Загвар өмсөгч Gigi Hadid гоо сайхны нууцаасаа хуваалцлаа


Миау | YOLO.MN
2021-02-05

Өдгөө 25 настай загвар өмсөгч Gigi Hadid “Vogue” сэтгүүлийн “Beauty Secrets” буланд оролцохдоо арьс арчилгаа болон нүүр будалтын арга техникээсээ хуваалцжээ.

Та бидний мэдэж байгаачлан тэрээр өнгөрсөн есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тиймдээ ч Gigi бие давхар болсноосоо хойш “Oliveda”, “Cetaphil”, “St.Ives” зэрэг брэндийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэж эхэлсэн талаараа онцолсон юм. Түүний хувьд супер моделийн түвшний арьсыг бий болгохын тулд заавал үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй аж.

Gigi бичлэгийн үеэр мөн өөрийн арьс арчилгааны маш “хачирхалтай” аргаас хуваалцсан юм. Тухайлбал тэрээр унтахынхаа өмнө нүүрэн дээр гарсан батган дээрээ шүдний оо түрхдэг бөгөөд түүний үзэж буйгаар энэ арга өөрт нь их дүнтэй байдаг байна.

Гэхдээ тэр энэхүү зөвлөгөөгөө хуваалцсан нь олон нийтээс их хэмжээний шүүмжлэл дагуулж болзошгүй талаар ч дурдсан юм. Үнэхээр л арьс, гоо заслын дийлэнх мэргэжилтнүүд нүүрэн дээр гарсан батга, үрэвслүүд дээр шүдний оо түрхэх аргын эсрэг байдаг билээ. Мөн тэрээр:

- “Ахлах сургуулийн сурагч байх үедээ нүүрээ тийм ч их буддаггүй байсан. Харин зураг авалтад оролцож, загварын тайзан дээр алхах бүрдээ нүүрээ хэрхэн яаж будвал илүү сайхан харагдахыг сурч авсан. Анх удаа улаан хивсний ёслолд оролцоход миний нүүрийг будаж өгөх хүн ч байсангүй. Өөрөө л нүүрээ буддаг байв. Тиймдээ ч хүмүүс миний тухайн үеийн зургийг одоогийнхтой харьцуулж харчхаад “хөөх, Gigi-гийн хамар ямар өөр болчхоо вэ?” гэх зэргээр ярьдаг. Гэхдээ энэ бол нүүр будалтын л хүч шүү дээ. Би нүүрэндээ ямар ч мэс ажилбар хийлгэж байгаагүй. Харин нүүрнийхээ яг шаардлагатай хэсгүүдэд гэрэл сүүдэр тавихад л болчихдог юм” гэжээ.

Ингээд түүний “Beauty Secrets” буланд оролцсон бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

Эх сурвалж: Vogue

#Гоо сайхан #Загвар #Gigi Hadid #Vogue