Илтгэлийг амжилттай тавих ШАЛГАРСАН 9 арга


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-02-26

Бид дунд сургуулийн сурагч, их сургуулийн оюутан аль эсвэл байгууллагын ажилтан байхаас үл хамааран олны өмнө илтгэл тавих шаардлагатай зайлшгүй нүүр тулгардаг. Ингээд л олны өмнө гарч чанга дуугаар ярихаас, илтгэх явцдаа алдаа гаргахаас айх айдсууд шил шилээ даган гарч ирнэ. 

Эдгээр асуудлууд уншигч танд ч мөн тулгардаг бол бид танд илтгэлийг амжилттай тавихад тань туслах 9 аргыг санал болгож байна. 

1. НАМ ГҮМ ОРЧИН ҮҮСГЭХ

Аливаа хурал цуглааны үед нам гүм байдал үүсэх нь тухгүй мэдрэмж төрүүлдэг ч илтгэл тавих үед ийм нөхцөл бүрдэх нь давуу тал болно. Гэхдээ бодит байдал дээр дийлэнх тохиолдолд олны өмнө гарахад биднийг асар их чимээ шуугиантай орчин угтаж авдаг шүү дээ. 

Тэгвэл та илтгэлийн тайзан дээр гараад 30 секундийн турш юу ч хийлгүйгээр инээмсэглэн зогсоорой. Хачин арга шиг сонсогдож магадгүй ч үзэгч, сонсогчид юу хэлэхийг чинь чих тавин хүлээж, үйлдэл бүрийг чинь алдалгүй ажиглах болно. Ингээд дуу чимээ намжсан үед яриагаа эхлээрэй. 

2. ҮГГҮЙГЭЭР ХАРИЛЦАХ

Бид бусадтай харилцах харилцааныхаа 55 хувьд нь биеийн хэлэмж ашигладаг гэсэн судалгааны үр дүн бий. Өөрөөр хэлбэл илтгэлийн үеэр биеэр үзүүлэх үйлдлүүд ярьж байгаа сэдвээс чинь дутахгүй чухал болж таарах нь. 

Тиймээс илтгэлийн үеэр тайзан дээр хэт их холхих, нүдээ эргэлдүүлэх, гараа оролдох, мөн үзэгнийхээ ард талыг олон дахин дарах зэрэг үйлдлүүдийг хийхгүй байх тал дээр анхаараарай. Энэ нь үзэгчдийн анхаарлыг сарниулахаас гадна сандралыг чинь бусдын өмнө дэлгээд тавьсантай адил билээ. Мөн ярих үед гар чинь их хөдөлдөг бол гараа аль болох үзэгчид рүү хандуулах нь чухал аж. 

3. СОНИРХОЛТОЙ ТҮҮХ ХУВААЛЦАХ

Залуус та бүхэн "Apprentice Mongolia" шоу нэвтрүүлгийг үзсэн бол storytelling буюу сонирхолтой түүх хуваалцах арга хэчнээн чухал байдгийг анзаарсан байх. Хүн бүр бусдын сонирхолтой, өгөөжтэй, алдаа оноотой түүхүүдийн талаар сонсох дуртай байдаг. Тиймдээ ч илтгэлээ өөрт, ойр дотнынхондоо тохиолдсон сонирхолтой түүхийг хүүрнэн эхлүүлбэл цааргалах нэгэн бараг л үгүй биз ээ. Ярихдаа сэтгэл хөдлөлөө ил гаргаж, түүхээ амилуулахаа бүү мартаарай. 

4. ГАНГАН ҮЗҮҮЛЭН БЭЛТГЭХ

Мянга мянган үгээр ч илэрхийлж барамгүй баялаг санаа, ойлголтыг ердөө ганцхан зураг төвөггүйхэн илэрхийлэх нь бий. Гэтэл дийлэнх хүмүүсийн бэлдсэн presentation буюу үзүүлэн уртаас урт текстээр дүүрсэн, улмаар илтгэл нь уйтгартай болж өнгөрдгийг та бүхэн мэднэ. 

Чамайг илтгэлээ ид тавьж байх үеэр тэр их текст дэлгэцэн дээр харагдаж байна гэж бодъё. Үзэгчид энэ үед юу хийх вэ? Зөвхөн яриа руу чинь анхаарах уу эсвэл хуудас солигдохоос өмнө текстийг яаран унших уу? Ихэнх нь текстээ унших болно. Ингээд илтгэлээ дуусгах үед тэд ярьсан зүйлээс чинь ганц ч бүрэн бүтэн тодорхойлолтгүй үлдсэн байх вий.

Тиймээс үзүүлэн үзэгчдийн анхаарлыг татахуйц өнгөлөг хэв маяг, сонирхолтой зураг, хөдөлгөөнт дүрс, түлхүүр үг, шаардлагатай гэвэл зарим нэг богино тодорхойлолтоос бүрдсэн байхад л болно. 

5. ХАРЦАА ҮЗЭГЧИД РҮҮ ХАНДУУЛАХ

Харц бол биеийн хамгийн чухал хэлэмж. Хэрэв илтгэлээ тавихдаа урьдаас бэлдсэн тэмдэглэл ашиглаж байгаа бол түүн рүүгээ үе үе харах нь үзэгчдэд мөн л таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Зарим илтгэгчдийн хувьд тухайн тэмдэглэлээ үг үсэггүй даган уншчихдаг. Илтгэлийн тэмдэглэл бол хэлэх үг, үсэг бүрийг агуулсан олон хуудас текст бус, гол ойлголтуудыг цөөн үгээр товчилсон ганц хуудас байхад л хангалттай. 

Мөн илтгэлийн үеэр хаашаа харах вэ гэж гайхаж байж магадгүй юм. Ярих явцдаа танхимыг нүдээрээ тайван гүйлгэн харж байгаад нэгэн үзэгчийг сонгон ширтээрэй. Удалгүй танхимыг үргэлжлүүлэн тойруулж хараарай. Танхимыг тойруулж харах болон харцаа хэн нэгэн дээр тогтоохдоо хугацааг хэт богино эсвэл хэт урт байхаас зайлсхийгээрэй. 

6. ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ ХОЛБОО ҮҮСГЭХ

Насанд хүрсэн хүмүүс нэг зүйлд дунджаар 20 минут 8 секундийн турш анхаарлаа төвлөрүүлж чаддаг бол өсвөр насныхан 10-17 минут, бага насны хүүхдүүд 7-14 минут төвлөрүүлэх чадвартай байдаг гэсэн судалгаа бий. 

Таны илтгэл үзэгчдийн тань анхаарал төвлөрөх дундаж хугацаанаас илүү удаан хугацаанд үргэлжлэх бол илтгэлийн дундуур завсарлага аваад 1-2 минутын турш үргэлжлэх богино тоглоомыг хамт тоглоорой. Тоглоом нь хүн бүрийн мэддэг дүрэмтэй, богино хугацаанд үргэлжлээд дуусдаг байвал тохиромжтой. Үзэгч сонсогчид анхаарлаа ийнхүү өөр зүйлд бүрэн хандуулснаар илтгэл үргэлжлэх үед анхаарал нь илтгэл дээр буцаад бүрэн төвлөрөх боломжтойгоороо байдаг. 

7. ЯРИАГАА УДААШРУУЛАХ

Илтгэл эхлэхээс дуусах хүртэл нэгэн хэмнэлээр ярих нь илтгэлийг "амь"-гүй болгож, үзэгчдийг уйдаадаг. Шаардлагатай үед ярианы хурдыг удаашруулан, бүр шаардлагатай үед таван секундийн турш дуугаа хураан үзэгчдэд түр амсхийх хугацаа олгосноор илтгэлийн үр өгөөж нэмэгдэх бүрэн боломжтой. 

8. ТӨГСГӨЛӨӨ САЙН ХИЙХ

Илтгэлээ хэрхэн төгсгөх нь хэрхэн эхлүүлэхээс ч чухал байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс илэрхийлэх гэсэн гол санаагаа ганцхан хүчтэй өгүүлбэрээр дүгнэн төгсгөх нь хамгийн шилдэг арга билээ.

9. ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ

Үзэгчид илтгэлд чинь цаг хугацаа гэх хамгийн үнэт зүйлээ зориулсан тул тэдэнд талархлаа илэрхийлэхээ бүү мартаарай. 

Эх сурвалж: EF

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил