Компьютер тоглоомын насны ангиллыг ТАНЬЖ СУРЦГААЯ


Цацаа | YOLO.MN
2021-04-13

Тоглоом үйлдвэрлэгчид тоглоомыг гаргахдаа тухайн тоглоом ямар насныханд тохирсон, ямар насныханд тохирохгүй талаар дэлхийн хэд хэдэн байгууллагаас үнэлгээ авдаг. Энэ төрлийн үнэлгээ аваагүй тохиолдолд тухайн улсын, бүр цаашлаад олон улсын зах зээлд тоглоомоо гаргах боломжгүй болдог.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн насны ангилал тогтоогч хэд хэдэн байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь ESRB болон PEGI нар юм. Эдгээр байгууллагууд нь бусдаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. ESRB нь Entertainment Software Rating Board гэсэн үгний товчлол ба Канад болон АНУ-д гаргасан тоглоомуудад хяналт тавьдаг байгууллага юм.

Тоглоомын зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу үйлчлүүлэгчид нь АНУ-д байдаг тул энэ байгууллагаас үнэлгээ авалгүйгээр худалдаанд гарсан тоглоом бараг байхгүй гэж хэлж болно. Иймд одоо ашиглаж буй компьютер тоглоомын төрөл ангиллыг бид энэ байгууллагын ангиллаас харж болно.


Бага насныханд. Энэ ангилалд 3-10 насны хүүхдүүд хамаарах бөгөөд 1994 оноос эхлэн мөрдөж эхлэсэн байна. 3-аас доош насны ангилалд багтсан тоглоомд "Сургалтын" гэсэн үнэлгээ өгдөг ба тийм үнэлгээ авсан тоглоомд тусгай тэмдэглэгээ хэрэгцээгүй байдаг байна. Энэ төрлийн тоглоомууд нь хэнд ойлгомжтой, өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд тоглох хэлбэр нь ч мөн адил энгийн байдаг. Мөн ямар нэг хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл гэх мэт зүйлсийг огт агуулааагүй байдаг байна


Бүх насныханд. Энэ ангилал нь хамгийн түгээмэл байдаг ба 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн баатрууд, уран зөгнөл, маш бага хэмжээний хүчирхийлэл агуулдаг. Бага хэмжээний хүчирхийлэл гэдэг нь тоглоомын баатрууд эсрэг талынхнаа цохих, дээр нь гарах гэх мэт. Энэ ангиллыг 1998 оноос мөрдөж эхэлжээ.


10-с дээш насныханд. Энэ ангилал нь 10-с дээш насныханд буюу арай учир ойлгодог болсон хүүхдэд зориулсан аж. Энэ ангиллын тоглоомууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг. Гэхдээ хүүхэд 10-с дээш насных бол эдгээр нь ямар нэг хортой эсвэл буруу зуршил өгөх зүйл байхгүй гэж үздэг. Энэ ангиллыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн.


Өсвөр насныханд зориулсан буюу 13 болон түүнээс дээш насныханд. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, цус, мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг. Гэхдээ энэ нь тийм их санаа зовохоор хэмжээнд биш бөгөөд 13 насны хүүхдүүд тоглоом гэдгийг ойлгохуйц болсон байдаг тул хор нөлөө үзүүлэх нь бага гэж үздэг.


17 болон түүнээс дээш насныханд. Энэ ангилалд секс дүр төрх, цус, ёс бус үг хэллэг, согтууруулах ундаа зэрэг зүйлс агуулсан тоглоомууд багтана.

Хэрвээ энэ төрлийн тоглоомыг 17-с доош насны хүүхэд тоглохыг хүсвэл насанд хүрсэн хүн хажууд нь байж тоглоом гэдгийг ойлгуулж, эдгээр зүйлсийн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. 


Зөвхөн насан хүрэгчдэд. Дэлгүүр ийм төрлийн тоглоомуудыг хүүхдэд худалдаалах ёсгүй ба архи, тамхины адилаар зөвхөн насанд хүрэгчдэд л худалдаална. Энэ төрлийн тоглоомууд хүчирхийлэл, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан байдаг. Өсвөр насныхан энэ төрлийн тоглоомоос зайлсхийх хэрэгтэй.


Тоглоомын насны ангиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Сонин хачин #Видео тоглоом #Насны ангилал