Хуримтлалтай болж ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХ дөрвөн алхам


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-29

Бидний амьдралд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарах үе багагүй тохиолддог. Төрсөн өдрийн бэлэг авах, тэмдэглэлт өдрөөр найзуудтайгаа уулзах гэх мэт мөнгө хэрэг болсон үед санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн шилдэг арга бол ХУРИМТЛАЛ юм. Иймээс ирээдүйд үүсэж болох санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах сонирхолтой аргуудаар хуримтлалтай болцгооё.

Нэгдүгээр алхам. Хуримтлалын зорилгоо тодорхойлох

Тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө хуримтлуулбал илүү үр дүнтэй байдаг учраас юун түрүүнд зорилгоо жагсаан бичээрэй. Мөн тэдгээр зорилгоо цаг хугацааных нь хувьд ойрын эсвэл холын гэж ангилаад хуримтлалаа хуваарилах боломжтой.

Хоёрдугаар алхам. Орлого зарлагаа тооцох

Орлого зарлагаа тооцохын тулд тусгай дэвтэр гарган нэг бүрчлэн бичиж болно. Аль эсвэл Prism, Mint зэрэг санхүүгийн төлөвлөгч аппликейшнийг ашиглаад тэмдэглээрэй. Мэдээж тогтмол, нэмэлт орлого болон зардлаа нэг бүрчлэн бичих хэрэгтэй.

Гуравдугаар алхам. Хуримтлуулах төлөвлөгөө гаргах

Орлого зарлагаа тооцсон бол одоо орлогынхоо тодорхой хувийг хуримтлал болгоцгооё. Хуримтлалыг заавал их мөнгөнөөс эхлэх албагүй учраас өөрт байгаа боломжоороо л хуримтлуулахад болно.

Мөн “50 20 30-ийн дүрэм”-ээр хуримтлуулж ч болох юм. Энэ нь таны орлогыг 100 хувь гэж тооцвол орлогынхоо 50 хувийг зайлшгүй хэрэгцээтэй зүйлсдээ зарцуулна. Харин 20 хувийг нь хуримтлуулж, үлдсэн 30 хувийг хүслээ биелүүлэхэд ашиглаж болно. Мөн эдгээр хувийг өөрийн орлогодоо тохируулаад өөрчлөх боломжтой.

Дөрөвдүгээр алхам. Сар бүр нэг хүслээ биелүүлэх

“Хуримтлуулна” гээд өөрийн бүх хүслээ хориглох хэцүү учраас орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулж, мөн тодорхой хувийг нь хүслээ биелүүлэхэд зориулж болно. Ингэхдээ сар бүрийн эхэнд нэг хүслээ бодоод түүнийгээ биелүүлэхийн тулд хуримтлалаа эхлүүлээрэй. Хүслээ ч биелүүлнэ, хуримтлалтай ч болно.

Энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Дэлхийн мөнгөний долоо хоног 2021”-г тохиолдуулан бэлтгэв.

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил #Хуримтлал #Санхүү