“Миний хобби” булан маань ээлжит зочноо та бүхэндээ танилцуулж байна. БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Энхбазар чөлөөт цагаараа зураг зурах дуртай нэгэн. Тэр дундаа загварын зургийг гаргууд сайн зурдаг бөгөөд ирээдүйд тэрээр загварын ертөнцөд алдартай нэгэн болохыг хүсдэг аж. Түүнтэй хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
YOLO: Уран бүтээлийг нь харахад загварын гар зургийн төрлийн бүтээл давамгайлсан байна. Энэ төрлөөр хэдийнээс зурж эхэлсэн бэ?
Цэцэрлэгт байхаасаа анх зурж эхэлсэн. Гэхдээ би анх зурж эхлэхдээ загварын зураг биш уран зураг зурдаг байсан. Яг энэ чиглэлээр бол 7-р ангиасаа хойш зурж эхэлсэн.
YOLO: Бусад хөвгүүд сагс, хөлбөмбөг гэх мэт зүйлд сонирхолтой байдаг. Яагаад заавал энэ төрлийг сонирхох болсон юм бэ?
Мэдээж хүн хүний сонирхол өөр. Заавал нэгэн хэвэнд баригдаж бусдын жишгийг даган дурайх албагүй. Учир нь би дөрвөн жилийн нэгэн моделийг маш гайхамшигтайгаар зурсан байхыг хараад их л биширч билээ. Дэлхийд алдартай загварын зургийн уран бүтээлчид ихэвчлэн эрэгтэй хүн байсан учраас “Би яагаад оролдож үзэж болохгүй гэж” хэмээн урамшаад энэ чиглэлээр зурж эхэлсэн дээ.
YOLO: Зургийн сэдэл санаагаа хаанаас авдаг вэ?
Алдарт Hayden Williams, Karl Lagerfeld нарын зурагнуудаас этгээд зохиомж, моделуудын байршил гэх зэрэг зүйлсээс санаа авдаг. Мөн амьтан, далай, тэр бүү хэл монгол үлгэрийн дүрслэлээс ч санаа авах тохиолдол байдаг шүү.
YOLO: Одоогоор уран бүтээлийн санд тань хэр их бүтээл байгаа вэ?
Ойролцоогоор 200-гаад бүтээл бий. Мэдээж ихэнх нь illustration art буюу гар зургийн уран бүтээлүүд.
YOLO: Хүн бүр зурж чаддаггүй шүү дээ. Гэхдээ өөрт байгаа зурах жаахан авьяасаа чинийх шиг хөгжүүлмээр байгаа хүүхдүүд байгаа л байх. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
Хүмүүс хэцүү гэж бодож л зурахаас эмээдэг. Үнэн хэрэгтээ чамд зураг зурах асар их хүсэл тэмүүлэл байх л юм бол тийм ч хэцүү зүйл биш. Мөн сайн зурдаг болоход цаг хугацаа хэрэгтэй. Нэг онцгүй зурлаа гээд орхичихвол хэзээ ч зурж сурахгүй. Шантралгүй оролдож байж л сурна.
YOLO: Авьяасаа хэрхэн хөгжүүлдэг вэ?
Алдартай зураачдын зурсан зурагнаас өнгө будаг, загварын үлгэр дууриалал мөн хэрхэн яаж зурж байгааг сайтар ажигладаг. Хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн бол Hayden Williams illustrator юм. Мөн би тал бүрээр өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Тйимээс ч зураг зурахдаа хүртэл үргэлж шинийг эрэлхийлдэг.
YOLO: Яг энэ чиглэлээрээ ирээдүйд хийж үзэхийг хүсдэг зүйл бий юу?
Маш олон бий. Тэр дундаас Dior-ийн дээр үеийн эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг илэрхийлсэн загварыг эргэж моодонд оруулмаар санагддаг. Нэгэн хэвийн тавигдсан хязгаарыг эвдэхийг үнэхээр их хүсдэг.
YOLO: Зураг зурахад чинь зааж зөвлөдөг багш бий юу?
Манай сургуулийн технологийн багш, БТА Оюунтөгс багш маань зааж зөвлөдөг. Анх нэг зураасыг ч хэрхэн яаж татахыг мэдэхгүй орж ирснээс минь өдий хүртэл зааж зөвлөж намайг энэ зам руу залж, мөрөөдлийг минь чиглүүлж өгсөн багшдаа үргэлж баярлаж явдаг.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
Мэдээж загвар зохион бүтээгч
YOLO: Зураг зурах нь чиний амьдралд хэр том байр суурь эзэлдэг вэ?
Миний амьдралд мэдээж маш том байр суурь эзэлдэг. Энэ чиглэлээр зураад яг дөрвөн жил болсон байна. Энэ хугацаанд ер нь бүхий л зүрх сэтгэлээ зураг зурахад зориулсан даа. Цаашид ч зурсаар, өөрийгөө улам хөгжүүлсээр байх болно.
YOLO: Зурсан зурагнуудаараа бүтээл гаргаж байсан уу?
Тэгэлгүй яахав, цаашдаа ч маш их гаргахыг хүсдэг.
YOLO: Бүтээлээрээ уралдаан тэмцээнд байр эзэлж байсан уу?
“Eco fashion” 2015 уралдаанд тусгай байр эзэлж байсан. Мөн Хангай дээд сургуулийн AMAZONKA 2016 тэмцээнээс авангард хувцасны төрлөөс “Их соёл” загвараараа дэд байрт шалгарсан.
YOLO: Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?
Миний нэг өдөр их сонирхолтой өнгөрдөг. Чөлөөт цагаараа зураг зурах бас бүжиглэх, дуулах дуртай. Хичээлээ тараад сургуулийнхаа бүжгийн дугуйланд явдаг. Хичээллээд гурван жил болж байна. Мэдээж зураг зурахад үргэлж цаг гаргадаг. Бас загварын шоу үзэх үнэхээр дуртай. Тэр дундаа Victoria secret, Fendi, Prada, Chanel, Burberry гэх мэт загварын шоунуудыг үзэх дуртай.
YOLO: Чиний хүндэлдэг загвар зохион бүтээгч?
Миний түрүүнд дурдсан Хэйдан Уильямс болон Карл Лагерфельд мөн Монголоос Золжаргал нар юм.
YOLO: Чиний хувьд цаашдаа загварын агентлагуудын зүгээс гэрээ хийх санал тавибал хэрхэн хүлээн авах вэ?
Мэдээж маш баяртайгаар хүлээж авна. Би Монголынхоо загварын агентлагуудад их дуртай. Тэр дундаас “Michel and Amazonka” болон “Торго” салон их таалагддаг. Мөн би ирээдүйд алдартай зураач болох л юм бол Кара Деливингтэй хамтарч ажиллахыг маш их хүсдэг. Учир нь тэр бусдаас үнэхээр содон санагддаг.
YOLO: Мөрөөдлөөсөө хуваалцаач
Миний мөрөөдөл бол миний боломж . Жеоржи Армани дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өдий хүртэл нэр нь дуурсагддаг шиг би загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирэхийг л мөрөөддөг дөө.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, урлагийн үйлст нь амжилт хүсье.
Маш их баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх