ҮЗЭЭД ҮЗ: Оскарын шагналт “Minari”


БНСУ-ын уран бүтээлчид Оскарын наадмаас хоёр жил дараалан шагнал хүртлээ. Энэ нь тус улсын кино урлаг дэлхийн түвшинд хүрч буйн нэгэн жишээ юм.

Ингээд “Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн “Minari” (2020) киног санал болгож байна. Мэдээж энэ нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй.

“MINARI” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү уран бүтээл нь 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн бөгөөд зохиолч, найруулагчаар Америк-Солонгос гаралтай Lee Isaac Chung ажилласан юм. Энэ нь түүний хамгийн анхны дэлгэцийн бүтээл билээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Хагас намтарчилсан уг кинонд 1983 оны үед АНУ-ын Калифорниагаас Арканзас муж руу нүүн ирж буй солонгос гэр бүлийнхэнд шинэ орчин, шинэ эхлэл хэрхэн нөлөөлж буй талаар өгүүлнэ. Та бүхэн энэхүү бүтээлээс гэр бүлийн хайр, үнэ цэнийн тухай үзэх болно.

Үргэлжлүүлэн тус киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. НАЙРУУЛАГЧИЙН АМЬДРАЛААС СЭДЭВЛЭЖЭЭ

Энэхүү бүтээлийг зохиолч, найруулагч Lee Isaac Chung-ы хүүхэд наснаас сэдэвлэн бүтээсэн юм. Түүнийг бага байхад аав нь фермер болох мөрөөдөлдөө хөтлөгдөн гэр бүлээрээ Арканзас муж руу нүүж байв. Найруулагч Isaac энэ киног хийх болсон тухайгаа ярихдаа:

- “Хүүхэд насныхаа тухай кино хийнэ гэж үргэлж боддог байсан болохоор кино урлагийн сургуульд сурсан юм. Гэсэн хэдий ч кино хийхдээ бэлэн биш байгаагаа үргэлж мэдэрдэг байлаа. Ингээд 2018 онд Солонгост багшлахаар очсон юм. Ажилдаа орохоос хэдхэн сарын өмнө надад нэгэн бодол төрсөн. “Одоо л биш бол хэзээ ч биш”. Тэр үе л зөв цаг нь байсан юм шиг санагдаад кино зохиолын ажлаа эхлүүлсэн” хэмээсэн юм.

2. ОСКАРЫН ШАГНАЛТ АНХНЫ СОЛОНГОС ЖҮЖИГЧИН YOUN YUH JUN

Өдгөө 74 настай тэрээр 20 насандаа жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд “Minari” киногоор 93 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн билээ.

Тэрээр найруулагч Isaac-тай 2018 онд танилцаж байсан ба түүний тухай “Isaac-тай анх удаа уулзахад тэр миний тоглосон хамгийн анхны киноны тухай асууж байлаа. Тухайн үед би түүнийг ийм залуухан хэрнээ миний тоглосон анхны киног үзсэнд нь үнэхээр сэтгэл хөдөлж билээ” хэмээжээ. Мөн тэрээр кино бүтэх үйл явцын тухай:

- “Зураг авалт 25 хоногийн турш үргэлжилсэн. Гэтэл аагим зуны халуунд эхний өдрөө л агааржуулагч эвдэрч асуудлууд гарч эхэлсэн дээ. Найруулагчийн маань анхны бүтээл учраас төсөв санхүүгийн хувьд бага байсан ч бид бууж өгөөгүй. Одоо харахад бид яг л жинхэнэ гэр бүл болцгоосон юм шиг санагдаж байна. Харин бүтээсэн дүр маань надаас тэс өөр зан чанартай. Би өөрийнхөө эмээг бодож энэ дүрийг бүтээсэн” хэмээн ярьсан юм.

3. ЖҮЖИГЧИН STEVEN YEUN

Алдарт “The Walking Dead” цувралын од, жүжигчин Steven Yeun энэхүү кинонд гол дүр бүтээсэн юм. Тэрээр найруулагч Isaac-тай хамтран ажилласан сэтгэгдэлдээ:

- “Түүнтэй хамтарч ажиллахад үнэхээр тухтай байдаг. Надад хэзээ ч ингэ, тэг гэж хэлж, тушааж байгаагүй. Ер нь кино багийн хэнд ч захирангуй хандаж байсан удаагүй. Тэр маш сайн сонсогч байснаас гадна кино зохиол ч ойлгомжтой, энгийн байв. Хамгийн гол нь кино багийн, тэр дундаа жүжигчдийн харилцаа яг л гэр бүл шиг дотно байсан болохоор үзэгч та бүхнийг манай бүтээлээс маш нандин зүйлийг мэдрэх болно гэж найдаж байна” хэмээжээ.

4. ЖҮЖИГЧИН HAN YE RI

“Hello, My Twenties!” цувралд тоглосон дүрээрээ алдартай жүжигчин Han Ye Ri нь 2006 онд богино хэмжээний кинонд дүр бүтээн жүжигчний гараагаа эхлүүлж байсан бол 2012 оноос дэлгэцийн бүтээлд тоглох болжээ.

“Minari” бол түүний тоглосон Холливүүдийн анхны кино. Жүжигчин Han Ye Ri кинонд тоглосон сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

- “Би энэ бүтээлээс дэлхий бол нэгэн бүхэл бөгөөд орчин нөхцөл нь солигдсон ч хүний мөн чанар өөрчлөгддөггүй юм байна гэдгийг ойлгож авсан. “Minari” киноны дүр маань миний өөр нэгэн талыг харуулсан гэж найдаж байна. Анх англи хэл дээр кино зохиолоо уншаад дүрүүдийн мэдэрч буй мэдрэмжээс эхлээд юуг ч ойлгоогүй. Киноныхоо зураг авалтад оролцох гээд Америк руу явж байхдаа “Би юу хийчхэв ээ?” гэж бодож байсан гээд л бод. Гэсэн ч миний сонголт буруу байгаагүйг өнөөдрийн бидний амжилт харуулсан гэж бодож байна” хэмээн ярьжээ.

6. ХҮРТСЭН ШАГНАЛУУД

“Minari” кино баг Оскарын зургаан төрөлд нэр дэвшсэнээс “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг авсан бөгөөд өөр кино наадмуудаас ч олон шагналыг хүртжээ. Тухайлбал:

- 78 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадмаас “Шилдэг гадаад хэл дээрх кино”

- The Critics’ Choice кино наадмаас “Шилдэг гадаад хэл дээрх кино”, “Шилдэг залуу жүжигчин”

- BAFTA кино наадмаас “Шилдэг эмэгтэй туслах дүр”. 

6. АШИГ ОРЛОГО

115 минутын турш үргэлжлэх энэхүү бүтээл хоёр сая гаруй ам.доллараар бүтсэн ба Box Office-оос 12.1 сая ам.долларын ашиг орлого олжээ.

7. НАЙРУУЛАГЧ BONG JOON HO-ГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭ

2020 оны Академийн шагнал гардуулах ёслолоос дөрвөн хүндэт шагналыг авч чадсан “Parasite” (2019) киноны найруулагч Bong Joon Ho “Minari” киноны тухай ийнхүү ярьжээ:

- “Намтарчилсан кино бүтээнэ гэдэг зохиолчоос нэг талаараа маш их зориг шаардана. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ хувийн зүйлсийг гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ киног өндрөөр үнэлсэн гол шалтгаан бол найруулагч Isaac энэхүү киног бүтээхдээ өөрийн дурсамжид уягдаагүй явдал юм. Өөрөөр хэлбэл, жүжигчдэд оноогдсон дүрээ өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг олгосон гэсэн үг. Мөн ихэнх намтарчилсан кино шиг өгүүлэгчийн хоолойг ашиглаагүй нь “Minari”-г илүү үзэсгэлэнтэй бөгөөд дэлхийн түвшинд хүрэхүйц бүтээл болоход нөлөөлсөн гэж бодож байна” хэмээн хэлсэн юм.

Ингээд киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, Soompi, Decider

#Кино урлаг #Үзээд үз #Minari