мэдлэгтэй байх нь чухал.

ДОТУУР ҮЗЛЭГ

1. Эмэгтэйчүүдийн эмч нар үтрээнд дотуур үзлэг хийхдээ толь хэмээх багажийг ашигладаг. Толь бол умайн амсрыг нээхэд хэрэглэдэг хуванцар болон металлаар хийсэн жижигхэн багаж юм.

Толины тусламжтайгаар эмч үтрээний хана болон умайн хүзүүнд өөрчлөлт, шархлаа, булдруу байгаа эсэх, ялгадас гарч байгаа эсэхийг шалгаж чадна. Толийг үтрээнд байрлуулсан үед бага зэргийн тавгүй байдал мэдрэгдэх боловч өвдөх зүйл байхгүй. Мөн энэ үед умайн хүзүүнээс арчдас авч эсийг шинжлэх бөгөөд үүнийг бид мазок буюу наацын шинжилгээ, БЗДХ-ыг илрүүлэх шинжилгээ гэж нэрлэдэг.

2. Үзлэгийн толийг үтрээнээс салгаж авсны дараа эмч шинэ бээлий өмсөж үтрээнд хоёр хуруугаа хийн нөгөө гараараа хэвлий дээрээ дарна. Ингэснээр эмч өндгөвч, умай, умайн хүзүүний байрлал, хэлбэр, хэмжээг чинь шалгаж чадна. Үзлэгийн энэ хэсэг мөн адил өвдөлт өгөхгүй. Хэрэв өвдөлт мэдрэгдвэл эмчдээ мэдэгдээрэй. Учир нь энэ өвдөлт чиний биед ямар нэгэн асуудал байж болзошгүйг илэрхийлнэ.

  • ХАМГИЙН СҮҮЛИЙН САРЫН ТЭМДГЭЭ ХЭЗЭЭ ИРСНИЙГ МЭДЭХ

Сүүлийн сарын тэмдэг ирсэн өдөр, мөчлөг, үргэлжлэх хугацаа, хэмжээ, зовиурыг эмч асууж тодруулна. Тиймээс чи хамгийн сүүлд сарын тэмдгээ яг хэдний өдөр ирснээ санахгүй байгаа бол хөтөлдөг хуанлигаа сэргээн харах, эдгээр асуултад хариулах бэлтгэлтэй очих нь эмч сарын тэмдгийн хэвийн байдал, илэрч буй шинж тэмдэг нь ямар нэгэн хор хөнөөлгүй эсэхийг тодорхойлж, танд тохирсон зөвлөгөө, эмчилгээг санал болгоход тус дэм үзүүлнэ.

  • ЭНЭ БҮХЭН ЭВГҮЙ БАЙХ НЬ МЭДЭЭЖ. ГЭХДЭЭ БИТГИЙ САНАА ЗОВ

Эмэгтэйчүүдийн эмчид анх удаа үзүүлэх гэж буй өсвөр насны охидын дунд ичих, санаа зовох, айж түгших хандлага түгээмэл ажиглагддаг. Энэ нь ихэвчлэн биеийн галбир нь эвгүй харагдаж байгаа эсэх, умдагны үс нь эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа эсэхэд санаа зовсон айдас байх нь олонтаа.

Үнэндээ эмч нарт эдгээр нь огтхон ч чухал биш бөгөөд чамайг шүүмжлэх гэж бус туслах гэж байгаа гэдгийг ойлгоорой.

Жирэмслэлт, үр хөндөлтийн зөвлөгөө, мэдээлэл болон охидын үзлэгт хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй аваарай.

Шилжилтийн насны өөрчлөлт, бэлгийн амьдралын шийдвэр гаргалтынхаа талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #Эмч