Шилдэг анимэйторууд хийж байсан хамгийн АЖИЛЛАГААТАЙ анимэйшнээ нэрлэлээ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-04-07

Бидний нэрлэж заншсанаар animation нь дүрс болон биетийг хөдөлгөн амь оруулах гэсэн утгатай үг билээ. Гэвч анимэйшн хийнэ гэдэг нь хэдхэн дүрсийг хөдөлгөөнд оруулна гэсэн үг биш аж. Нэг анимэйшнийг бүтээхэд найруулагч, продюсер, продакшны дизайнер, зураач, анимэйтор, гэрэлтүүлэгч, хянагч гээд маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулагддаг байна.

Бид бүхний мэдэхээр өнгөрсөн Зул сарын баяраар нээлтээ хийсэн “Soul” анимэйшн гарсан даруйдаа бодит мэт сэтгэгдэл төрүүлэх нарийн дүрслэл, хийцээрээ кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид бүтээгчдээсээ чамгүй хэмжээний хүчин чармайлт шаардан бүтсэн анимэйшнуудыг онцлон хүргэж байна.

1. The Secret of NIMH (1982)

“NIMH-ийн нууц” анимэйшний Jenner, Justin нарын тулааны хэсгийг хийсэн зохиолч, найруулагч Don Bluth 1982 онд анх удаа тулаант үзэгдэл дээр ажиллажээ. Түүний хувьд тулааны үзэгдлийг дүрслэх нь юу юунаас хэцүү байж. Учир нь аль ч төрлийн тулааны урлагийн талаар мэдлэггүй байсан тэрээр үзэгдлээ бодит мэт болгохын тулд тулаантай кинонуудыг хэдэн арваар нь үзжээ.

Гэвч тэрээр зөвхөн дайн тулааныг дүрслэхийг хүссэнгүй. Түүний хүсэл бол гол дүрийн баатрууд юуны төлөө тэмцэж байгаа буюу киноны цаад философийг үзэгчдэд хүргэх байв. Тийнхүү Don чамлахааргүй хэмжээний судалгаа хийсний үр дүнд тулааны хэсгийг гайхалтайгаар бүтээж чаджээ.

Ажиллаж байсан бүтээлүүд: "All Dogs Go to Heaven" (1989), "Anastasia" (1997)

2. Spider-Man: Into the Spider-Verse (2018)

“Sony Pictures” продакшны дизайнер Justin K. Thompson:

- "Би үргэлж л бүтээлч байдлыг эрэлхийлсэн төслүүдэд татагддаг байсан. Харин энэ /“Spider-Mab: Into the Spider Verse”/ бол хавь илүү. Киноны хамгийн том сорилт нь гол дүр Miles-ийн дотоод ертөнцийг бий болгох байсан. Тэрхүү дотоод ертөнцийг амилуулж, үзэгчдэд яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд 3 хэмжээст хэлбэрийг хөгжүүлэх тал дээр ажилласан.

Компьютер бодит байдлын дуураймлыг бий болгодог. Бидний хийх ёстой зүйл тэр дуураймал дүрмийг өөрчлөх явдал. Бид уламжлалд шинэчлэлт хийж чадсан. Жишээлбэл, киноны туршид та бүхний үзсэн Бен-Дэй цэгүүдийг гэрлийн эх үүсвэрээр бий болгож, баатруудыг тэдэнтэй динамикаар харьцуулж чадсан. Ингэж л энэ төсөл бүтсэн" гэж ярьж байжээ. 

Ажиллаж байсан бүтээлүүд: "Cloudy with a Chance of Meatballs 2" (2009), "Spider-Man: Into the Spider-Verse" (2018)

3.Toy Story 4 (2019)

Өгүүллэгийн хянагч Valerie LaPointe:

- “Toy Story 4” анимэйшний түүх юу өгүүлэх гэж буйг төсөөлөх нь хамгийн хэцүү байсан. Ихэнх хүмүүс цуврал бүтээл хийх амар гэж боддог. Өмнөх ангид аль хэдийнэ дүрслэгдсэн ертөнц, бий болгосон дүрэм зэргийг бодоод үзэхэд нэг талаараа тийм. Гэвч зохиол талаас нь харвал их ярвигтай. Өмнөх ангид дүрслэгдсэн дүрүүдийн дүр төрх, зан чанар, хэрэгжүүлж байсан дүрмүүдийг өөрчилж болох уу үгүй юу гэдгээс авахуулаад эргэлзээтэй зүйлс их байдаг. 

Гэхдээ энэ хугацаанд манай студид улам бүр хөгжсөнтэй адил дүрүүд маань ч хөгжиж, цоо шинэ түүхийг үзүүлж чадсан гэж бодож байна" гэжээ. 

Ажиллаж байсан бүтээлүүд: "Up" (2009), "Toy Story 4" (2019), "Soul" (2020)

4. BoJack Horseman (2014–2020)

Анимэйтор Aaron Long:

- “BoJack Horseman” анимэйшн дээр хэд хэдэн хэцүү үзэгдэл гарч байсан. Гуравдугаар бүлгийн 11-р ангид BoJack-ийн ээж гоёмсог даашинз өмсөөд бүжиглэдэг хэсэг гардаг. Мэдээж бүхий л амьтдын дүрүүдийг хүний бие махбодоос санаа аван зурсан ч моринд даашинз өмсгөнө гэх үед би үнэхээр юу хийхээ мэдээгүй юм.

Энэ хэсгийн зохиолыг бичихэд амар байсан ч дүрслэн бодоход хэцүү байсан. Бид бусад хэсгээ дуусан дуустал энэ үзэгдлийг хойшлуулсаар байсан ч эцэст нь яалт ч үгүй нүүр тулсан. Саадтай үсрэлт, балетын хөдөлгөөн даашинзын хослолыг гаргаж чадсан. Ерөнхийдөө бодит мэт бүжгийн хөдөлгөөнийг илэрхийлэх нь миний хувьд үргэлж сорилт болдог" гэжээ. 

Ажиллаж байсан бүтээлүүд: "Greatest Party Story Ever" (2016), "Tuca & Bertie" (2019)

 

5. Fantastic Mr. Fox (2009)

Анимэйшн хөдөлгөөн хянагч Brad Schiff:

- "Миний ажиллаж байсан төслүүдээс хамгийн хэцүү нь “Fantastic Mr. Fox” анимэйшний дүрсийг бүтээх байсан. Би энэ анимэйшнийг бүхэлд нь “Whack bat” дэс дарааллын дагуу хийсэн. Бодит зураг авалтын хэсэгт хөдөлгөөнт дүрс оруулах шаардлагатай байсан ч дүрүүд ердөө зургаа орчим сантиметрийн өндөртэй байсан.

Тэд үзэсгэлэнтэй харагдаж байсан ч цахилгааны утасны нэг хялгас шиг л байсан болохоор чимхлүүр ажил их орсон. Өдөр бүр тэднийг хөдөлгөөнд оруулах гэж би бараг л оюун санаагаа алдах шахсан. Энэ бүх зураг авалтыг хийхэд нийтдээ зургаан сарын хугацааг зарцуулсан" гэв.

Ажиллаж байсан бүтээлүүд: "ParaNorman" (2012), "Kubo and the Two Strings" (2016), "Isle of Dogs" (2018)

6. Rick and Morty (2013–одоог хүртэл)

Анимэйтор Caroline Foley:

- “Rick and Morthy”-г бүтээх явцад хийх шаардлагатай болсон хамгийн хэцүү үзэгдлүүдийн нэг нь хоёрдугаар улирлын гуравдугаар ангийн сүүлийн хэсгийн зураг авалт байсан. Анхны зураг авалт хүссэн үр дүнд хүрээгүй тул цуцлагдаж, дахин засварласан юм.

Rick-ийн сэтгэлээр унасан төрхийг харуулахын тулд би гурван долоо хоногийн турш нэг үзэгдэл дээрээ л ажилласан. Сүүлдээ өөрөө ч сэтгэлээр унаж эхлээд байсан. Учир нь хүчтэй сэтгэл хөдлөлтэй дүрийг илэрхийлэхдээ бид өөрсдөө тэр дүрдээ орох шаардлагатай болдог. Тэр үзэгдлийн зураг авалтыг хийхэд Rick-ийн харьцаж байгаа зүйлсийг тухайн мөчид яг зэрэг тааруулах л их хэцүү байсан. Элементүүд гэнэт бие биенийхээ урд юм уу хойноос гараад ирж мэдэх алдаа гаргахгүйн тулд би агшин зуурын зураг болгоноо давхар хянаж, дахин дахин ажиглах ёстой болсон. Энэ л хамгийн хэцүү сорилт байсан" гэжээ.

Ажиллаж байсан бүтээлүүд: "Rick and Morty", "BoJack Horseman"

7. How to Train Your Dragon: The Hidden World (2019)

"DreamWorks" студийн хянагч Paolo de Guzman:

- Би “Лууг хэрхэн сургах вэ: Нууцлаг ертөнц” бүтээл дээр Toothless-ийн эмэгтэй хамтрагчийн дүр дээр ажилласан. Тэр энгийн юм шиг харагдах ч их чадвар сорьсон дүр шүү. Та бүхэн Toothless-ийийг жаахан өөрчлөөд цагаан өнгөтэй болгочихсон л гэж бодож байсан байх. Гэхдээ найруулагч биднээс илүү эмэгтэйлэг чанарыг хүссэн. Тиймээс ч би зохист тэнцвэрийг олохын тулд хэдэн сар шаргуу ажилласан.

Тэр цайвар цэнхэр өнгийн гэдэстэй тул бид энэ хэсгийн өнгийг тэнцвэржүүлж, гэрэлд хэтэрхий бохир, саарал харагдуулахгүй байх тал дээр нэлээн удаан ажилласан. Мөн эмэгтэйлэг чанарыг нь илүү тодотгохын тулд хуурамч сормуус, жаахан нүдний тень өгөөд л орхихыг хүсээгүй учир жижиг ажилбаруудыг ч цалгардуулалгүй анхаарч ажиллаж байсан".

Ажиллаж байсан бүтээлүүд: Monsters vs. Aliens (2009)

8. Puss in Boots (2011)

"DreamWorks" студийн гэрэлтүүлэгч зураач, хөгжмийн зохиолч Eric Roth:

- "Миний хамгийн хайртай төслүүдийн нэг бол “Puss in boots”. Чадварыг минь хамгийн их сорьсон төсөл хэдий ч их хөгжилтэй байсан. Хавцал дээр хөөцөлддөг хэсэг их ажиллагаа шаардсан. Тэр үед би ахлах гэрэлтүүлэгч байсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл чи продакшны дизайнеруудтай хамтарч ажиллана. Харин тэд чамд дарааллын дүр зураг болон илэрхийлэхийг хүсэж буй сэтгэл хөдлөлөө хэлж өгнө. Тэгэхдээ чиний хийх ёстой зураглал, өнгөний жишээг харуулна.

Харин гэрлийн баг үүнийг хуваарилж ажиллана. Хавцал дундуур маш хурдан өрнөж байгаа үзэгдлийн гэрэл нэг хэвийн л байгаад байвал үнэхээр тааламжтай харагдах ямар ч боломжгүй. Дүрүүд зүүнээс баруун тийш шилжих хөдөлгөөн хийж байхад нар нэг талдаа л байх ёстой. Гэвч энэ нь дүрүүдийг хүссэн шиг чинь сайхан хэлбэртэй харагдуулахгүй. Гэрэл заавал шаардлагатай. Тийм учраас бид хавцлын геометрийг задлан шинжилж яаж салгаж болох вэ гэдэг дээр нь ажилласан. Төсөл маань ч амжилттай дууссан".

Эх сурвалж: Vulture

#Кино урлаг #Анимэйшн