Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал элбэг тохиолдож байна. Сэтгэлзүйн эдгээр тогтворгүй байдал нь түр зуурынх бөгөөд сэтгэл санаагаа тайван байлгаж “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандах”-ыг ДЭМБ-аас уриалсаар байгаа юм.
Хэрэв таны эргэн тойрны хүмүүст эсвэл өөрт тань дээрх асуудал тулгарч буй бол дараах зөвлөгөөг сайтар уншин дагаж мөрдөхийг зөвлөе.
1. ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙХ
Эерэг хандлагатай байх гэдэг нь халдвар тусахгүй гээд анхаарал болгоомжгүй явж болно гэсэн үг биш юм. Олон нийтийн сүлжээ болон нийгмийн дунд тархаад буй элдэв сөрөг мэдээлэлд автаж, сэтгэлзүйгээрээ хохиролгүй аль болох эерэг мэдээ мэдээлэл уншиж, өөрийгөө болоод дотнын хүмүүстээ эерэг хандлага түгээгээрэй.
2. ИНЭЭМСЭГЛЭХ, ХОШИН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ
Инээмсэглэх нь олон талын ач тустай. Хүн инээмсэглэхэд тархи автоматаар аз жаргалын гормон ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ үеэр 230 булчин тэнийдэг байна. Тиймээс стрессдэж, бухимдаж буй хэн нэгэнд аз жаргал бэлэглэж өөрийгөө ч эерэг цэнэгээр дүүргээрэй.
3. АЛИВААД УУР УЦААРГҮЙ, ТАЙВАН ХАНДАХ
Бид өдөр бүр л эерэг, сөрөг олон үйл явдлуудтай тулгардаг. Гэвч аливаад хүлээцтэй хандаж, асуудлыг тайван арга замаар шийдвэрлэх нь стрессийг бууруулж, дархлаа унахаас сэргийлдэг байна.
4. БИЕ БИЕДЭЭ УРАМ ӨГӨХ
Өнөөдөр хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол бие биедээ урам, сэтгэлийн дэм өгөх юм. Хүн ямарваа нэгэн хүнд нөхцөл байдалд орсон үедээ хэн нэгнээс сэтгэлийн дэм авч, урмын үг сонсоход тухайн асуудлыг даван гарахад зарцуулагдах эрч хүчний 70-80 хувийг бий болгосон байдаг ажээ.
5. ХАЛДВАРЫН МЭДЭЭЛЛИЙГ АЛБАН ЁСНЫ ЭХ СУРВАЛЖААС АВАХ
Олон нийтийн сүлжээнд тавигдаж буй мэдээ, мэдээлэл бүр үнэн байх албагүй. Ялангуяа Фэйсбүүк дээр хувь хүний бичсэн нийтлэл, албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл, хуурамч хаягаас хуваалцсан мэдээ зэргээс болгоомжилж аливаад шүүлтүүртэй хандан, халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна.
6. ЦАХИМ ОРЧИНД ЦАГ БАГА ЗАРЦУУЛАХ
Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүмүүс өдрийг олон нийтийн сүлжээгээр хэсүүчилж өнгөрөөх нь элбэг. Энэ нь хараа муудах, замбараагүй мэдээлэл хүлээн авсны улмаас толгой дотор олон бодол эргэлдэж сэтгэл санаа хямрах зэрэг олон сөрөг нөлөөтэй. Тиймээс гэртээ чөлөөт цагаа цахим орчинд зарцуулахын оронд өөрийгөө хөгжүүлэх зүйлс туршиж үзээрэй.
7. СӨРӨГ МЭДЭЭЛЭЛД АВТАХГҮЙ БАЙХ
Интернетэд олон цаг зарцуулахын бас нэгэн сул тал нь сөрөг мэдээлэлд автах юм. Сөрөг мэдээлэл нь сэтгэл санаа таагүй болгох, дархлаа унагаах зэрэг хортой нөлөө үзүүлдэг байна.
8. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Сэтгэл санаа тавгүй аль эсвэл толгой дотор олон бодол эргэлдэж, стрессдсэн үедээ тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг санал болгож байна. Өөрт төрж буй мэдрэмжүүдээсээ эхлээд тухайн өдрийн үйл явдлууд, хийхийг хүссэн зүйлс болон санаа зовоож буй асуудлууд гээд дуртай зүйлээ бичээрэй. Энэ нь сэтгэл санааг тайвшруулах, стрессийг бууруулах, тархийг сэргэг байлгах зэрэг олон талын ач тустай юм.
9. ГЭР БҮЛ, ДОТНЫН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ БАЙХ
Хэрвээ гэртээ ганцаараа эсвэл гэр бүл, хайртай дотнын хүмүүсээсээ хол байгаа бол тэдэнтэйгээ тогтмол холбогдож, ярилцаж, өөрт төрж буй мэдрэмжүүдээ хуваалцаарай. Ер нь бид хайртай хүмүүсээсээ л эрч хүчээ нөхөж авдаг шүү дээ.
10. ӨӨРТӨӨ ИЛҮҮ ИХ АНХААРАЛ ТАВИХ
Та эргэн тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьсаар өөрийгөө хамгийн сүүлд үлдээдэг нэгэн биш биз? Бусдыг хайрлах нь өөрийгөө хайрлахаас эхэлдэг учир өөртөө цаг гаргаж, илүү их анхаарал тавиарай. Хаврын эдгээр өдрүүдэд өдөржингөө ажилласан бол халуун ваннд хэвтэх, арьсаа арчлах, амин дэм уух гээд өөрт хэрэгтэй зүйлсээ хийж, дархлаагаа дэмжихийг санал болгож байна.
11. ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРӨӨХ
Хөл хорионы үед хүн өдөрт 8-9 цагийг унтаж өнгөрүүлдэг гэж бодоход бусад зайлшгүй зарцуулах шаардлагатай зүйлсийн цагийг хасвал дор хаяж 4-5 цаг чөлөөтэй гарна. Энэ хугацаанд хэлээ сайжруулах, дасгал хийх, уншиж дуусгаагүй номоо унших, нийтлэл бичих, гэрээ цэвэрлэх зэрэг үр бүтээлтэй зүйлсэд цагаа зарцуулахыг зөвлөе.
12. ЗӨВ ХООЛЛОХ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, ЭРТ УНТАХ
Зөв цагтаа зөв хооллох, 20-30 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулах, эрт унтаж бүтэн нойроо авах зэрэг хамгийн энгийн дадлууд л эрүүл, урт удаан амьдрахын нууц гэдгийг үргэлж санаарай.
13. АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Стрессдсэн үед хүмүүс согтууруулах ундаа, тамхи зэрэг донтуулагч бодис агуулсан зүйлс хэрэглэх нь элбэг байдаг. Гэвч эдгээр нь тухайн үеийн таагүй мэдрэмжийг агшин зуурт л арилгадаг бөгөөд стрессийг бүрэн тайлах, сэтгэл санааг тайвшруулах чадваргүй юм. Тиймээс үүний оронд цэвэр зөгийн балтай ус эсвэл тайвшруулагч ногоон цай ууж хэвшээрэй.
14. КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
- Халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтой бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны хаалт зүүх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар явахгүй байх
- Бусадтай гар барих, үнэсэхээс зайлсхийх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Шүлсээ хаяхгүй байх
Эх сурвалж: ЭМЯ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх