ЭРҮҮЛ МЭНД: Дотно харилцааны талаар ярилцъя


Сондор | YOLO.MN
2021-02-24

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Бид энэ удаад ЕБС-ийн 10-р ангийн Эрүүл мэнд хичээлийн “Дотно харилцаа ба хүний эрх” сэдвийн интерактив жишиг хичээлийг хүргэж байна.

Энэхүү хичээлийн агуулгад хүний эрх болон дотно харилцааны уялдаа холбооны талаар заах болно. 

ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

 Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.
 Хүн бүр хаана ч байсан эрхзүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.
 Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй.
 Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
 Хүн бүр сурч боловсрох эрхтэй.

ДОТНО ХАРИЛЦАА ГЭЖ ЮУ ВЭ?

Хүмүүсийн хооронд үүсдэг сэтгэлийн нандин дотно холбоо бөгөөд хайртай хос, дотно найз нөхдийн хүрээнд үүсдэг. Энэ нь үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гэрлэлт, гэр бүлийн харилцаанд илүү тод илэрдэг. Өөрөөр хэлбэл жирийн найз нөхдөөс илүү дотно холбоо үүсгэнэ гэсэн үг.

ДОТНО ХАРИЛЦААТАЙ ХҮМҮҮС ДАРААХ ЭРХТЭЙ:

 Өөрт нь хэрэгтэй, эсвэл хүссэн зүйлсээ асуух эрхтэй.
 Гэмшсэн сэтгэлгүй "Үгүй" гэж хэлэх эрхтэй.
 Өөрийнхөөрөө байх эрхтэй.
 Хүндэтгэлтэй болон тэгш эрхтэйгээр харилцах эрхтэй.
 Өөрийн бэлгийн эрүүл мэндийг хамгаалах эрхтэй. Энэхүү хичээлийн агуулгад дээрх таван эрхийг дэлгэрүүлэн тайлбарлана. 

Энэхүү интерактив хичээлийг ЭНД дарж эцэг эхтэйгээ хамтдаа хийж хүн эрхээ эдэлж чадахгүй бол ямар асуудлууд үүсэж болох болон өөрийн чинь эрх өмнө нь ямар нэгэн байдлаар зөрчигдөж байсан эсэх, хэрэв зөрчигдвөл асуудалд хэрхэн хандах ёстой талаар тэдэнтэй нээлттэй ярилцаарай. Энэхүү интерактив хичээлийг мөн дохионы хэлээр хүлээн авах боломжтой. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал