“Аминчхан яриа” цувралын ээлжит дугаараар жирэмслэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хүргэж байна.
Энэхүү мэдээллийг бэлтгэхдээ Эрүүл мэндийн багш нарт зориулсан “Бэлгийн боловсрол” сургалтын гарын авлага, ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамж”-ийг эх сурвалжаа болгосон болно.
ХҮҮХЭД ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?
Өндгөн эс болон эр бэлгийн эс нийлж, умайн хөндийд нэвтрэн орж бэхлэгдсэнээр жирэмслэлтийн үйл явц эхэлдэг. Өөрөөр хэлбэл жирэмслэлт нь бэлгийн хавьтлын үр дүнд бий болох ба шодойноос гадагшилсан эр бэлгийн эс үтрээ рүү орсноор үүсдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн өндгөн эс гадагшлах буюу овуляцийн үед үтрээнд эр бэлгийн эс орж таарвал жирэмслэлт үүсэх магадлал өндөр байдаг байна.
Жирэмслэлт нь 40 долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд эмэгтэй хүний бие махбодод маш олон өөрчлөлт гардаг.
ЖИРЭМСЛЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД
Орчин үед залуу хүн бүр мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай чухал зүйлсийн нэг бол гэр бүл төлөвлөлт юм. Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хосууд өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалдаа тохируулан хэт эрт биш, хэт орой биш насандаа, хэт хол биш, хэт ойр биш зайтайгаар хүссэн тооны хүүхдээ төрүүлнэ гэсэн үг.
Эмэгтэйн хувьд 20-30 насандаа 2-3 жилийн зайтайгаар хүүхэд төрүүлэх нь хамгийн тохиромжтой гэж зөвлөдөг. Учир нь энэ насанд жирэмслэлт, төрөлтийн явц хүндрэл хамгийн багатай бөгөөд хүүхэд эрүүл төрөх магадлал хамгийн өндөр байдаг.
Гэр бүл төлөвлөлтийг хэрэгжүүлэх гол үндэс нь жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн, найдвартай арга хэрэгсэл хэрэглэх явдал бөгөөд хамгаалах хэрэгсэл нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, жирэмслэлтээс үр дүнтэй хамгаалдаг, хүний биед хор нөлөөгүй байвал зохистой.
Өндгөн эс өндгөвчнөөс боловсорч гадагшлах хоногуудад бэлгийн хавьтлыг түр тэвчих эсвэл бэлгэвч хэрэглэх арга. Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12-16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндгөн эс гадагшлах хугацаа өөрчлөгдөж болно. Ийм шалтгааны улмаас хуанли хөтлөх арга нь үр дүнгүй байх тохиолдол байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Өндгөн эс боловсрон гадагшилж, үр тогтох чадвартай байх үед нь эр бэлгийн эс нийлэхээс сэргийлнэ.
Санамж: Хэрвээ та өөрийнхөө сарын тэмдгийн онцлогт тохируулан хуанли хөтлөх аргыг туршиж үзэхийг хүсвэл ЭНД дарж өндгөн эс боловсрох хугацаагаа тооцоолоорой.
Эрэгтэй бэлгэвч нь шодойд углах, эмэгтэй бэлгэвч нь үтрээнд байрлуулах зориулалттай нимгэн уутан хэрэгсэл юм. Эрэгтэй бэлгэвчийг суналт сайтай латекс материалаар хийдэг бол эмэгтэй бэлгэвчийг харьцангуй бага суналттай полиуретанаар хийсэн байдаг.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Үрийн шингэн үтрээнд орохоос тусгаарлана.
Санамж: Хэрвээ бэлгэвчийг ашиглах зааврын дагуу зөв хэрэглэвэл үр дүн нь 98 хувь байдаг гэж үздэг. Энэ нь бэлгэвчийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болгож ашигласан 100 хүн тумын хоёр нь жирэмсэн болох магадлалтай байдаг гэсэн үг юм.
Энэ нь эмэгтэйн өндгөвчнөөс ялгардаг эстероген, прогестерон гэдэг даавруудыг синтезийн аргаар үйлдвэрлэн маш бага тунгаар агуулсан шахмал эм юм.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Өндгөвчинд өндгөн эс боловсрох явцыг дарангуйлна.
- Умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэхэд саад болно.
- Үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдэхээс сэргийлнэ.
Санамж: Дааврын хавсарсан эмийг хэрэглэхдээ мэргэжлийн эмчтэй зөвшилцөж, тусгай зааврын дагуу ууж хэрэглэнэ.
Энэ нь эм бэлгийн даавруудаас зөвхөн прогестерон агуулсан, 1 миллитрээр савлагдсан тариа юм.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахыг зогсооно.
- Умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэхэд саад болно.
- Үр тогтсон өндгөн эс умай салстад бэхлэгдэхээс сэргийлнэ.
Санамж: Дааврын тариаг мэргэжлийн эмчтэй зөвшилцөж ярилцасны үндсэн дээр эмнэлэгт тариулах шаардлагатай.
Умайн хөндийд байрлуулдаг, жижигхэн, зэс ороомог бүхий пластик хэрэгсэл. Олон янзын хэлбэртэй байх боловч Т үсэг шиг хэлбэртэй нь өргөн хэрэглэгддэг.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох
- Эр бэлгийн эсийн амьдрах орчныг таагүй болгох
- Үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдэхэд нь саад болох
Санамж: Ерөндөг тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн умай, үтрээ, гадна бэлэг эрхтний үрэвсэлт эмгэг, өөрчлөлтүүд байгаа эсэхийг тодруулах, шаардлагатай бол заавал эмчлүүлж эдгэрсний дараа тавиулна.
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсны дараа 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс сэргийлэх зорилготой прогестерон агуулсан дааврын шахмал эм.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдэх явцыг дарангуйлна.
- Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг зогсооно.
Санамж: Яаралтай ууж жирэмслэлтээс сэргийлэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон, бэлгэвч хэрэглэсэн боловч үрийн шингэн үтрээнд орсон тохиолдолд уух бөгөөд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Бэлгийн хавьтлын өмнө үтрээнд хийх зориулалттай ноноксинол-9 гэдэг бодис агуулсан хөөс, гель, лаа хэлбэртэй бэлдмэлүүд.
Жирэмслэлтээс сэргийлэх үйлдэл:
- Ноноксинол-9 хэмээх бодис нь эр бэлгийн эсийг үхүүлж идэвхгүй болгоно.
- Умайн хүзүүний сувгийг таглаж эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулна.
Бэлгийн хавьтал үйлдэхгүй байх буюу тэвчих нь хүсээгүй жирэмслэлтээс зайлсхийх хамгийн үр дүнтэй арга юм. Тэвчих аргыг ашигласнаараа сэтгэл санааны таагүй байдалд орохгүй байх, үр хөндөлт хийлгэхгүй байх, суралцаж хөгжих боломжоо алдахгүй байх, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, өсвөр насандаа ээж болохгүй байх зэрэг олон ач холбогдолтой.
Мэдээж жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай тул мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авсны үндсэн дээр аль аргыг ашиглахаа шийдэх нь зүйтэй. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй аваарай.
Хосуудын харилцаа, бэлгийн амьдралын талаарх шийдвэр гаргалтынхаа талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.
“Аминчхан яриа” цувралын дараагийн дугаараар бэлгийн боловсролтой холбоотой мэдэхийг хүсэж буй сэдэв, асуултууд байвал oyunerdeneorkhonkhuu@gmail.com хаягаар холбогдоорой.
Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх