Хаврын улирал айлчлан иржээ. Гэртээ байсан ч, гадаа гарсан ч, бүр масктай явсан ч найтааж, нүд загатнах гунигт өдрүүд эхэлж байна. Хэрвээ та харшилтай болоод удаагүй байгаа бол ганцаараа биш гэдгийг тань сануулах гэсэн юм. Учир нь дэлхийн 10 хүн тутмын 3 нь улирлын шинжтэй буюу ургамлын харшилтай байдаг аж.
Тэгвэл энэхүү нийтлэлээрээ ургамлын харшилтай хүмүүсийн л ойлгох зургаан зүйлийг хуваалцъя.
1. НАЙТААЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА
Хамгийн ихдээ хэдэн удаа найтааж байснаа тоолж байсан хүн байна уу? Хавар эхлэв үү үгүй юу, хайр найргүй найтаагаад л бидний зовлон эхэлж байгаа юм даа. Ингэхэд бороо орсны дараа гадаа гарахад хамгийн тохиромжтой гэсэн шүү. Учир нь ургамал, цэцгийн тоосонцор тэр үед түр хугацаанд дарагддаг аж.
2. ХУУРАЙ САЛФЕТКЫН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ
Харшил хөдөлсөн үед бидэнд юу хамгийн хэрэгтэй билээ? Мэдээж хуурай салфетка! Нэг харахад гэрийн өнцөг булан бүрт дайнд бэлэн цэрэг шиг л өнгө өнгөөрөө, төрөл төрлөөрөө байж байдаг. Тэгэхээр бид чинь хуурай салфеткын бизнесийн гол хэрэглэгчид юм шүү.
3. БҮТЭН НОЙРЫГ МАРТ!
Хамар битүү хэр нь нус гоожоод, амаараа амьсгалсаар байтал хоолой хорсоод... Бас л аймшигтай мэдрэмж шүү. Хамгийн муухай нь унтаж амрах үеэр онц ноцтойгоор битүүрч, тагларна. Дусаалга, цацлага хэрэглээд ч нэмэргүй. Ингэсээр бид нэг л мэдэхэд ургах нартай золгодог доо.
4. ТЭВЧИШГҮЙ ЗАГАТНАА
Нүд, чих, хоолой, тагнай гээд загатнахгүй газар нэг ч үгүй. Гэхдээ бидэнд нэг дүрэм бий. “Нүдээ нухлах л юм бол эцэс төгсгөлгүй загатнаа эхэлдэг. Тиймээс нүдэндээ л хүрч болохгүй!”. Заримдаа нүдээ гаргаж ирж байгаад маажмаар санагддаг үе ч байдаг шүү, тийм ээ?
5. УРСАХ НУЛИМС МИНЬ...
Уянгын, инээдмийн, аймшгийн киноны алийг нь ч үзсэн нулимс урссаар л... Бидний дархлааны систем зарим гаднын биетийг хэт эмзэгээр хүлээн авч эсрэг бие болон бусад эсийг үүсгэдэг. Ийнхүү тэдгээр эсээс гистамин хэмээх бодис ялгарах бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд нулимс болон гардаг аж.
6. ЗУНЫ УЛИРАЛ ГЭЖ БАЙХГҮЙ
Зуны сайхан өдрүүдэд аялал, зугаалгад явах “Санаа байв ч сачий нь хүрэхгүй” гэдэг шиг л найзуудаасаа үлдэж хоцордог. Гунигтай боловч үнэн гэвэл энэ юм даа. Гэхдээ харшилтай нөхөрлөөд олон жил болж буй хүмүүсийг зун гэрээс гарахгүйгээр хөгжилтэй байх төлөвлөгөөгөө бэлдчихсэн гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та ургамлын харшлын тухай илүү ихийг мэдмээр байвал ЭНД дараарай.
Эх сурвалж: Teen Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх