ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2021-02-15

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Юмыг яаж дуустал нь хийж сурах вэ? 

Сайн байна уу? Би 17 настай. Мэргэжлээ сонгоод ямар сургуульд сурахаа шийдсэн ч миний яг одоогийн байдал тэр сургуульд тэнцэхээргүй байна. “Одооноос ЭЕШ-даа бэлдээд явъя, тэгэхгүй бол болохгүй нь” гэж байнга боддог ч ямар ч арга хэмжээ авахгүй, бахь байдгаараа, нэг л мэдэхэд өдөржин утастайгаа ноцолдчихсон байдаг. Ерөнхийдөө бол би нэг зүйл эхлүүллээ гэж бодоход дуусгаж эцсийг нь үзэж чаддаггүй хүн юм л даа. Тэгээд яаж юмыг эхлүүлж бас дуусгаж, хэрэгжүүлж чаддаг болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Тууштай байхад суралцаж болно 

Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Заримдаа хүмүүс алдаа гаргахаас айж түгших, стресстдэх, санаа зовних, төгс төгөлдөр хийх гэж хичээх эсвэл өөрийгөө доогуур үнэлж байгаа үед хийх гэж төлөвлөсөн зүйлээ хойшлуулах гээд байдаг талтай.

Мэдээж ЭЕШ нь ирээдүйд сурах сургууль, хүссэн мэргэжлээ сонгоход нөлөөлөх боловч түүнээс болж түгшүүрлэж санаа зовних нь анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс аль болох тайван байхыг хичээгээрэй.

Дараах асуултуудад хариулж төлөвлөгөөгөө гаргаарай. Хүссэн сургуульдаа ороход ямар хичээлээ илүү сайн бэлдэх хэрэгтэй вэ? Хэрхэн бэлдэх вэ буюу өдөрт хэдэн цагийг хичээлээ хийхэд зарцуулах вэ? Хэдэн минут хийж байгаад хэдэн минут амрах вэ? Өөрийн давтсан хичээлийнхээ урд зөв, эсвэл нэмэх тэмдэг тавьж тэмдэглэгээ хийгээрэй. Хичээлээ хийж байгаа юм чинь өөртөө амрах, дуртай зүйлээ хийх, зугаатай байх, утсаа оролдох цагийг ч мөн гаргаарай. Харин өөрийн төлөвлөсөн цагаасаа хэтрүүлэхээс зайлсхийгээрэй. Хичээлээ давтсаны дараа хэсэг дуг хийх эсвэл нүдээ анин 10 минут суугаарай. Энэ нь хүлээж авсан мэдээллийг цэгцлэх, ой тогтоолтдоо хадгалахад тусалдаг. Өөрийн зорилгынхоо төлөө ямар нэгэн үйлдэл хийж эхлэх үед түгшүүрлэх, стрессдэх нь багасдаг. Тиймээс төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Тууштай байхад суралцаж болдог. Олон удаагийн оролдлого, туршлагаас бий болгох боломжтой. Бага зүйлээс эхлээрэй. Жижиг, хугацаа бага орох зүйлсийг түрүүлж хийж дуусгаарай. Ингэснээр “Би чадаж байна” гэдэг амжилтын мэдрэмж авдаг. Амжилтын мэдрэмж нь бидэнд дараагийн том даалгавруудаа хийх урам өгдөг. Мөн шууд тууштай байя гээд л тууштай болохгүй. Хичээл зүтгэл, цаг хугацаа шаардлагатай. Хичээж байх явцад шантармаар санагдах үе гарна. Тэр үед амралт авах цаг болж хэмээн хүлээн авч түр зогсож болно. Харин бүр мөсөн орхихоос зайлсхийгээрэй.

Энэ мэтчилэн бага багаар оролдоод л байх юм бол дадал болох боломжтой. Аливаа зүйлийг хийж байхад дунд нь эерэг, сөрөг олон зүйлс тохиолдоно. Харин түүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй буюу алдаа, оноо, эерэг, сөрөг мэдрэмж төрөх, гэнэтийн төлөвлөөгүй зүйлс тохиолдох, бүтэлгүйтэх гэх мэт эрсдэлийг тооцоорой. Амжилтад хүрэх зам шулуун байдаггүй шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Ашиглах болохоороо л чат бичдэг

Сайн байна уу? Би 15 настай. 10-р ангийн сурагч, эмэгтэй. Би 10-р ангид орохдоо сонголтоороо энэ ангид орж ирсэн юм. Хуучин ангид байсан найзууд маань бүгд өөр өөр ангид орчихсон. Анх энэ ангидаа их ганцаардсан. Бүгд л онгироо, их зантай, хүн үл тоодог, шоглодог зантай. Харин явж явж нэг охинтой найз болов оо. Хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвх сайтай охин. Анхандаа байдаг бүх зүйлээрээ туслаад л, хамаг юмаа яриад л байсан ч надад юмаа нээх ярьдаггүй.

Тэр найз надаас илүү сайн хоёр найзтай. Тэр хоёрт л хамаг юмаа ярьдаг. Уул нь бид хоёр хамт гадаадад сурна гэж ярьсан юм. Бид хоёрын очно гэж ярьсан улсад манай хамаатнууд байдаг юм. Тэрэнд л болж найзалсан юм билээ. Ашиглах болохоороо, юм салгаж авах гэхээрээ л чат бичдэг. Хүнд ингээд ашиглуулаад баймааргүй байна. Найзлахаа больё гэхээр ангидаа найзгүй болоод дахиад л ганцаардах вий гэж айж байна. Энэ тохиолдолд яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Итгэдэг хүндээ л мэдрэмжээ хуваалцдаг

Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Найзтайгаа ярилцаж үзсэн болов уу? Ямар учраас чамд юм ярьдаггүй талаар асууж үзсэн үү? Зөвхөн гадаадад байдаг танай хамаатнаас болж чамтай найзалсан гэж үү? Энэ талаар асууж ярилцаарай. Хоорондоо буруу ойлголцоод яваад байж болох юм. Бид хэн нэгний бодлыг таасныгаа уншсан мэт хүлээж авах гээд байдаг талтай. Энэ нь бодлын алдаа юм шүү. Ярилцахдаа өөрт төрсөн бодол, мэдрэмжээ тайван дуу хоолойн өнгөөр ярилцах нь ойлголцолд хүрэхэд илүү тусалдаг.

Мөн найз нөхдийн харилцаанд бие биенээ сонсох, бодол мэдрэмжийг нь хүндэлдэг байх нь итгэлцэл бий болгоход тусалдаг. Хэн нэгнийг зүгээр л надад итгэ, надтай ярилц гэх боломжгүй. Бид итгэдэг хүндээ л мэдрэмжээ хуваалцдаг. Тиймээс найзуудтайгаа харилцахдаа хэр их анхаарч сонсдог, үзэл, бодол мэдрэмжийг нь хүндэлдэг талаараа эргэцүүлж үзээрэй.

Хэрэв ярилцаад тодорхой үр дүнд хүрэхгүй бол харамсалтай байна. Хэн нэгнийг надад итгэ, намайг ойлго, надтай ярилц гэж хүчлэх боломжгүй шүү дээ. Орчин солигдох үед хүүхэд бүр их, бага хугацаагаар хямардаг. Үргэлж ийм байхгүй гэдгийг өөртөө сануулж байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Олны дунд байхад бүгд над руу харж байгаа юм шиг санагддаг

Сайн байна уу? Би 15 настай. 10-р ангийн сурагч, эмэгтэй. Би ичимхий зангаасаа салж чадахгүй байна. Бага байхад ээж аав хоёр маань өдөржин ажилтай орой л орж ирдэг байсан. Ганцаараа гэртээ байсаар ийм болсон байх гэж боддог. Ямар нэгэн сургалт дугуйланд явдаггүй. Олны дунд үг хэлж чаддаггүй, олон дунд өөрийнхөөрөө байж чаддаггүй, биеэ барьдаг. Багш самбарт гаргана гэж нэрс дуудахад намайг дуудахвий гэж айдаг. Хийлгэх юмыг нь хийж чадах ч самбарт гараад бүх юмаа мартчихдаг. Хүүхдүүд юу гэж бодож байгаа бол араасаа муухай харагдаж байгаа байхдаа гэж бодогддог. Zoom-ээр хичээл ороход камераа нээхээс ч ичдэг.

Өөрийнхөө царайнд дургүй. Хүүхдүүд царай муутай гээд муу ярих байх гэж санаа зовнидог. Багш асуулт асуухад хариултыг нь мэдэж байгаа ч гараа өргөөд хариулахаар бүгд л над руу харах байх гэж айгаад хариулдаггүй. Олны дунд байхаар бүгд л над руу хараад байгаа юм шиг, бүгд л миний тухай муугаар ярьж байгаа юм шиг санагдаад өөрийгөө нэг газар хийгээд нуучихмаар, тийм байдалд орохоороо гүйгээд гармаар санагддаг. Энэ тохиолдолд яах уу? Заавал хариулж өгөөрэй.

ЗӨВЛӨГӨӨ: 

Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Бусад хүүхдүүд чиний үйлдэл бүрийг анзаарч, алдаа болгоныг өөлөх юм шиг санагддаг бололтой. Ямар учраас чамд ингэж санагдах болсон бэ? Хэн нэгэн чамд чиний талаар сөрөг утгатай зүйл хэлж байсан уу? Хэрэв тийм бол бусад хүмүүс биш зөвхөн чи өөрөө өөрийгөө хамгийн сайн мэддэг гэдгийг санаарай.

Заримдаа хүмүүс бидний өөг хамгийн түрүүнд олж харах юм шиг санагддаг. Бид өөрсдийн юуг өөгүй байна, юуг өөтэй байна гэдгийг мэддэг учир түүнд хамгийн их анхаарал хандуулдаг. Гэвч тэр талаар хэлээгүй л бол түүнийг нь хүмүүс төдийлөн анзаараагүй байдаг. Чи дотроо өөрийнхөө талаар бодож байгаатай адил бусад хүмүүс ч гэсэн ихэвчлэн өөрийнхөө тухай л бодож байдаг. Тиймээс хүн болгон чамайг бодоогүй, дээрээс нь хүн бүр чиний талаар муухай зүйл бодоогүй гэдэгт итгэлтэй байж түгшүүрлэхгүй байж болно. Хүн бүрд л өөрийн гэсэн давуу болон сул тал, өө сэв байдаг шүү дээ. Тиймээс чи ганцаараа алдаа гаргадаг, ганцаараа өө сэвтэй хүн биш учраас аливаа зүйлд өөрийнхөөрөө хандаж, аль болох чөлөөтэй байхыг хичээгээрэй. Хэрэг болох болов уу гэсэн үүднээс чамд дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Бусдын өмнө үг хэлэхийн тулд тодорхой хэмжээний бэлтгэл шаардлагатай байдаг. Тиймээс толинд харж хэлэх гэж буй үгээ чанга, тодоор хэлж хэвшээрэй. Мөн олон хүний өмнө үг хэлж байна гэж нүдэндээ төсөөлөн давтаарай.

- Олон хүний дунд байхад сандрах мэдрэмж төрвөл дотроо 1-30 хүртэл тоо тоолоорой. Мөн амьсгалын дасгал хийх боломжтой. Амьсгал авах үед гэдэс нь урагш түлхэгдэх ба энэ үед амьсгалаа түгжин дотроо 3 тоолоорой. Үүний дараа амаараа амьсгаагаа гаргаарай. Амьсгалын дасгал нь булчин суллахад тусалдаг учир тайвшруулах нөлөө үзүүлдэг. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Дахиж 108-д хандахгүй

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би 16 настай, эмэгтэй. Эцэг эхийн хоорондын харилцааны асуудлаас болоод сэтгэл санаа тавгүй явдаг л даа. Хааяа хааяахан аав ээж маань намайг гомдоох зүйл хийдэг. Гэхдээ загнаж зоддоггүй. Тэр болгонд нь би өөрөө л хэт эмзэглээд, хүндээр тусгаж аваад, сэтгэлээ зовоогоод байдаг. Энэ талаараа ярилцах хүн байдаггүй болохоор дотроо олон юм бодоод л яваад байдаг. Саяхан хэцүү байсан болохоор намайг ойлгож сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй санагдаад 108 утас руу залгаж бүх юмаа хэлсэн. Үнэндээ тэрхэн зуурын сэтгэл хөдлөлөө автаад дэмий зүйл хийснээ гэрт цагдаа болон нийгмийн ажилтан ирэхэд ойлгосон. Сэтгэл зүйчид хандаад намайг ойлгож тусална гэж бодож явсан минь үгүй байсан.

Би үнэхээр тэгэж сүртэй хүлээж авна гэж бодоогүй. Зүгээр л надад сэтгэл санааны дэм болох зүйлс хэлэх байх гэж бодсон ч тэр үед зүгээр байсан гэрийнхнийг сонин сонин асуулт, анхааруулгаар байдалд оруулсан. Дахиж л тийшээ хандахгүй гэж ойлгосон. Азаар гэрийнхэн маань намайг дуудлага өгсөн гэдгийг мэдэлгүй өнгөрсөн. Яг үнэндээ би хэлчихвэл гэрийнхэн маань надад маш их гомдох байх гэсэн бодол хааяа намайг гомдоодог ч одоо намайг хайрлаж байгаагаас нь төрж байна.

108-д өгсөн мэдээллээ цуцалж болдог болов уу? Эсвэл яаж гэрийнхнээ гомдоохгүй тайлбарлаж хэлэх вэ? Би өөрийнхөө сэтгэл хөдлөлдөө хэт автсанаас болоод дэмий юм хийчхэж. Хэцүү үедээ яаж өөрийгөө тайвшруулж, тоохгүй явж сурах вэ? Өмнө нь хэд хэдэн удаа танайд хандаж байсан, зөвлөгөө тань хэрэгтэй байсан шүү. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийг хамгаалахаар ажилладаг учир тэднийг битгий буруутгаарай

Өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд энэ бүхэнд өөрийгөө битгий хэт их буруутгаарай. Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх нь буруу зүйл биш. Харин бусдад илэрхийлж, ярьж байх нь мөн тэмдэглэл хөтөлж байх нь сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг бий болгож байдаг. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжээ нуух, дарах, тоохгүй байх бус зөвөөр илэрхийлж байгаарай.

108 нь хүүхдийн шуурхай тусламжийн утас, мөн анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой байдаг. Хүүхдийн тусламжийн байгууллага учир хамгийн түрүүнд хүүхдийн үгэнд итгэж, хүүхдийг хамгаалахаар ажилладаг. Тиймээс тэднийг мөн битгий буруутгаарай.

Хэрэв хэн нэгэн чамайг шүүмжлэлгүйгээр сонсоосой, нууцыг нь хадгалаасай гэж хүсэж байвал сэтгэл зүйн төвүүдийн мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж ярилцах боломжтой. Дараа уурласан, сэтгэл санаа тогтворгүй үедээ 3 удаа гүнзгий амьсгалах, 100 хүртэл тоолох, бодлын тэмдэглэл хөтлөх гэх мэт энгийн юм шиг боловч урт хугацаандаа үр дүнгээ өгөх аргуудыг ашиглаад үзээрэй.

Өсвөр насанд хүмүүсийн хэлсэн үгсийг эмзэг хүлээж авах тохиолдлууд зөндөө гардаг. Тэглээ гээд хүмүүсийн хэлж буй үгсийг бүгдийг хүлээн зөвшөөр гэсэн үг биш юм шүү. Харин чамд ямар санагдаж байгаа, чамайг яаж гомдоож байгааг хэлэх хэрэгтэй гэсэн үг юм. Ээж аавынх нь хэлсэн зарим үгс чамайг гомдоож байсан талаар тэдэнд хэлж байсан болов уу? Ээж аавууд заримдаа хүүхдээ гомдооно гэж бодохгүйгээр зарим үгсийг хэлчихдэг. Магадгүй чамайг гомдсон гэдгийг мэдээгүй ч юм бил үү? Тиймээс өөрт төрсөн бодол, мэдрэмжээ тайван дуу хоолойн өнгөөр ээж аавдаа илэрхийлээрэй. Эсвэл захидал бичээд өгсөн ч болно. Мөн хүсвэл 108-д хандсан талаараа ч давхар хэлэх боломжтой. Чи хэн нэгэн чамайг сонсоосой, сэтгэл санааны дэм болоосой гэж хүссэн шүү дээ. Үүнд буруу зүйл байхгүй. Ээж аав нь учир шалтгааныг нь мэдэхээр чамд гомдох нь бага байх болов уу. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: ЭЕШ-д бие даан бэлдвэл 800 оноо авч чадах болов уу? 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би 12-р анги, эмэгтэй. Энэ жил би ЭЕШ өгнө. Ер нь хувиараа бэлдвэл 800 оноо авч чадах болов уу? Би уг нь бэлдээд л, багш нарын оруулсан дасгал даалгаврыг хийгээд явуулж л байгаа. Гэтэл хэд хоногийн өмнө манайх онлайнаар уулзсан. Тэгэхэд л би өөртөө эргэлзсэн. Манайхны хүүхдүүд бүгд давтлага, сургалтад явж, зарим нь өглөөнөөс орой хүртэл хичээлээ хийсэн гээд л. Гэтэл би хувиараа бэлдээд л. Өөрөө асуултаа олж ухаад л. Надад ер нь өөрийн гэсэн ширээ ч байхгүй. Байгаа ширээ нь гал тогооных. Орчин нь ерөөсөө таалагддаггүй. Намайг байн байн дуудна. Гэрийнхэндээ завгүй байгаагаа яаж ойлгуулах вэ?

Бас мэдэхгүй зүйлээ асуухаар багш нар завгүй байдаг. Аав ээжид учир шалтгаанаа хэлэхээр “мөнгө муутай байна, наад утсаа боль, дүүтэйгээ тогло, гэр орноо цэвэрлэ, унт, хичээлээ боль, энийг хий” гэдэг. Ер нь дөрвөн хичээлийнхээ хоёрыг нь хасдаг ч юм билүү гэж бодлоо. Тэгэхээр зорилго маань үгүй болчих гээд. Ийм байхад би 800 бүү хэл, тэнцээд орж ч чадахгүй байх. Тиймээс хувиараа бэлдвэл 800 оноо авч чадах болов уу? Би юу хийх ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө зөөлөн ханд

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. ЭЕШ өгөх сурагчид шалгалтын өмнөх стресст ихээхэн автаж байгаа болов уу. Шалгалтад бэлдэж байгаа сурагчид маань үр дүнд хэт ач холбогдол өгөх нь эргүүлээд өөртөө дарамт бий болгож байдаг гэдгийг ойлгоорой. Үр дүнд хүрэх үйл явцдаа анхаарлаа илүү төвлөрүүлээрэй. Бухимдалтай биш сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж шалгалтад бэлдэцгээе. Дараах зүйлсийг анхаараарай:

- Тархинд амрах боломжийг олго. Өдөрт хичээл хийх цаг байх ёстой хэдий ч мөн хөнгөхөн дасгал хийх, амрах цаг байх ёстой. Анхаарал чинь төвлөрөхгүй үе гарвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Тархи хүлээж авахгүй байхад хүчилж унших нь үр дүнгүй шүү дээ.

- Хэдэн минут анхаарал чинь үргэлжилж байгаа гэдгийг ажиглаад хичээл хийх хуваариа бэлдэж гаргаарай.

- 30/10 гэсэн цагийн зарчим санал болгож байна. 30 минутад хийх хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд өөр зүйлд сатаарахгүй. 30 минут өнгөрсний дараа 10 минут амарна.

- Дэмжлэг авах. Нийгмийн цаг үеийн байдалтай холбоотойгоор сурагчид маань гэртээ бүх хичээлээ хийх нөхцөл тулгарч байна.Энэ үед гэр бүлийн бусад гишүүдийн дэмжлэг оролцоо ихээхэн чухал байгаа. Надад туслаач гэсэн хүслээ эцэг эхдээ хэлж байж тусламж авах.

- Бодлоо хянах. Бидний бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Таагүй бодол бодох үед бидний сэтгэл хөдлөл сөрөг болдог бөгөөд ингэснээр үйлдэл маань идэвхгүй бөгөөд улбагар болдог. Тиймээс хичээлээ хийж байгаа тул шалгалтаа би амжилттай өгнө, би бэлдэж чадна гэсэн эерэг бодлуудаар өөрийгөө цэнэглээрэй.

- Өөртөө зөөлөн ханд. Өөрийн хэмжээнд хүссэн шигээ үр бүтээлтэй байж чадахгүй эсвэл цагийг нэг л үр бүтээлгүй өнгөрөөгөөд байгаа юм шиг санагдаж байна уу? Гэвч ингэлээ гээд энэ бүхэн чиний үнэ цэнийг тодорхойлохгүй. Дан ганц шалгалтаар чиний амжилт болоод аз жаргал чинь хэмжигдэхгүй. Заавал 800 оноо авах ёстой гэсэн цензур тавих шаардлагагүй. Хамгийн дээд оноог аваагүй байсан ч чиний өөрийн чадвар, дотоод хүч үүгээр дуусахгүй. Хүссэн үр дүндээ хүрээгүй байсан ч чиний үнэ цэнэ буурахгүй юм шүү. Өөрийн зүгээс чадах бүхнийг хийсэн байхад хангалттай. Бусад хүмүүс өөрт чинь зөөлөн хандахгүй байсан ч өөртөө зөөлөн хандаж өөрөө өөрийгөө битгий буруутгаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter