Өдгөө 27 настай дуучин Justin Bieber Америкийн “GQ” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Ингэхдээ тэрээр өсвөр насандаа дэлхийн хэмжээний од болохын хор уршиг, үүнээс урган гарсан сөрөг үр дагавар зэрэг өөрийн тэр бүр яриад байдаггүй сэдвүүдийн тухай ярьжээ.
Канад улсаас гаралтай өсвөр насны хүү Justin Bieber-ийн YouTube сувагтаа байршуулсан бичлэг нь “So So Def” дуу бичлэгийн студийн маркетингийн захирал асан Scooter Braun-ы хараанд өртсөнөөр түүний агуу амжилтын эх тавигдсан гэж хэлж болно. Тухайн үед Bieber дөнгөж 13 настай байлаа.
Үүнээс хойш тэрээр шинэ уран бүтээл дээр ажиллах, цомог гаргах, аялан тоглолт хийх, төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцох гээд толгой өндийх завгүй ажилласан гэж хэлж болно. Гэвч найз нөхөдтэйгөө тоглох, суралцах, цагийг зугаатай өнгөрөөх насан дээрээ амрах ч завгүй хөдөлмөрлөсөн түүний олон нийтийн өмнө хийх үйлдэл “хачирхалтай” болж эхлэв.
Ингээд Bieber 2014 оноос эхлэн согтуугаар жолоо барих, хөршийнхөө гэр лүү өндөг шидэх, мансууруулах бодис хэрэглэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утга бүхий наргиа хийх тэргүүтэй олон асуудал үүсгэж эхэлсэн юм.
Үүнээс дөрвөн жилийн дараа тэрээр загвар өмсөгч Hailey Baldwin-тай гэрлэсэн бөгөөд дараа жил нь сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд дуу хөгжмийн ертөнцөөс түр завсарлаж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.
Түүнд карьерынх нь туршид зүгээр л энгийн нэгэн байхыг хүссэн үе цөөнгүй байжээ. Тухайлбал, нэгэн удаа тэр урлагийн карьераасаа түр ч атугай завсарлага авахын тулд өөрийн гадаад паспортыг алга болгочихсон гэж худлаа хэлж байсан удаатай аж. Ийнхүү тэрээр “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:
- “Харьяалагддаг дуу бичлэгийн студийнхэн маань “Дараагийн долоо хоногт чухал нэвтрүүлэгт оролцох ёстой байж паспортоо алга болгочих ч гэж дээ. Шинийг захиалахад удна шүү дээ” хэмээн бухимдаж байсан. Гэхдээ би тухайн үед энгийн амьдралаар хоромхон хугацаанд ч болов амьдрахын тулд юуг ч хийхэд бэлэн байсан юм” гэжээ.
Bieber хэдийгээр бидний нүдэнд үргэлжийн мөнх гялалзсан амжилттай яваа нэгэн шиг харагддаг байсан боловч доройтох үе ганц хоёроор зогсохгүй байжээ.
- “Би эхэндээ амжилтад л хүрчихвэл бүх зүйл сайхан болно гэж боддог байсан. Гэвч хэчнээн нэр хүндтэй шагнал хүртэж, хэчнээн өндөр амжилтад хүрсэн ч гунигтай, сэтгэлийн зовиуртай хэвээрээ л байлаа. Тиймээс амьдралыг цааш даван туулахад минь нэг хэсэг мансууруулах бодис тусалж байсан гэж хэлж болох юм.
Зарим шөнө бие хамгаалагчид маань намайг амьд байгаа эсэхийг мэдэх гэж зүрхний цохилтыг минь шалгадаг байсан.
Сэтгэл дотроо маш том мөрөөдөлтэй залуу байна гээд төсөөл л дөө. Нэг өглөө сэрэхэд чи амжилтад хүрсэн байх ч аз жаргалгүй нэгэн хэвээрээ л байх болно. Тэр үед сэтгэл дотор минь ийм хоосон мэдрэгдэх юм бол амжилтад хүрэх хэрэг юу байна аа гэж бодогдсон юм”.
Эх сурвалж: GQ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх