Олон цагаар хичээллэсний дараа ТАРХИА АМРААХ аргууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-29

Оюутан, сурагчид олон цагаар хичээллэсний дараа ихээхэн ядарч стресст ордог. Ийм үед стрессээс ангижрахын тулд тархиа хэсэгхэн зуур амраах хэрэгтэй. Хүний тархи амарсан мэдрэмж авах үед сэтгэл санаа тайвширч, зүрхний цохилт, цусны даралт  тогтворжиж, уур бухимдал багасаж өөртөө итгэх итгэл нэмэгддэг.

Тиймээс тархи, бие махбодоо амрааж, тайван байхын тулд дараах аргуудыг ашиглаарай.

Тархи болон бие махбодоо амраах олон арга бий. Гэхдээ энэ хоёр ойлголт нь эцсийн дүнд нэг л зүйл юм. Өөрөөр хэлбэл та тархиа амрааж чадвал бие махбод чинь давхар тайвширна гэсэн үг.

Гүнзгий амьсгаа авах Нүдээ аниад дөрвөн секундын турш амьсгаа авч, дөрвөн секундын турш авсан амьсгаагаа түгжиж, зургаан секундын турш амьсгаагаа гаргаарай. Амьсгалын дасгал бол нэг төрлийн тайвшрал юм. Ялангуяа сэтгэлээр унах, сэтгэл түгшсэн үед амьсгалын дасгал хийж өөрийгөө тайвшруулж байгаарай.

Бүлээн устай ваннд орох Бүлээн усанд орсноор цусны эргэлт сайжирдаг ба энэ нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Нөгөөтээгүүр, бие махбод тайвширч, сэтгэл санаа ч дээрддэг.

Бичих - Зарим хүмүүс тухайн өдөр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, тохиолдсон асуудлаа бичиж байж тайвширдаг. Хэрвээ та тийм төрлийн хүн бол өдрийн тэмдэглэл хөтөлж хэвшээрэй. Энэ нь таны хувьд тархиа амраах хамгийн шилдэг арга юм шүү.

Дуртай дуугаа сонсох - 2013 онд Роберто Марка, Линда Финкл нарын эрдэмтэд хамтран хөгжим сонсох нь стрессийг бууруулахад нөлөөтэй эсэхийг судалсан байна. Тус судалгаагаар хөгжим сонсох үед стресс, сэтгэл түгших мэдрэмж багасдаг нь тогтоогджээ.

Хэрвээ та хүчтэй хэмнэл бүхий дуу сонсвол сэтгэл санаа тань илүү их сэргэж, анхаарал төвлөрөлт ч нэмэгдэнэ. Харин тайван хэмнэлтэй дуу сонсох үед сэтгэл санаа тайвширч, тархинд амарсан мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс тархиа хэсэгхэн ч атугай амраахыг хүсвэл аль болох тайван хэмнэлтэй дуу сонсоорой.

Иогоор хичээллэх Хүн болгон иогоор хичээллэх нь ямар ач тустай байдгийг мэддэг. Тиймээс хичээллэе гэж боддог бол “маргааш маргааш” гэж хойш тавилгүй өнөөдрөөс эхлээрэй. Та анхлан суралцагч бол YouTube-ээс анхан шатныханд зориулсан иогийн хэдэн мянган бичлэг үзэх боломжтой.

Бясалгал хийх Бясалгал хийнэ гэдэг нь сэтгэл доторх бодлоо хоосруулж, ямар нэг зүйл бодохоо болих ёстой гэсэн үг биш. Харин анхаарлаа төвлөрүүлж сурах дадал аж. Бясалгалын төрөл дотроос оюун санааны бясалгал нь хамгийн түгээмэл бөгөөд анхлан суралцагчид сурахад ч хялбар байдаг. Ингээд бясалгал хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.

1. Чимээгүй газар сонгох. Мэдээж хэрэг чимээ шуугиангүй газар бясалгал хийх хэрэгтэй. Мөн бясалгаж эхлэхийн өмнө утасныхаа дууг хаахаа мартуузай.

2. Өөрт тухай байрлалаар суух. Бясалгалын байрлалаар сууж байна гээд биеэ чангалаад аль эсвэл тухгүй газарт суух хэрэггүй. Буйдан, зөөлхөн хөнжил, гудсан дээр ч суусан болно. Аль болох танд тухтай мэдрэмж төрүүлэх суудлыг сонгоорой.

3. Тайван амьсгалах. Амьсгалаа авах болон гаргахад анхаарлаа төвлөрүүлж, удаан бас тайван хийх хэрэгтэй.

4. Анхаарал сарних нь хэвийн зүйл. Анх удаа бясалгал хийж буй хүмүүсийн хувьд анхаарал сарниулах бодлууд толгойд эргэлддэг. Санаа зовох хэрэггүй. Хэрэв анхаарал сарниад байвал амьсгал авч гаргах үйл явц дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. 

Эх сурвалж: University of Michigan

#Эрүүл мэнд #Боловсрол #Тархи #Зөвлөгөө