Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №13


Залуус та бүхнийг номоо сонгохдоо бус уншихдаа илүү их цаг хугацаа зарцуулаасай хэмээн бэлтгэн хүргэдэг “Залуу хүний заавал унших ном” цувралын ээлжит дугаар хүрэхэд бэлэн боллоо.

“CallPro” компани болон “Faro” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, “Ideree’s Podcast” нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан, IELTS600 номын зохиогч Б.Идэр-Од бидний урилгыг хүлээн авч, залуус та бүхэнд ширээнийхээ номыг санал болгож байгаад маш их баяртай байна. Тэрээр “Ном бол мэдлэгийн булаг бөгөөд хэн нэгний амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулж олж авсан мэдлэг, ухаарлыг хэдхэн цагийн дотор авч болдог ач холбогдолтой зүйл” хэмээн онцолсон юм. Ингээд түүний ямар ном санал болгосныг хүлээн авна уу.

Санал болгож буй ном: Менежментийн психологи

Зохиолч: Ө.Ганзориг

Төрөл: Бизнес, эдийн засаг

Товч агуулга: Менежментийг Психологийн ухаантай хослуулсан уг ном нь зохиолчийн бизнесийн салбарт 20 орчим жил ажилласан туршлага, психологийн судалгааны үр дүнг бүхэлдээ багтаасан бүтээл юм.

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Тактик, менежмент гэдэг үгийг өнгөц харахад бизнесийн сургуулийн хэллэг мэт боловч хүн төрөлхтний олон мянган жилийн ноу-хау, философи дээр суурилсан байдаг. Тиймээс ямарваа нэгэн зүйлийг бүтээж, бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол философитой эхлэх нь чухал. Харин энэхүү ном менежмент гэдэг зүйлийн цаана нь ямар философи байвал амжилттай болдог талаар бичсэн нь гүн утга агуулгатай, маш өгөөжтэй санагдсан.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Энэхүү номонд философи болон сэтгэлзүйг маш гүнзгий холбож тайлбарласан байдаг. Бүтээмжийн цаана сэтгэлзүй гэдэг зүйл маш гүн нуугдаж байдаг. Тиймээс баг хамт олноороо буюу олуулаа өндөр бүтээмжийг бий болгоё гэж бодож байвал тэдэндээ ямар сэтгэлзүйгээр хандах, тэдний сэтгэлзүйн гогцоог хэрхэн тайлж барихыг энэ номоос ойлгож суралцсан.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- Ойлгоход жаахан төвөгтэй ишлэл санал болгож байгаа хэдий ч хэрвээ та энэ номыг уншиж үзвэл ямар үнэ цэнтэй болохыг нь ойлгоно.


“Төсөөлөл бол хүний сэтгэлзүйн үзэгдэл. Харин бодит байдал биднээс үл хамааран оршин байдаг. Бодит байдал ба түүний талаарх бидний төсөөлөл хэдий чинээ ойрхон байна бид амжилтад төдий чинээ хурдан хүрч чадна”.


YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Ном гаргана гэдэг амар ажил биш. Нэг ном бичихийн тулд амьдралынхаа 10, 20 жилийг зарцуулсан хүн байхад 30, 40 жилийн турш номын санаагаа бодож явсаар ганцхан жилийн дотор бичиж дуусгасан хүн ч бий. Ямартай ч ном бол хэн нэгэн хүний амьдралынхаа маш том хэсгийг зориулсан мэдлэг. Тэр их мэдлэгийг хэдхэн цагийн дотор авч болдог мэдлэгийн булаг юм. Тиймээс номыг хүндэлж уншдаг байх хэрэгтэй.

YOLOНом ...-тэй хамт гайхалтай төгс зохицдог.

- Би номыг ширээн дээр суугаад унших дуртай. Ном ширээ хоёр гоё зохицдог.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Эдийн засаг, хувь хүний хөгжлийн номыг сонсдог хэлбэрээр нь “унших” дуртай. Харин уран зохиол, философийн номыг цаасан хэлбэрээр нь унших дуртай.

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- “Номын хулгай, хулгай биш” гэх үзэл бодолтой санал нийлдэггүй. Хүн таалагдсан номондоо хайртай болчихдог учраас ном уншдаг ихэнх хүн бусдын номыг хүндэлдэг. Тиймээс би хүний хайртай номыг хулгайлахыг муу зүйл гэж бодож байна.

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Ажил дээр маань шалнаас тааз хүрсэн өндөр номын сан бий. Тэнд хэдэн ном байгааг сайн мэдэхгүй байна. Харин гэрт маань хамгийн багадаа 50 ном нүдэнд харагдахуйц ил байдаг.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Би номоо хүнд зээлүүлдэг. Манай компанийн ажилчид номын сангаас авч уншиж буй номоо сканердаж бүртгүүлдэг тусгай апликэйшнтай. Ийм системтэй учраас ажлынхаа номуудад санаа зовдоггүй.

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Ээжийнхээ бичсэн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг зохиолоор кино хийх юмсан гэж боддог. Гэхдээ маш холын хугацаанд бодож явдаг зүйл. Ойрын хугацаанд тодорхой төлөвлөгөө гаргаагүй байна.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Хүний сонирхол улирал улирлаа дагаад, хийж байгаа ажлаасаа хамаараад өөр өөр байдаг. Тухайн үеийн сонирхолдоо тааруулж уншдаг. Сүүлийн үед олон улсын эдийн засаг, улс орнуудын хямралын түүхийн сэдвээр эрчимтэй уншиж байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн жил уран зохиолын ном уншаагүй.

YOLOНомыг э​х хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Мэдээж монгол хэлээрээ унших дуртай. Зарим номын орчуулгын чанарыг голдог. Үнэхээр тансаг орчуулгатай номыг талархалтайгаар уншдаг. Ирээдүйд олон гоё номыг монгол хэл дээр уран тансаг орчуулагдаасай гэж хүсдэг. Мөн би өөрөө эсээ, бичвэр орчуулах дуртай болохоор хэзээ нэгэн цагт нэгэн цаглашгүй бүтээлийг орчуулна гэж боддог.

YOLOУрилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье!

Цувралын өмнөх дугааруудыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

#Боловсрол #Ном #Заавал унших ном