Daft Punk хамтлаг тарж буйгаа АЛБАН ЁСООР мэдэгдлээ


Миау | YOLO.MN
2021-02-23

Францын алдарт Daft Punk хамтлаг 28 жилийн турш үйл ажиллагаа явуулсны эцэст тарж буйгаа албан ёсоор мэдэгджээ.

Анх 1993 онд Thomas Bangalter, Guy-Manuel de Homem-Christo нар Daft Punk хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хаус хөгжмийн урсгалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Тэд 1997 онд “Homework” хэмээх студийн анхны цомгоо гаргасан бөгөөд уг цомогт бидний сэтгэлд хоногшин үлдсэн “Around the World”, “Da Funk” зэрэг уран бүтээлүүд багтдаг. Үүнээс хойш тэд хаус урсгалыг фанк, текно, диксо, рок, синтпоп зэрэг олон урсгалтай хослуулан үе үеийн залуусын дунд хит болсон уран бүтээлүүдийг төрүүлсээр ирсэн билээ.

Тэгвэл уг хамтлаг өөрсдийн албан ёсны YouTube хуудаснаа 8 минутын турш үргэлжлэх “Epilogue” нэрт бичлэгээр тарж буйгаа албан ёсоор мэдэгдсэн нь YouTube сайтын трэнд бичлэгийн жагсаалтыг тэргүүлжээ. Олон жилийн турш тус хамтлагийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан Kathryn Frazier энэ мэдээллийг баталсан ч чухам яагаад тарж буй шалтгааныг тайлбарлаагүй юм. 

Ингээд нийтлэлийн төгсгөлд та бүхэнд “Epilogue” бичлэгийг хүргэж байна.

Daft Punk хамтлаг хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох Грэммийн наадмаас нийт зургаан удаа голлох шагналыг хүртэж байсан бөгөөд Rolling Stone сэтгүүлээс тодруулсан “Бүх цаг үеийн шилдэг 20 хамтрал” жагсаалтын арванхоёрдугаар байранд бичигдсэн нэр хүндтэй хамтлаг билээ. 

Эх сурвалж: Pitchfork

 

#Дуу хөгжим #Daft Punk