Анимэ сонирхогчдын дунд төдийгүй дэлхий дахинаа алдаршиж, кино багийнхандаа гайхалтай амжилтыг авчирсан бүрэн хэмжээний анимэ олон байдаг. Зах зээлийн хувьд өрсөлдөөн ихтэй тул чансаагаараа ялгаран гарч өндөр амжилт үзүүлнэ гэдэг асар их хөдөлмөр, оюун сорьсон ажиллагаа билээ.
Ингээд дэлхий дахинаа алдаршиж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон бүрэн хэмжээний арван анимэг танилцуулж байна.
1. DEMON SLAYER: KIMETSU NO YAIBA THE MOVIE: MUGEN TRAIN (2020)
Ашиг орлого: 414.4 сая ам.доллар
Найруулагч: Haruo Sotozaki
Үйл явдал: Энэхүү нь 2019 онд гарсан "Demon Slayer: Kimetsu No Yaiba" анимийн нэгдүгээр бүлгийн төгсгөлийг хоёрдугаар бүлэгтэй холбох чухал үйл явдлыг харуулсан анги гэдгийг анимэ сонирхогчид андахгүй биз ээ. Чөтгөрийн ангууч Tanjiro Kamado дийлдэшгүй хүчит Kibutsuji Muzan-ы явуулсан чөтгөрийг дарах даалгавар аван Inosuke, Zenitsu нартай мөнхийн галт тэрэг рүү явдаг. Тэднээс урьтаж галын хашира Rengoku ч бас гал тэргэнд суусан байх болно. Тэднийг энэ удаад ямар тулаан хүлээж байгаа бол?
Тайлбар: 2020 онд хамгийн их хүлээлттэй байсан уг анимэ нь өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой анимийн жагсаалтын хоёрдугаар байранд орж, өндөр амжилт үзүүлсэн билээ. Удалгүй он гарч ашиг орлого нь нэмэгдсэнээр олон жилийн турш жагсаалтыг тэргүүлсэн “Spirited Away” (2001) анимэг ардаа орхисон юм.
2. SPIRITED AWAY (2001)
Ашиг орлого: 395.6 сая ам.доллар
Найруулагч: Hayao Miyazaki
Үйл явдал: Chihiro хэмээх бяцхан охин ээж, аавынхаа хамт шинэ гэр лүүгээ нүүхээр холын замд гарна. Замын дунд тэд түр амсхийхээр зогсох боловч сониуч зандаа хөтлөгдөн ойн дундах харанхуй хонгил руу орсноор киноны үйл явдал эхэлдэг. Chihiro охины сүнсний хотод өнгөрүүлсэн хачирхалтай адал явдлаар дүүрэн уг анимэг үзээгүй хүн ховор биз ээ.
Тайлбар: Алдарт Ghibli студийн бүтээсэн энэхүү анимэ нь Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны бүрэн хэмжээний анимэ юм. Ийнхүү кино урлагийн хамгийн том наадмаас шагнал хүртсэн нь дэлхий дахинаа алдаршиж, өдийг хүртэл хүн бүрийн үзэх дуртай анимэ хэвээр байна.
3. YOUR NAME (2016)
Ашиг орлого: 380.1 сая ам.доллар
Найруулагч: Makoto Shinkai
Үйл явдал: Японы алслагдмал тосгонд амьдардаг Mitsuha Miyamizu хэмээх охины сүнс Токио хотын нэгэн хөвгүүний сүнстэй солигдоно. Тэд өдөр бүр бие биенийхээ биед ээлжилж сэрдэг ба энэ нь сүүлдээ тэдэнд зугаатай, хөгжилтэй санагдаж бие биетэйгээ уулзахаар шийднэ. Гэвч тэд өөр цаг хугацаанд амьдарч байгаагаа эцсийн мөчид олж мэдсэнээр киноны үйл явдал улам сонирхолтойгоор өрнөнө.
Тайлбар: “Kimi no Na wa” нь нээлтээ хийсэн даруйдаа Box office-д жагсаж, Японы болон олон улсын киноны шагнал гардуулах ёслолуудаас хэд хэдэн шагнал хүртсэн шилдэг бүтээл юм.
4. HOWL’S MOVING CASTLE (2004)
Ашиг орлого: 235.2 сая ам.доллар
Найруулагч: Hayao Miyazaki
Үйл явдал: Нэгэн залуухан бүсгүй хар шидтэнд хараалгуулснаар гадаад төрх нь хормын дотор өтөлж хөгшрөх бөгөөд цааш амьдрах хүсэлгүй болж, Howl хэмээх шидтэний цайзад үйлчлэгчээр орсноор киноны гол үйл явдал өрнөнө. Хүний гоо үзэсгэлэн гадаад төрхөнд биш дотоод зүрх сэтгэлд оршдог гэдгийг эл бүтээлээс харж болох юм.
Тайлбар: Хамгийн өндөр ашиг орлоготой бүтээлүүдийн тоонд Ghibli студийн хэд хэдэн бүтээл багтсаны нэг нь “Howl’s Moving Castle” юм. Кино зохиолыг Diana Wynne Jones-ын ижил нэрт номоос сэдэвлэсэн бөгөөд мөн л нээлтээ хийсэн даруйдаа Box office-д жагсаж чамгүй өндөр амжилт үзүүлсэн билээ.
5. PONYO (2008)
Ашиг орлого: 203,2 сая ам.доллар
Найруулагч: Hayao Miyazaki
Үйл явдал: Алтан загас Ponyo болон бяцхан хүү Sosuke нарын ид шидийн гэмээр хөгжилтэй адал явдал тэнгисийн эргэн тойронд өрнөх болно. Киноноос эцэг эхийн хайр, нөхөрлөл, байгаль орчин, лус савдгийг хэрхэн хамгаалах тухай суралцах боломжтой.
Тайлбар: Жагсаалтын тавдугаар байранд бичигдэж буй уг анимэ нь Японд нээлтээ хийснийхээ дараа Walt Disney компанитай хамтран АНУ-ын 927 кино театрт нээлтээ хийж, Box office-оос нийт 200 гаруй сая ам.долларын ашиг орлого олж байжээ.
6. STAND BY ME DORAEMON (2014)
Ашиг орлого: 196.6 сая ам.доллар
Найруулагч: Ryūichi Yagi, Takashi Yamazaki
Үйл явдал: Nobita Nobi бол тавдугаар ангийн жирийн нэгэн хүү. Залхуугаасаа болж муу дүнтэй суралцаж, хайртай охиноо өөр хүнд алдаж, ангийн хөвгүүддээ дээрэлхүүлнэ. Түүний энэ нөхцөл байдлыг нь ирээдүйн 22-р зуунд амьдрах ач хүү Sewashi Nobita нь өнгөрснөөр аялах явцдаа олж харах бөгөөд түүнд ирээдүйд учирч болох бүхий л аюул, заналхийлэл, бүтэлгүйтлийг нь сэрэмжлүүлэхээр өөрийн робот муур Doraemon-ыг илгээнэ. Харин Doraemon түүний ирээдүйг өөрчилж чадах болов уу?
Тайлбар: Энэ бол “Doraemon” хэмээх цуврал манганаас сэдэвлэн бүтээгдсэн инээдмийн, шинжлэх ухааны уран зөгнөлт 3D хүүхэлдэйн кино юм. Уг бүтээл 2014 онд нээлтээ хийсэн даруйдаа таван долоо хоногийн турш Box office-ийг тэргүүлсэн байна. Мөн Японы 38 дахь удаагийн “Japan Academy Prize” шагнал гардуулах ёслолоос “Оны Шилдэг Анимэйшн” шагналыг хүртсэн билээ.
7. WEATHERING WITH YOU (2019)
Ашиг орлого: 193.2 сая ам.доллар
Найруулагч: Makoto Shinkai
Үйл явдал: Хөдөө нутгаас Токио хоттой танилцахаар ирсэн өсвөр насны хөвгүүн нэгэн бороотой өдөр цаг агаарыг өөрчилж чаддаг охинтой учирна. Тэрээр борооны дусалд хүрэх төдийд л тэнгэр бороон дуслуудыг буцаад өөртөө татах шиг болно. Өсвөр насны дахин давтагдашгүй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ дахин нэг мэдрэхийг хүсвэл энэхүү анимэг заавал үзээрэй.
Тайлбар: “Kimi no Na Wa” анимийн зохиолч Makoto Shinkai-н дараагийн уран бүтээл болох “Weathering With You” нь мөн л өндөр амжилт үзүүлж, ашиг орлогоороо жагсаалтын долдугаар байранд бичигджээ.
8. POKEMON: THE FIRST MOVIE (1998)
Ашиг орлого: 172.7сая ам.доллар
Найруулагч: Kunihiko Yuyama
Үйл явдал: Эрдэмтэн Fuji амьд зэвсэг бүтээхийн тулд Pokemon Mew-ийн сормуусыг ашиглахыг хүснэ. Түүний хүсэл биелж Mewtwo хэмээх амьд зэвсэг бүтээдэг. Mewtwo ухаалаг нэгэн болж өсөн торних ба лабораторид байсан бусад амьтадтай нөхөрлөн удаан хугацааг өнгөрөөнө. Гэвч тэрээр өөрийн гарал үүслийн талаар мэдсэний дараа хүн төрөлхтнөөс өшөө авахаар шийднэ. Харин түүний эсрэг Ash хүү бяцхан Pikachu болон найзуудын хамт тэмцэнэ.
Тайлбар: “Pokemon” цуврал нь Японы төдийгүй дэлхийн олон улс орны хүүхдүүдийн үзэх дуртай анимийн тоонд багтдаг. Тус франчайзын хүрээнд 1998 онд бүрэн хэмжээний кино нь хийгдэж Японд нээлтээ хийсэн юм. Компьютер графикийн аргаар шинэчлэл хийсэн хувилбар нь 1999 онд АНУ-д нээлтээ хийснээр их хэмжээний ашиг орлого олсон байна.
9. PRINCESS MONONOKE (1997)
Ашиг орлого: 169.8 сая ам.доллар
Найруулагч: Hayao Miyazaki
Үйл явдал: Тус бүтээлд зохиолч, найруулагч Hayao Miyazaki өөрийн үзэл санаагаа нэвт шингээсэн гэж хэлж болох юм. Хүн ба байгаль хоёрын хоорондын уялдаа холбоо, нэг нь нэгнээсээ хэрхэн хамаардаг талаар өгүүлэхээс гадна хүн араатнаас зөвхөн гадна төрхөөрөө л ялгаатай гэдгийг ойлгуулах болно.
10. THE SECRET WORLD OF ARRIETTY (2010)
Ашиг орлого: 145.6 сая ам.доллар
Найруулагч: Hayao Miyazaki
Үйл явдал: Энэ дэлхий дээр оршин буй хүн бүр нүдэнд ил амьдардаг биш ажээ. Шалны завсар, хөндий хананы цаана гээд булан тохойд аж төрөх бяцхан хүмүүс тус бүтээлийн гол дүрүүд юм. Shō хэмээх хүү амралтаараа зуны байшиндаа ирж уйтгартайхан өдрийг өнгөрүүлж байхдаа Arrietty хэмээх хуруун чинээ бяцхан охиныг олж харна.
Тэд аажмаар бие биедээ татагдаж, нөхөрлөж эхлэх боловч хүмүүс үргэлж бяцхан хүмүүст хор хохирол учруулдаг тул Arrietty хэнд ч харагдахааргүй газар луу гэр бүлээрээ явахаар болно.
Эх сурвалж: Wikipedia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх