Кпопын эргэн тойронд: JYP энтертайнмент УУЧЛАЛТ гуйлаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-15

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

JYP ЭНТЕРТАЙНМЕНТ УУЧЛАЛТ ГУЙЛАА

JYP энтертайнментаас загвар зохион бүтээгч Kim Balko-гийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан явдалд уучлалт хүслээ.

TWICE хамтлагийн Dahyun-ий “Switch to Me” дууны ковер дээр өмссөн хувцас нь загвар зохион бүтээгч Kim Balko-гийн зохиосон ханбуг бөгөөд тэрээр өөрийн цахим хаягтаа:

- “Хөөх??!! Миний хамтран ажиллаагүй бичлэг дээр миний зохиосон хувцас байх юм!!” гэж бичжээ.

Харин энэ үйл явдлын дараа JYP энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Сайн байна уу? JYP энтертайнмент байна. Бид Dahyun болон Chaeyoung нарын Melody төсөлт бичлэг дээр өмссөн ханбугийг хувцас нийлүүлэгч байгууллагаасаа худалдаж авсан. Гэсэн хэдий ч бусдын бүтээлтэй төстэй гэдгийг нь таньж чадсангүй. Бид ийм алдаа гаргасандаа уучлалт хүсэж байна. Мөн загвар зохион бүтээгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, асуудлыг нэг бүрчлэн тайлбарлах болно. Ийм зүйл дахин давтагдахгүйн тулд бид цаашид илүү их анхаарал тавих болно” гэжээ.

Загвар зохион бүтээгч Kim Balko нь солонгос үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт оруулж зохиодгоороо алдартай бөгөөд BLACKPINK хамтлагийн “How You Like That” дуун дээр хамтран ажилласан байна. Тухайн үед түүний загварууд багагүй шуугиан тарьсан бөгөөд ханбугийн загварыг шинэ түвшинд гаргасан хэмээн шагнал хүртэж байжээ.

SUNMI-ГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛИЙН ТОВ

Дуучин Sunmi энэ сард шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард “Borderline” болон J.Y.Park-тай хамтран “When We Disco” хэмээх уран бүтээл гаргасан юм. Ийнхүү энэ сарын 23-ны өдөр шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэх аж.

Ташрамд дурдахад, дуучин Sunmi биеийн жингээсээ болж олон нийтээс багагүй шүүмжлэл хүртэж байсан бол 2021 оны эхээр жин нэмсэн байна. Тэрээр 2020 онд “Knowing Bros” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө 41 кг жинтэй гэж хэлсэн нь олон нийтээс шүүмжлэл сонсоход хүргэсэн юм. Тухайн үед Sunmi жингээсээ болж маш их стресст орж, санаа зовдог хэмээн ярьж байсан бол энэ оны эхээр тэрээр жин нэмж 50 кг жинтэй болжээ.

AESPA ХАМТЛАГ GIVENCHY БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЖЭЭ

Aespa хамтлаг Givenchy брэндийн нүүр царай болсон анхны кпоп уран бүтээлчээр тодорчээ.

SM энтертайнментийн мэдээлснээр aespa хамтлаг 2021 онд Givenchy брэндийн нүүр царайгаар ажиллах бөгөөд энэ нь кпоп хамтлаг тус брэндийг төлөөлж буй анхны тохиолдол аж.

Givenchy брэндийн зар сурталчилгаа хариуцсан захирал Matthew M. Williams:

- “Би анх aespa хамтлагийг хараад гишүүн бүрийн эрч хүчийг мэдэрсэн. Karina, Giselle, Winter, Ningning нар бүгд өөрсдийн гэсэн онцлогтой. Aespa хамтлагийн загварын дүр төрх нь өөрсдийн гэсэн хэв маягтай юм шиг санагдсан” гэжээ.

YG ЭНТЕРТАЙНМЕНТААС BOBBY-ГИЙН ТАЛААР ТАЙЛБАР ӨГЧЭЭ

YG энтертайнментаас Bobby “Lucky Man” цомгийнхоо сурталчилгааг зогсоосон шалтгааныг тайлбарлалаа. 

iKON хамтлагийн гишүүн Bobby өнгөрсөн сард “Lucky Man” цомгийнхоо гол дуу болох “U Mad” дуугаараа сурталчилгаа хийсэн боловч үүгээрээ ердөө хоёрхон долоо хоног үйл ажиллагаа явуулжээ. Олон шүтэн бишрэгчид ийм богино хугацаанд үйл ажиллагаа явуулсанд нь YG энтертайнментийг буруутгаж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Харин YG энтертайнментаас:

- “Bobby-гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу “Lucky Man” цомгийн сурталчилгааг зогсоосон” гэсэн тайлбар өгчээ. Харин Bobby:

- “iKON гуравдугаар сард эргэн ирнэ. Мөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Kingdom” нэвтрүүлэг эхэлнэ. Тийм болохоор би тэдгээр үйл ажиллагаандаа бэлдэх ёстой гэж бодож байна. Хүн бүрийг гайхшруулах үзүүлбэр үзүүлэхийн тулд өдөр бүр хөлсөө дуслуулан бэлтгэл хийж байгаа гишүүдтэйгээ нэгдэхийг хүссэн юм” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд