Сүүлд хийгдсэн нэгэн судалгаанд хүүхэд, залуус сансрын нисгэгч болохоос илүүтэйгээр YouTuber болох хүсэлтэй байгаа талаар дурдсан байв. Өдгөө карьер нь амжилттай яваа YouTuber-үүд олширсон бөгөөд өөрийн гэсэн YouTube сувагтай байх нь энгийн нэгэн мөрөөдөл байсан үе ард хоцорчээ.
Тэгвэл мэргэжилтнүүд амжилттай YouTuber болохын тулд дараах долоон зүйлийг санаж явах ёстой хэмээн зөвлөж байна.
Мэргэжлийн YouTuber-үүд тус платформд олон дагагчтай болохын тулд санаанд оромгүй хэмжээгээр шарсан тахиа идэх, шинэ бүтээгдэхүүн танилцуулах бичлэг хийх нь үр дүнгүй бөгөөд гагцхүү өөрийнхөө мэдрэмж, харах өнцгийг тусгасан, бусдаас ялгарал үүсгэсэн контентыг хийх нь л чухал гэдгийг онцолж байлаа.
1. ӨӨР ХЭН НЭГЭН БИШ, ӨӨРӨӨРӨӨ БАЙХ
Дийлэнх YouTuber-үүд өөрийн сувагтаа зөвхөн нэг төрлийн бичлэгийг дагнан байршуулдаг бол мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бичлэгийн чинь агуулга чамайг бүрэн илэрхийлж, бичлэгийн үеэр 100 хувь өөрийнхөөрөө байж чадвал заавал нэг төрлийн бичлэгээр дагнах шаардлагагүй гэжээ.
Тиймээс бичлэгээ хийхдээ дагагчид чинь чиний хийх дуртай зүйл болоод чамтай холбоотой бусад зүйлсийг л харахыг хүсэж байгаа гэдгийг санаж, өөрийнхөөрөө байхыг нэн тэргүүнд тавиарай.
2. ЧАНАРТАЙ КОНТЕНТТОЙ БАЙХ
Бичлэгээ ямар давтамжтай оруулах нь чиний амьдралын онцлогоос бүрэн шалтгаалах тул долоо хоногт дор хаяж нэг эсвэл хоёр бичлэг оруулна гэх зэргээр өөртөө ачаалал бүү үүсгээрэй. Мэдээж дагагчдаа бичлэгээр тогтмол хөгжөөх нь чухал ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хамгийн гол нь контентын агуулга болоод чанар аж.
3. БИЧЛЭГИЙН ХУГАЦААНД АНХААРАХ
Дийлэнх хүмүүс YouTube сувагтаа богино хэмжээний бичлэгийг түлхүү байршуулдаг ч угтаа энэ төрлийн бичлэгүүд зөвхөн TikTok болоод Инстаграм дээр олон хандалт авч чаддаг гэнэ.
4. ХАМТАРЧ АЖИЛЛАХ
Олон дагагчтай болохын тулд чамгүй их хугацаа шаардагдах боловч ижил төрлийн бичлэг хийдэг YouTuber-үүдтэй хамтран ажилласнаар энэ хугацааг богиносгох боломжтой. Үзэгчдийн хувьд ч зөвхөн нэг YouTuber-ийнхээ бичлэгийг тогтмол үзсэнээс хааяадаа ч гэсэн өөр YouTuber-үүдтэй хамтран хийсэн контентыг үзэх нь сонирхолтой байх болно.
5. YOUTUBE СУВГААС ХЭРХЭН МӨНГӨ ОЛОХ ВЭ?
YouTube-ээс зар сурталчилгааны болон албан байгууллагуудтай хамтран ажиллах замаар орлого олох боломжтой байдаг. Зар сурталчилгаанаас орлого хэрхэн орж ирдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Харин албан байгууллагуудтай хамтран ажиллахдаа буюу тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн бичлэгээр дамжуулан сурталчлахдаа тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, дагагчид чинь хэрэглэж үзсэнийхээ дараа ч өөрт чинь талархах бүтээгдэхүүн сонгоорой.
Харин YouTube сувгаараа дамжуулан ивээн тэтгэгчидтэй хамтран ажиллах хүртэл чиний цорын ганц үүрэг бол чанартай контент бүтээх л байх болно.
6. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ НУУЦЛАХ
Сувагтаа анхны бичлэгээ байршуулахаасаа ч өмнө хувийн мэдээллийнхээ нууцлалыг шалгаарай. Өөрийгөө олны анхаарлын төвд байлгах, нэн ялангуяа цахим орчинд харуулах нь нэг талаараа эрсдэлтэй учир зарим YouTuber-үүд өөрийн жинхэнэ нэрээ ч нууцалдаг.
Тиймээс овог нэр, сурдаг сургууль, гэрийн хаяг зэрэг мэдээллийг нууцлах нь ирээдүйд учирч болох эрсдэлээс чамайг хамгаална.
7. АМЖИЛТАД ХҮРЭХ ЦОРЫН ГАНЦ ЗАМ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ САНАХ
YouTube сувгийнхаа subscribers-ийн тоог нэмэгдүүлэх 100 хувийн үр дүнтэй арга гэж байхгүй. Бүх зүйл өөрийн чинь хүчин чармайлтаас л шалтгаална. Өөрөөр хэлбэл чи интернэт орчинд буй сул орон зайг мэдэрч, түүнийг өөрийн сонирхолтойгоо авцалдуулан нөхөх нь чухал.
Мөн энэ явцад чамайг чин сэтгэлээсээ дэмждэг дагагчидтайгаа байнгын холбоотой байж, үзэн ядсан, сөрөг сэтгэгдлүүдэд ач холбогдол өгөхгүйгээр шүүмжлэлийг зөвөөр хүлээн авахад анхаараарай.
Эх сурвалж: Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх