Ээжийн хайраар бүтсэн "Tuki" төлөвлөгч дэвтэр


Та өмнө нь ээжийн хайраар бүтээгдсэн дэвтрийн талаар сонсож байсан уу? Бид энэ удаагийн ярилцлагын дугаартаа хуудас бүрийг сэтгэлээ шингээн хийсэн “Tuki Planner" брэндийн үүсгэн байгуулагч Б.Төгөлдөр бүсгүйг урьсан юм. Тэрээр "Хүрээ" дээд сургуулийг график дизайнер мэргэжлээр төгсөж, хоббигоо мэргэжлийн ур чадвартайгаа холбосноор гарааны бизнесээ эхлүүлжээ

Ингээд түүнтэй төлөвлөгч дэвтэр хийх болсон шалтгаан, залуус гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцсаныг хүлээн авна уу.


YOLOӨдрийн мэнд! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Бизнес эхлүүлэх санаа тань анх хаанаас төрсөн бэ? 

- Би багаасаа л тэмдэглэлийн дэвтэр цуглуулах хоббитой хүүхэд байсан. Цуглуулсан дэвтэр дээрээ юм бичихгүйгээр хадгалах дуртай байлаа. Ялангуяа хөөрхөн зурагтай, гоё хуудастай дэвтэр байвал шууд л авчихдаг байсан. 

Сүүлд мэргэжлээрээ ажиллаж байгаад жирэмсний амралтыг авсан юм. Охиноо төрүүлээд гэртээ суухад хүүхдийн мөнгөнөөс өөр ямар ч орлогогүй болсон. Тиймээс хэдий хүүхдээ харж байгаа ч өөрийн хийж чадах зүйлээрээ гарааны бизнес эхлүүлье гэж бодсон. Эндээс л төлөвлөгч дэвтэр хийх санаа төрсөн дөө. Өнгөрсөн жилийн тавдугаар сард хамгийн анхны хэвлэлтээ гарган борлуулалтаа хийж эхэлсэн. 

YOLOАнх төлөвлөгч дэвтэр хийж эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ? 

- Хүмүүс маш таатайгаар хүлээж авсан. Бизнесээ эхлүүлэхэд төлөвлөгч дэвтэр гаргадаг монгол брэнд их ховор байсан. Ингээд анхны хэвлэлтээ цөөн тоогоор буюу 500 ширхгээр гаргахад долоо хүрэхгүй хоногийн дотор худалдаалагдаж дууссан. Үүнээс маш их урам авсан. 


YOLOЗалуучууд бизнес эрхлэхэд санхүүгийн олон асуудлууд тулгардаг. Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

- Анх гэр бүлийнхнээсээ авсан хөрөнгө оруулалтаа өдийг хүртэл эргэлдүүлээд л явж байна. 

YOLOЗалуу хүний хувьд бизнесээ эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв? Таны бизнест цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ?

- Хөл хорионы үед цөөнгүй бэрхшээл тулгарсан. Одоогоор өөрийн гэсэн дэлгүүртэй болоогүй учир захиалгаа онлайнаар авч байна. Хүргэлт хийхэд хүндрэл үл ялиг гарахаас гадна зарим үед зогсонги байдалд ордог. Мөн бүтээгдэхүүнээ номын дэлгүүр, бичиг хэргийн газруудаар борлуулах санал тавихад хувь хүний бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаггүй, гэрээ хийдэггүй гэсэн асуудалтай тулгарсан. Маш олон дэлгүүрт санал тавьж үзсэн ч ихэнх нь зөвшөөрөөгүй. Бэрхшээлийн хувьд хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлсэн болохоор их ядардаг ч дуртай зүйлээ хийж байгаа учраас аз жаргалтай байдаг. 


YOLOЯагаад Tuki гэж нэрлэх болсон бэ? Таны нэртэй төстэй санагдаж байна. 

Монголчууд Төгөлдөр гэх нэрийг ихэвчлэн эрэгтэй хүүхдэд өгдөг. Намайг бага байхад хүмүүс Төөгий гэж дуудахад "эрэгтэйлэг" санагдаад бага зэрэг дургүй байдаг байлаа. Харин Tuki гэдэг нэр арай илүү эмэгтэйлэг санагдсан учраас өөртөө ийм хоч өгсөн гэх үү дээ.

YOLOХэрэгцээгээ дагаад үйлдвэрлэгчид өсдөг. Одоогийн байдлаар Монголд дотоодын болон гадаадын төлөвлөгч дэвтэр цөөнгүй худалдаалагдаж байна. Тэдгээрээс “Tuki” төлөвлөгч дэвтрийн давуу тал юу вэ? 

- Манай бүтээгдэхүүний онцлог бол агуулга, дизайн, чанар. Дизайныг хэрэглэгчдийн насны онцлогт тохируулан дахин давтагдашгүй байхаар бэлтгэдэг. Мөн манайх үндсэн хоёр төрлийн дэвтэр гаргадаг. Эхнийх нь анх удаа төлөвлөгч дэвтэр хөтөлж буй өсвөр насныханд зориулагдсан бол удаах нь төлөвлөгч дэвтэр хөтөлсөн туршлагатай 18 болон түүнээс дээш насныханд зориулагдсан. Төлөвлөгч дэвтрийг анх удаа хөтлөх гэж буй хүүхдүүдэд дэвтэртээ юу бичих, хэрхэн төлөвлөх тухай ойлголт тийм ч сайн байдаггүй. Тиймээс дэвтрээ санхүүгээ хянах, номын тэмдэглэл хөтлөх, үзэх киноны жагсаалт гаргах, ус уух хуваарь зохиох зэрэг олон зориулалттай, ойлгомжтой бөгөөд сонирхолтой байхаар хийдэг. 

Дэвтрийн маань хуудас бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд дэвтрээ "ээжийн хайраар бүтээсэн дэвтэр" гэж тодорхойлох дуртай. 


YOLOТөлөвлөгч дэвтэр хөтөлснөөр таны амьдралд гарсан өөрчлөлтүүдээс хуваалцвал...

- Би төлөвлөгч дэвтэр хөтөлж эхэлснээс хойш нэг жил өнгөрсөн байна. Өмнө нь зуршил, дуу болон номын жагсаалт гаргах зэргээр аливааг нэг бүрчлэн тэмдэглэхгүй ч мөрөөдөл болоод ажлын төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг байсан. 

Харин төлөвлөгч дэвтэр хөтөлж эхэлснээр бүх зүйлийг төлөвлөгөөтэй хийж сурсан. Ажлын хувьд л гэхэд төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийчихвэл чөлөөт цаг гардаг. Төлөвлөөд сурчихвал илүү эмх цэгцтэй, цагийн менежмент сайтай болно гэсэн үг. Ирээдүйд чадварлаг, амжилттай нэгэн болохын тулд төлөвлөж сурах нь зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

YOLOТөлөвлөгч дэвтрийн талаар ойлголт багатай хүмүүст уг дэвтрийн хэрхэн тогтмол хөтлөх талаар зөвлөгөө өгвөл...

- Төлөвлөгч дэвтэр хөтлөхөд муухай бичдэг эсвэл зурдаг байх нь огтхон ч хамаагүй. Бусдад таалагдах гэж ч юм уу гоё, үзэмжтэй хөтлөх шаардлагагүй шүү дээ. Хамгийн гол нь тогтмол төлөвлөж тэмдэглэх.

Бид өөрсдийн амьдралыг одоогийнхоос илүү эмх цэгцтэй болгохын тулд ийнхүү хөтөлж байгаа учраас хувийн орон зайг бий болгоход л анхаараарай. Дэвтрийнхээ эхний хуудсан дээр үзэмж муутай бичсэн ч төгсгөлд нь гоё бичдэг болчихсон хүмүүс ч байдаг. 


YOLOСэтгэлд тань тод үлдсэн үйлчлүүлэгч байдаг уу? 

- Өнгөрсөн шинэ жилээр нэг аав охиндоо зориулж манайхаас дэвтэр худалдан авсан юм. Охин нь манай дэвтрийг авах гээд мөнгөө цуглуулсан гээд тооцоогоо мянгатын дэвсгэртүүдээр хийсэн нь сэтгэлд хүрсэн. Манай бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүд түлхүү худалдаж авдаг учир үүнтэй төстэй сэтгэгдэл их ирдэг. Зарим нь бүр шинэ жилийн хүсэлдээ "Tuki-гийн дэвтрийг авмаар байна" гэж бичсэн байсан. 

YOLOТа бизнесээ явуулахдаа ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ?

- Дэвтрийн хуудас, хавтас зэргийг стандартын дагуу бат бөх байхаар үйлдвэрлэдэг. Мөн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс хямд байлгаж, хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцүүлэхийг зорьдог. 


YOLOБүх дэвтрийнхээ загварыг өөрөө гаргадаг уу? 

- Дэвтрийн загвар дизайныг гаргах, стикер хийх зэргээс эхлээд сошиал хуудсууд дээрээ ч өөрөө ажилладаг. Харин хүргэлтийн хувьд хүргэлтийн компанитай хамтран ажиллаж байна. 

YOLOБүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ. Таны бизнест ямар эрсдэл байна вэ?

- Хэвлэмэл бүтээгдэхүүн учир оюуны өмчийн асуудал эрсдэл дагуулдаг. Хүмүүс манай дэвтрүүдийг яг байгаагаар нь хуулбарлахгүй ч гэсэн санаа авах тохиолдол бий. Одоохондоо илүү гарааны бизнес болохоор эрсдэл харьцангуй бага шүү. 


YOLOСүүлийн үед цахим орчинд бизнесээ сурталчлах нь түгээмэл болсон. Таны хувьд олон нийтийн сүлжээг бизнестээ хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ? 

- Манай борлуулалтын гол суваг бол олон нийтийн сүлжээ. Хүмүүс Фэйсбүүк, Инстаграм хаягуудаа хэнээр хөтлүүлдэг вэ гэж их асуудаг. Би өмнө нь график дизайн, сошиал маркетингтай холбоотой ажил хийж байсан туршлагатай болохоор эдгээр ажлуудаа ч мөн өөрөө хийдэг.

Мөн сошиалд амьд харилцааг бий болгохыг хичээдэг. Жишээлбэл, чанартай контент оруулах, тайлбараа дэлгэрэнгүй бичих, сэтгэгдэл, чатад аль болох хурдан хариу өгөх хэрэгтэй. 

YOLOТаны цаашдын зорилго юу вэ? Бизнесээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

- Энэ жил нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Монголд төлөвлөгч дэвтэр хөтлөхөд хэрэг болдог зүйлс хангалтгүй санагддаг учраас дэлгүүртээ дэвтэр, стикерээс гадна ховор бичиг хэргийн хэрэгсэл худалдаалах болно. 

Мөн одоогоор өсвөр үе, залуус гэсэн хоёр төрлийн дэвтэртэй бол цаашид бүх насныханд зориулсан дэвтэр гаргах зорилготой. 


YOLOБизнесээ эхлүүлэх гэж буй залууст хандан зөвлөгөө өгөөч. Залуус зах зээлд өрсөлдөхөд боломж хэр их байдаг вэ? 

- Залууст дуртай зүйлээ хийх боломж маш их байна. Миний хувьд хоббигоороо гарааны бизнес эрхэлж байгаа болохоор аз жаргалтай байдаг. Тиймээс юун түрүүнд өөрийн дуртай зүйлээ олж, түүнийгээ бизнес болгон өргөжүүлэх тал дээр төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Зарим хүний хувьд ямар нэгэн албан байгууллагад ажиллахаас илүү өөрийн дуртай зүйлийг хийх нь тохиромжтой байдаг.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Start-Up #Төлөвлөгч дэвтэр