Батга гарахаас урьдчилан сэргийлэх ЗУРГААН арга


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-19

Батга бол төрөл бүрийн бактериас үүдэн бий болдог арьсны түгээмэл эмгэгүүдийн нэг билээ. Эдгээр бактериуд нь амьдралын буруу хэв маяг, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэн арьсны нүх сүв бөглөрч тос хуримтлагдах үед үржиж эхэлдэг байна.

Хэдийгээр батга гарах шалтгаан харилцан адилгүй боловч дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр батга гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой аж.

1. ДАСГАЛ ХИЙСНИЙ ДАРАА НҮҮРЭЭ ЗААВАЛ УГААХ

Таны нүүрэн дээр батга гардаггүй байсан ч дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа нүүрээ заавал угааж хэвшээрэй. Хөлс нь таны нүүрэнд батга үүсгэгч бактерийг үржүүлэх магадлалтай тул ингэх шаардлагатай гэнэ.

Харин энгийн үед бол нүүрээ өдөрт хоёр удаа хэрэгтэй. Хэтэрхий олон удаа угаах нь эргээд л асуудал дагуулна. Мэдээж нүүрээ зөв угааж байгаа эсэх нь ч эрүүл арьсны үндэс суурь болдог. Тиймээс арьсаа үрж гуужуулахаас татгалзаарай. Харин үүний оронд зөөлөн бүтэцтэй цэвэрлэгч хөөс сонгосон нь дээр.

2. ҮСЭЭ НҮҮРНЭЭСЭЭ ХОЛ БАЙЛГАХ

Таны хуйхны онцлог тослог төрөлд хамаарах бол үсээ долоо хоногт 2-3 удаа угааж хэвшээрэй. Үсэн дээрх тослог нь арьсанд наалдвал батгыг улам ихэсгэнэ. Үүнээс гадна үсний шампунь дахь зарим бодис арьсны нүх сүвийг бөглөх эрсдэл дагуулдаг. Тиймээс зөөлөн, байгалийн гаралтай шампунь болон ангижруулагч сонгон хэрэглээрэй.

Мөн үсний даруулгыг дух болон нүүрэндээ аль болох хүргэхгүй байх хэрэгтэй.

3. БАТГА ХАТААГЧ ХЭРЭГЛЭХ

Нүүрэн дээр гарсан батгаа шахна гэдэг бол хамгийн буруу алхам. Тиймээс оронд нь батга хатаагч тос, чийгшүүлэгч серум сайн хэрэглээрэй. Мөн арьсны эмчид хандаж юуг хэрхэн хэрэглэх ёстой талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн ихэвчлэн тосон суурьтай байдаг учраас арьсны нүх сүв бөглөрч батга гарах эрсдэлтэй тул ийм төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Тос агуулаагүй бүтээгдэхүүн нь “noncomedogenic” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

4. ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААРАХ

Эрүүл хоол хүнс хэрэглэх нь гэрэлтсэн арьсны салшгүй нэг хэсэг юм. Тиймээс бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг элсэн чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Мөн тослог ихтэй сүү нь батга гарахад нөлөөлдөг учраас сүүнийхээ тослогийг зөв тооцож сураарай.

Хүн бүрийн бие махбодын онцлог харилцан адилгүй учраас зарим хүнд тохироогүй хүнсний бүтээгдэхүүн нь батга гарах шалтгаан болж болно. Тиймээс өдөр бүр идэж буй зүйлээ бичиж, тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр таны биед ямар бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлж буйг мэдэж авах боломжтой.

5. НАРНЫ ТОС ТҮРХЭХ

Нарны хэт ягаан туяа нь арьсны улайлт, үрэвслийг нэмэгдүүлдэг. Хэрвээ таны арьс наранд түлэгдвэл тос их хэмжээгээр ялгарч батгаших боломжтой. Мөн батганы эсрэг зарим бүтээгдэхүүн нь арьсыг хэт мэдрэг болгодог. Тиймээс нарны тос түрхэж хэвшээрэй.

Наранд гарахаас 20 минутын өмнө нарны тос түрхээрэй. Нарны тос нь хамгийн багадаа SPF 30 хамгаалалттай байх хэрэгтэй. Мөн нарны тос худалдаж авахдаа “noncomedogenic” гэсэн тэмдэглэгээтэйг сонгож аваарай.

6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙХ

Стресс нь үрэвслийн эхлэл болдог. Өөрөөр хэлбэл, та стресс ихтэй байх тусам арьс чинь өнгөө алдаж, батга гарах магадлал нэмэгдэнэ. Иймээс өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, иогоор хичээллэх, бясалгал хийх зэргээр идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгоорой.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг бууруулах хамгийн шилдэг арга бөгөөд батга гарахаас урьдчилан сэргийлдэг. Иймээс фитнест очих боломжгүй ийм үед MyFitnessPal, JEFIT зэрэг гар утасны аппликэйшн ашиглаж дасгал хийх боломжтой.

Батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын жижиг алхмуудыг ч тоохгүй орхиж болохгүй:

 Ор хөнжлийн даавуугаа долоо хоногт нэг удаа солих. Хэрвээ таны ор хөнжлийн даавуу бохирдож, тослогтсон байвал энэ нь таны арьсанд наалдана гэдгийг санаарай. Ялангуяа дэрний уут бол таны арчлах ёстой хамгийн наад захын зүйл шүү.

 Нүүрний будгаа арилгахгүйгээр унтаж болохгүй. Хэчнээн ядарсан ч нүүрний будгаа заавал арилгаад унтаарай.

 Дасгал хийж байх үедээ хуурай алчуураар хөлсөө арчих. Хэзээ ч хүчтэй үрж арчиж болохгүй.

 Дасгал хөдөлгөөн хийхдээ биед эвтэйхэн хувцас сонгож өмсөх.

 Нүүр будах хэрэгслүүдээ савантай усаар угааж, цэвэр усаар зайлах. Нүүрний багс болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнээ бусад хүнтэй хувааж хэрэглэхээс татгалзаж, ямагт цэвэрлэж байгаарай.

 Батга арилгах эмчилгээний бүтээгдэхүүнийг ойр ойрхон солих нь буруу. Батганы эсрэг бүтээгдэхүүн нь хамгийн багадаа зургаагаас найман долоо хоногийн дотор үр дүнгээ өгдөг. Тиймээс хэдхэн хоног ашиглаад л “нэмэргүй байна” гэж бодож болохгүй. Мэдээж харшил өгөхөөс бусад тохиолдолд шүү дээ.

 Нүүрний илүүдэл үсээ авахдаа болгоомжтой байх. Энэ нь арьсыг гэмтээх, үрэвсэлт батга гарах эхлэл болж болзошгүй.

Эх сурвалж: 5 Minute Crafts

#Зөвлөгөө #Гоо сайхан #Батга #Арьс арчилгаа