Б. Бадраа: Нисгэгчид бие бялдар, оюун санааны хувьд ЭРҮҮЛ байх ёстой


Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт “Hunnu Air” компанийн нисгэгч, нислэгийн стандартын мэргэжилтэн Б.Бадрааг урьж оролцууллаа. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Нисэхийн академийг нисгэгч мэргэжлээр, Колорадо мужийн Денвер Метрополитан их сургуулийг сансар ба нисэхийн менежмент чиглэлээр төгссөн ба 2019 оноос “Hunnu Air” компанид агаарын хөлгийн нисгэгчээр ажиллаж байна. Мөн “MARS-V” төслийн багийн гишүүн, “Gertoon Cartoon” студийн продюсер нэгэн.

Аавынхаа мэргэжлийг өвлөсөн Б.Бадраа хүссэн мэргэжлээрээ ажиллахын давуу тал болоод аз жаргалыг бидэнтэй хуваалцлаа.


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа хүүхэд насны тань мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Ихэнх хүүхдүүд багадаа цагдаа эсвэл эмч болно гэж мөрөөддөг бол таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой хүүхэд байв?

- Манай аав нисгэгч болохоор багаасаа л энэ мэргэжлийн сул болон давуу талыг харж өссөн. Надад илүү ойр дотно санагддаг учир хүүхэд байхдаа нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Мөн мэргэжлийн түвшинд шатар тоглодог, шинжлэх ухааны хичээлүүдэд дуртай хүүхэд байсан.

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу? Гэр бүлийнхэн болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Мэргэжил сонголтын хувьд гэр бүлийнхэн минь надад 100 хувь эрх чөлөө өгсөн. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо өөрөө шийдэх боломж олгосон учир энэ мэргэжлийг өөрийн хүслээр сонгож байлаа. Багаасаа нисгэгч болно гэж боддог байсан хэдий ч өсвөр насандаа эргэлзэж Эм Ай Ю дээд сургуульд бизнесийн чиглэлээр элсэн орсон. Гэхдээ өөрийн хүсэл, сонирхол, мөрөөдлийг ойлгож сургуулиа орхиод АНУ-ын Калифорни мужийн Нисэхийн академийг зорьсон юм. Тэнд очоод анхныхаа нислэгийг хийх үед бүгдийг дээрээс харахад маш гүнзгий сэтгэгдэл төрсөн. Тэр үед л мэргэжлээ зөв сонгосон гэдгээ илүү сайн ойлгосон доо.


YOLOНисгэгч болохын тулд ямар зам туулдаг вэ? Шантрах үе байдаг уу?

- Нисэхийн академид маш шахуу программын дагуу зөвхөн мэргэжлийн хичээл үздэг. Одоо бодоход АНУ руу явахаасаа өмнө сайн судалсан бол сэтгэл санааны илүү бэлтгэлтэй очих байсан байх. Гэхдээ өөрийн дуртай мэргэжлээр сурч байсан учир мөрөөдлөө орхилгүй ард нь гарахыг хичээсэн.

Туулах замын хувьд нисгэгчид гурван төрлийн үнэмлэх авдаг:

1. Хувийн нисгэгчийн үнэмлэх,
2. Хэрэглээний нислэгийн үнэмлэх,
3. Коммерийн нисгэгчийн үнэмлэх. Эдгээр үнэмлэхийг авахын тулд дор хаяж 150 цаг багштайгаа хамт болон бие даасан нислэг үйлддэг. Үүнээс гадна үнэмлэх тус бүрт онолын, үнэмлэх олгох, аман болон жинхэнэ нислэгт ур чадварын шалгалт өгнө.

YOLOХүмүүс тэвчээртэй хүн л эмч болж чадна гэж ярьцгаадаг. Харин ямар зан ааш, ур чадвартай хүнд таны сонгосон мэргэжил илүү тохирох бол?

- Бие бялдар, оюун санааны хувьд эрүүл байх нь чухал. Мөн нисгэгчийн бүхээг дотор байгаа хоёр хүн нэг хүн шиг сайн ойлголцох ёстой учир багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Их сургуульд сурч байхад нэг багш маань амжилттай харилцааг ширээний теннисээр харилцахтай зүйрлэж байсан юм. Бөмбөгөө газарт унагаахгүй харилцахын тулд нэгнээ бөмбөгний араас гүйлгэхгүй, хэт чанга эсвэл сул цохихгүй яг л нэг хүчээрээ ижилхэн хурдаар харилцах хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ нь өөрийнхөө санаа, нөхцөл байдлыг нөгөөдөө оновчтой үгээр ойлгуулах болон нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсож хариу өгөхийг л хэлж байсан байх. Мөн сахилга баттай байх, түргэн сэтгэх, удирдах болон удирдуулах чадварыг шаарддаг. Агаарын хөлөг маш хурдтай явж байдаг учир богино хугацаанд оновчтой шийдвэрийг гаргаж, жижиг деталь бүрийг анзаарч байх хэрэгтэй.


YOLOИх сургуулиа сансрын менежмент, нисгэгч чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ?

- Нисгэгч нь зорчигч тээврээс гадна бизнес, онцгой байдал, арми, ачаа тээвэр, газар тариалан, аялал жуулчлал, түргэн тусламж гэх зэргээр дотроо 20 гаруй төрөлд хуваагддаг. Тухайн хүн ямар сонирхолтойгоос хамаарч аль чиглэлд ажиллахаа шийднэ.

Тэтгэвэрт гарсны дараа онолын багш болох, захиргааны байгууллага, авиа компанид ажиллаж болно. Бичих сонирхолтой бол үйлдвэр болон байгууллагын заавар бичих боломжтой. Харин сансар, нисэхийн менежментээр төгссөн бол гадаадад илүү их боломж олдох байх. Тухайлбал, “SpaceX”, “Boeing”, “United Technologies”, “Lockheed Martin” зэрэг гадаадын томоохон компаниудад ажиллах боломжтой.

YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад нөхцөл байдал өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Анх удаа нислэг хийсэн тэр үеэ эргэн дурсвал.

- Оюутан байхдаа зорчигчгүй агаарын хөлгөөр ихэвчлэн багштайгаа хамт нисдэг байсан. Харин анх ажлын байран дээр гарахад маш их хариуцлагыг хүлээх болсон. Анх “ATR72-500” загварын Итали, Францын хамтарсан үйлдвэрийн онгоцоор нисэж байлаа. Бие даасан нислэгээр Дорнод руу явсан юм.

Гэхдээ сургуулиа төгсөөд шууд л нисгэгч болчихдоггүй л дээ. Олон хүний амь настай холбоотой чухал ажил учраас мэргэжлийн сургалт, урьдчилсан бэлтгэлд хамрагдаж, багштайгаа 200-300 цаг ниссэний эцэст бие даасан нислэг хийдэг.


YOLOТэр цагаас хойш та нийт хэдэн нислэг хийсэн бэ? Нисгэгч мэргэжлийг сонгосон хүний гол анхаарах зүйл юу вэ?

- 2019 оноос хойш агаарт 1,800 орчим цаг ниссэн. Нисгэгчийн ажлыг цагаар тооцдог юм. Сэтгэл санаа, ур чадвар, эрүүл мэнддээ анхаарч, салбарынхаа мэдээллийг байнга уншиж судлах ёстой. Мөн технологид суурилсан салбар учраас шинийг байнга эрэлхийлж, суралцаж байх нь чухал.

YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу талтай вэ?

- Миний хувьд хамгийн том давуу тал бол дуртай зүйлээ хийж, аз жаргал мэдэрч амьдрах. Мөн ажлынхаа хажуугаар аялах боломж нээгддэг. Сул тал нь тэмдэглэлт өдрүүдэд гэр бүлээсээ хол байх тохиолдол олон. Нойрны цикл өөрчлөгддөг учир эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй. Цаг агаар үргэлж сайхан байдаггүй. Хариуцлага өндөртэй мэргэжил учраас түүнийгээ дагаад стрессдэх үе цөөнгүй.


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

- Нисгэгчид компаниас заасан цагийн хуваарийн дагуу ажилладаг. Тухайлбал, 24 цагийн 10 цагт нь нисдэг. Сардаа дээд тал нь 100 цаг, жилдээ 1000 цаг нисэх ёстой. Онцгой тохиолдолд илүү цагаар ажиллах үе бий.

YOLOТа нисгэгчээс гадна "MARS-V" төсөл “Gertoon Cartoon” студид ажилладаг шүү дээ. Эдгээр ажлынхаа тухай товч тайлбарлавал.

- "MARS-V" төслийн хувьд дотроо гурван үндсэн чиглэлд хуваагддаг. Үүнд, нэгдүгээрт тэсэж туулах, дасан зохицох цогц сургалтын академи, хоёрдугаарт сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс, гурав дахь нь эдгээрийг дагаад дагуул хот байгуулах. Ангараг гарагийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилго болсон. Тэнд тулгарах сорилтыг даван туулахын тулд дэлхий дээр бэлтгэлээ хангах хэрэгтэй. Олон улсын судалгаагаар Монголын говийн уур амьсгал Ангараг гарагтай хамгийн ойр очно гэсэн байдаг. Энэхүү олон улсыг хамарсан том төсөлд өөрийн хувь нэмрээ бага ч атугай оруулж байгаа нь миний хувьд үнэ цэнтэй санагддаг. Энэ төслийн чөлөөт бүс болон тогтвортой ложистик гэсэн хоёр багт харьяалагдан ажиллаж байна.

АНУ-руу явахаасаа өмнө найзуудтайгаа хамтран “Nigun Entertainment” студийг байгуулж байсан ч одоо бол бүтэц, нэрийн хувьд өөрчлөгдсөн. Энэхүү студийн шинэ төслүүдэд продюсерийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. 



YOLOТа ажилдаа ямар үндсэн зарчмыг баримталж ажилладаг вэ? Нислэгт гарахын өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг тухайгаа яривал.

- Нислэгт гарахын өмнө нойроо хангалттай хэмжээнд авахын тулд тайван унтаж амрахыг хичээдэг. Сэтгэл санааг тавгүйтүүлэх мэдээнээс хол байж бясалгал хийх нь үр дүнтэй санагддаг. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь манай салбарын үндсэн зарчим. Харин аюулгүй байхын тулд ажилдаа мэргэжлийн хандах хэрэгтэй. Алдаа гаргах эрхгүй учир нислэгтэй үед ажилдаа хариуцлагатай, мэргэжлийн хандахыг хичээдэг.

YOLOНисгэгч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ? Таны хувьд ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?

- Зорчигчдыг зорьсон газар нь саадгүй хүргээд тухайн нислэгийн үүргийг амжилттай дуусгах үед сайхан санагддаг. Онгоц хөөрөх болон буух үед нисгэгчээс анхаарал, мэдрэмж хамгийн их шаарддаг. Тиймдээ ч нислэгийн хамгийн гоё мөч нь юм болов уу. АНУ-ын алдарт нисгэгч Chuck Yeager “Ямар ч буултаас алхаад харьж байвал тэр сайн буулт” гэж хэлсэн байдаг.


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Олон улсын судалгаанд нисгэгчийн мэргэжил ойрын жилүүдэд устах боломжгүй гэж үзсэн. Хиймэл оюун ухаан хөгжиж байгаа хэдий ч хүний мэдрэмжид суурилсан дүгнэлт гэдэг маш чухал зүйл. Харин технологи үүнийг 100 хувь орлож чадахгүй. Онгоц бүрэн автомат хэдий ч нисгэгчид байнгын хяналт тавьж байдаг.

Шийдвэр гаргахад хүний сэтгэлзүй, мэдрэмж, мэдрэхүй чухал нөлөөтэй. Үүнийг компьютерт оруулах амархан биш. Бид нарын харж, сонсож, үнэртэж буй мэдрэмжид суурилсан мэдээллүүд маш үнэ цэнтэй бөгөөд чанартай. Хүнийг хиймэл оюун ухаан шатраар ялдаг гэдгийг дэлхий нийтэд харуулсан ч хүмүүс шатрыг тоглосоор л байна. Технологи бид нараас илүү гарсан ч зогсохгүй хэвээр байх юм. Хүн өөрөө жолооддог машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо үргэлж айдастай байхад өөрөө нисдэг онгоцонд бөөн бөөнөөрөө суухдаа сэтгэл зүйн хувьд тайван, итгэлтэй болоход нэлээн цаг хугацаа шаардагдах байх.

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад нисгэгч чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Энэ чиглэлээр АНУ тэргүүлэх эгнээнд явж байна. АНУ-ын сургалтын систем, академик боловсрол дэлхийд тэргүүлдэг ба нисэх, сансрын чиглэлийн топ сургуулиуд бүгд тэнд байдаг.


YOLOМонгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ?

- Монголд эрэлт хэрэгцээ их байна. 2019 онд дэлхий нисгэгчдийн дутагдалд орж байсан. Дараагийн арван жилд энэ салбарт маш олон нисгэгчийн хэрэгцээ бий болно гэх судалгаанууд ч байдаг. Монголд ч адилхан. Одоогоор цар тахлын улмаас түр зогсолтод орсон ч 2022 оны эхээр эрэлт хэрэгцээ нь буцаад нэмэгдэх болно.

Цар тахал намжихад хүмүүс аялах нь тодорхой. Дайны дараах үед төрсөн их төрөлтийн үеийнхэн дунд олон нисгэгчид байдаг. Тэдний тэтгэвэрт гарах цаг нь болчихсон. Монголд ч ойрын таван жилд маш олон нисгэгч тэтгэвэрт гарах учраас эрэлт хэрэгцээ нь нэмэгдэхээс биш буурахгүй.

YOLOНисгэгч хүний өдөр тутмын амьдрал их сонирхолтой өнгөрдөг юм шиг санагддаг. Таны энгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Цар тахал хэрхэн нөлөөлж байна.

- Цар тахлын улмаас нислэг багатай байна. Сардаа 2-3 нислэг хийж байгаа болохоор бусад ажлууддаа цаг гаргаж ажиллах болсон. Нислэгтэй өдөр нислэгээс гурван цагийн өмнө өөрийгөө бэлддэг. Ажлын унаа хоёр цагийн өмнө ирж авна. Ажил дээр очоод нислэгийн бэлтгэл, цаг ууртай танилцдаг даа.


YOLOЦаашид карьераа хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа юу? Ирээдүйд зорьж буй хамгийн том зорилгоосоо хуваалцаач?

- Нисгэгч мэргэжлийн хувьд “Boeing 787”, “Boeing 777”, “A350” зэрэг агаарын хөлгийн ахмад болж, олон улсын томоохон нислэгийн компаниудын нэг хэсэг болох мөрөөдөлтэй. Мөн Монголын нисэхийн салбарын түүхэнд хувь нэмрээ оруулах зорилготой. Тиймээс их сургуулиа төгсөөд шууд Монголдоо ирсэн. Тухайн үед АНУ-ын “Jepessen” компанид ажиллах боломжтой байсан ч түүнийгээ орхиод эх орондоо ирж байлаа.

YOLOТаны ярилцлагыг нисгэгч мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхэд, залуус уншина. Энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч.

- Хамгийн чухал нь тэвчээртэй, хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Шантармаар үе олон тохиолдох ч үнэхээр энэ мэргэжилд дуртай бол хэзээ ч шантрахгүй. Эхлээд өөрийгөө сонс. Өнгөцхөн хараад гоё гэхээсээ илүүтэй маш олон талаас нь судлаарай. Цаг хугацаа, санхүү ч их шаарддаг.

Нисгэгч нарын англи хэлний мэдлэг мэргэжлийн түвшинд байх ёстой. Ер нь нисгэгч гэлтгүй бүх салбарт хэлний мэдлэг шаардлагатай. Олон хэлтэй байвал давуу тал болно. Шинжлэх ухаанд хайртай, математик сэтгэлгээтэй байх нь чухал. Онгоц ид шидээр бус физикээр нисэж байгаа учир энэ талын мэдлэг мэдээлэлтэй байгаарай.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Мэргэжил сонголт #Нисгэгч