Нэгэн эр 15 жилийн өмнө алга болсон муураа олжээ


Миау | YOLO.MN
2021-03-04

Тэжээвэр амьтдыг гэртээ авчирсан өдөр хүний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байдгийн адилаар үдэн явуулж буй өдөр хамгийн гунигтай үеүдийн нэг байдаг билээ. Тэдэнтэйгээ салах ёс хийж амжилгүйгээр хагацсан бол энэ мэдрэмж бүр ч хүндээр тусах нь мэдээжийн хэрэг. 

Гэхдээ нэг саяд, бүр нэг тэрбумд ганц тохиох гайхамшигт үйл явдал АНУ-ын Лос Анжелес хотод амьдардаг нэгэн эрд тохиожээ. 

Зураг дээрх залууг Charles гэдэг. Тэрээр 15 жилийн өмнө хоёр сартай Brandy муурыг үрчилж авжээ. Харамсалтай нь бяцхан Brandy-г байшингийнхаа хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд тоглуулахаар үлдээгээд эргээд иртэл алга болсон байж. Тэрээр хэлэхдээ: 

- "Би Brandy-г анх үрчилж авахдаа энэ амьдралынх нь туршид харж хандана гэсэн амлалтыг өөртөө өгсөн юм. Харин алга болсных нь дараа гэрийнхээ ойр хавийн гудамж, амьтдын асрамжийн газар гээд бүхий л газраар хайж, зарлал нааж явсан ч олоогүй учраас сүүлдээ шантарсан. Эцэст нь өөр нэгэн хүн түүнийг олоод үрчилж авсан байх гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэжээ. 

Харин уг явдлаас 15 жилийн дараа Лос Анжелес хотын амьтдын асрамжийн газрын хамт олон Brandy-г олж, микрочипээр нь эзнийг нь тогтоож Charles-тай холбоо барьсан байна. Charles мууртайгаа дахин уулзаад тэврэхэд Brandy их таатайгаар хүржигнэсэн нь түүний сэтгэлийг догдлуулжээ. Тэрээр, "мэдээж Brandy 15 жилийн өмнөх шигээ эрч хүчтэй байгаагүй ч маш тайван амгалан байсан. Тэврэхэд таатайгаар хүржигнэж байгаа нь гэртээ эргэн ирсэндээ баяртай байгаа мэт" гэжээ. 

Эх сурвалж: People

#Сонин хачин #Амьтад