Рубик Эрнё 1974 онд анх шидэт шоог зохион бүтээсэн нь өдгөө хүн төрөлхтний дунд Рубикийн шоо нэрээр танигджээ. Дэлхий даяар 450 сая ширхэг худалдаалагдсан энэ тоглоомоор гурваас дээш настай хэн бүхэн тоглох боломжтой. Гэхдээ энэ бол энгийн нэг “тоглоом” биш ээ. Хэрвээ та Рубикийн шоогоор хичээллэж эхэлбэл эрүүл мэнд, бие махбодод тань дараах эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой.
1. ОЙ САНАМЖИЙГ САЙЖРУУЛНА
Шоог эвлүүлэхийн тулд зөв дарааллаар эргүүлж байгаа эсэхээс үл хамааран бүхий л оролдлого бидний тархинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа ой санамжийг сайжруулж, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.
2. ТЭВЧЭЭРТЭЙ БОЛНО
Орчин үед тэвчээр гэдэг ойлголтыг зөвхөн биеийн хүчтэй холбохоо больжээ. Бидний өдөр тутмын амьдралд энэ чадвар зайлшгүй шаардлагатай болсон тул үүнийг олж авахын тулд Рубикийн шоогоор хичээллэхэд буруудахгүй. Учир нь тууштай, тэвчээртэй байж чадсан хүн л Рубикийн шоог эвлүүлж сурдаг. Мөн Рубикийн шооны бүх өнгийг эвлүүлж сурсан ч шоо эвлүүлэх төрөл бүрийн аргуудад үргэлжлүүлэн суралцах, өөр хэлбэртэй шоо эвлүүлэх зэргээр чадвараа улам хөгжүүлэх боломжтой.
3. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРТ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ
Мэдээж хэрэг хүн Рубикийн 2x2 шоог эвлүүлчхээд үүнийгээ асуудал шийдвэрлэх чадвартай болчихлоо гэж хэлэхэд хэцүү. Харин өөрийнхөө хэзээ ч оролдож байгаагүй, аль эсвэл оролдсон ч чадахгүй байсан тэр аргыг ашиглаж сурснаар асуудлыг олон талаас нь харах, хүлээцтэй хандах, шийдвэрлэх чадвар тань хөгжих болно.
4. СЭТГЭН БОДОХ ЧАДВАР САЙЖИРНА
Шоог эвлүүлэхдээ тодорхой алхмуудыг дарааллаар нь цээжлэх шаардлагатай болдог. Мэдээж тэдгээр алхмыг хийх явцад алдаа гаргаж болохгүй учраас үйлдлээ зөв цээжлэх шаардлагатай. Тиймээс таны цээжлэх, сэтгэн бодох чадвар хөгжинө.
5. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ САЙЖИРНА
Таны суралцах явц болоод анхаарал төвлөрөх чадвар тань хоорондоо салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч ухаалаг утас, компьютер, зурагт зэрэг нь хүмүүс бидний анхаарал төвлөрөх чадварыг бууруулж байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Тэгвэл Рубикийн шоогоор хичээллэж эхэлснээр тархины эсүүд идэвхжиж энэхүү чадвар нэмэгддэг.
6. ЗАРИМ МУУ ЗУРШЛААСАА САЛАХАД ТУСАЛНА
Хэрвээ та муу зуршлаасаа салахаар эргэлт буцалтгүй шийдсэн бол Рубикийн шоо ашиглаж болох юм. Жишээлбэл та хумсаа мэрэх муу зуршилтай бол шоо эргүүлэх, шооны шинэ алгоритм сурах зэргээр өөрийгөө сатааруулах боломжтой.
7. ИДЭВХГҮЙ БОЛСОН БИЕ МАХБОДЫГ СЭРГЭЭНЭ
Заримдаа хичээл хийх үед уйтгартай санагдаж, залхуу хүрдэг. Өдөржин суусан хэрнээ нэг л үр дүнгүй санагдаж байвал хэсэгхэн амраад Рубикийн шоо эвлүүлээрэй. Энэ нь тархийг ачаалуулж, идэвхгүй болсон бие махбодыг сэргээдэг учраас үргэлжлүүлэн хичээлээ хийхэд анхаарал төвлөрөлт тань илт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн байх болно.
Рубикийн шооны тухай сонирхолтой баримтууд:
Эрнё Рубик 1974 онд шоогоо “Шидэт шоо” хэмээн нэрлэсэн боловч 1980 онд Ideal To & Novelty компаниас шооны нэрийг “Рубикийн шоо” болгон өөрчилжээ.
2018 онд Юүшэн Ду (Yusheng Du) гэх хятад залуу Рубикийн 3x3x3 шоог 3.47 секундэд эвлүүлснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Германы Infineon Technologies компанийн бүтээсэн робот ердөө 0.637 секундэд Рубикийн шоог эвлүүлсэн.
Рубикийн шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн анх 1982 онд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд АНУ-аас оролцсон Мин Тай (Minh Thai) хэмээх тамирчин түрүүлжээ. Тэрээр Рубикийн шоог 22.95 секундэд эвлүүлсэн байна.
Дэлхийн хамгийн үнэтэй Рубикийн шоо 1995 онд бүтээгдсэн бөгөөд 2.5 сая ам.долларын үнэтэй.
13 настай Патрик Боссерт (Patrick Bossert) хэмээх бяцхан хүү 1981 онд “You Can Do the Cube” нэртэй ном хэвлүүлсэн нь дэлхий даяар 1.5 гаруй сая хувь худалдаалагджээ.
Дэлхийн хамгийн том Рубикийн шоо Их Британи улсын Ипсвич хотод байдаг. Уг шоо нь 2.022м x 2.022м хэмжээтэй бөгөөд “Дэлхийн хамгийн том хэмжээтэй Рубикийн шоо” хэмээн Гиннесийн номд бичигджээ.
Рубикийн шоо нь дэлхий даяар 450 гаруй сая ширхэг худалдаалагджээ.
Японы Mega House компаниас 2020 онд 9.9 миллиметр хэмжээтэй Рубикийн шоо бүтээсэн бөгөөд энэ шоо нь 1,900 ам.доллараар худалдаалагддаг аж.
Эх сурвалж: Good Net, Cube Lelo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх