Галерейн уран зургуудыг гэрээсээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-10

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олны хэрэгжүүлж буй “Карантин дахь галерей” төсөл энэ сарын 15-наас олны хүртээл болохоор боллоо.

Коронавируст халдварын улмаас Монгол улсын хэмжээнд үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 11-нээс зогсоосон. Улмаар уран бүтээлчдийн бүтээлээ олон нийтэд хүргэх суваг нь хязгаарлагдмал болсон билээ.

Түүнчлэн хөл хорионы үеийг гэртээ өнгөрүүлж буй иргэдийн хувьд урлагийн олон төрөлтэй танилцах, түүгээр дамжуулж мэдлэг мэдээлэл хүлээн авах эрэлт хэрэгцээ их болж байна. Иймээс уг төслийн хүрээнд “Монголын уран зургийн галерей”, “Монгол арт галерей”, болон “Маршал арт галерей”-тай хамтарч уран бүтээлийн үзэсгэлэнг онлайнаар танилцуулж, хосгүй үнэт, түүхэн болон орчин цагийн уран зургуудыг тайлбарын хамт 360 бичлэгээр хүргэнэ.

Энэхүү мультимедиа цуврал нийтлэлд галерейн танилцуулга, 360 бичлэг, подкаст буюу ярилцлага багтах бөгөөд энэ сарын 15-наас эхэлж долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад YOLO.mn болон Gogo.mn сайтад нийтлэгдэх юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед хүүхэд, залуучууд цахим хэрэгсэлд зарцуулж буй цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан дүрслэх урлагийн ертөнцтэй танилцах, үндэстний урлагийг таниулж, олон нийтэд дэлгэрүүлэн түгээх, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж.

#Соёл урлаг #Галерей #Хөл хорио