Алдаагаа амьдралын ҮНЭТЭЙ СУРГАМЖ болгоход тань туслах зөвлөмжүүд


Бид нэг алдсан зүйл дээрээ дахин алдахгүй хэмээн өөрсдөдөө амлалт өгдөг ч нэг л мэдэхэд нөгөө алдаагаа гаргачихсан сууж байдаг. Кинон дээр хүмүүс нэг алдаагаа дахин давтдаггүй хэмээдэг ч бодит амьдрал дээр нэг алдаагаа дахин дахин гаргадаг хүмүүс олон бий. 

Ингээд дараах нийтлэлээрээ та бүхэнд алдаанаасаа хэрхэн суралцаж, ирээдүйд давуу талаа болгох зөвлөмжийг хүргэж байна. 

1. ТОМ АСУУДАЛ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ

Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс ч өмнө хийх зүйл бол бүтэлгүйтлийг тийм ч том асуудал биш гэсэн сэтгэлгээг өөртөө суулгах юм. Ингэснээр алдаандаа шаналж уягдалгүйгээр богино хугацаанд дараагийн алхмаа хийх боломжтой. 

2. АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Өөрийн гаргасан алдаанд эзэн байх нь биднээс чамгүй их хэмжээний зориг зүрхийг шаарддаг учир ихэнх хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч түүнийгээ илэрхийлж чаддаггүй. Зарим нь бүр алдаагаа хүлээн зөвшөөрөхийг ч хүсдэггүй. 

Угтаа бол хариуцлагаа ухамсарлаж алдаанаасаа суралцах нь бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, төлөвшсөн нэгэн болоход тань тусалдаг. 

3. ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ

Дийлэнх хүмүүс өөрсдийн бүтэлгүйтэлд эргэн тойрныхноо буруутгадаг. Гэвч таны асуудал танаас л шалтгаалдаг гэдгийг ойлгоорой. Иймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, өөрийгөө хөгжүүлж эхэлснээр таныг хүрээлэх асуудлын тоо ч цөөрөх болно. Өөрөөр хэлбэл та ирээдүйд учирч болох асуудлуудад өөрийгөө бэлдэж байна гэсэн үг юм.

4. АСУУЛТ АСУУХ

Нэг зүйл дээр олон дахин алдахгүйн тулд сайтар тунгаах хэрэгтэй. Ингэхдээ дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Үүнд: 

- Юу буруудчхав? 
- Би дараагийн удаад илүү сайн хийхийн тулд юуг анхаарах вэ? 
- Энэ алдаанаас юуг сурав? 

Асуулт бүрийн дор хариултаа бичиж эхнээс нь уншаарай. Ингэснээр та нөхцөл байдлыг бодитоор харж, улмаар илүү логиктойгоор сэтгэх боломжтой. 

5. МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС ЯВАХ

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд тань тантай хамгийн түрүүнд тааралдах зүйл бол бүтэлгүйтэл. Гайхамшигт зохион бүтээгч Томас Эдисон "Хүмүүсийн гаргадаг хамгийн том бүтэлгүйтэл бол зорилгодоо хүрэхэд хэр ойр байгаагаа мэдэлгүй бууж өгөх" хэмээн хэлж байсан удаатай. 

6. ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛЖ СУРАХ

Та арслантай хэзээ ч тааралдаж үзээгүй бол гүйх чадвараа бүрэн ашиглаж үзээгүй байна гэсэн үг гэсэн хошигнол байдаг. Яг л үүн шиг ямар нэгэн зүйл зорилго руу тань түлхэж хүчлэхийг хүлээлгүйгээр өөрөө өөрийгөө дайчилж сураарай. 

Эх сурвалж: Life Hack

#Хувь хүний хөгжил #Алдаа