Цахим орчинд хятад хэл сурч буй хүмүүст зориулсан хэдэн зуун апликэйшн бий. Харин хятад хэл сурахаар өөрийгөө дайчилж буй уншигч та нар маань гар утасны ямар апликэйшнийг түлхүү хэрэглэж байна вэ? Өөрт тохирохыг олоогүй л яваа юм биш биз?
Тэгвэл та нартаа зориулж дараах апликэйшнүүдийг санал болгож байна.
1. УНШЛАГЫН АПЛИКЭЙШН:
Du Chinese хэмээх апликэйшн та бүхэнд хятад хэл дээр унших чадвараа сайжруулахад туслах болно. Унших эхийн сэдэв энгийн сэдвүүдтэй харьцуулахад их сонирхолтой бөгөөд өдөр тутмын яриа, Хятад улсын соёл, сүүлийн үеийн үйл явдлуудыг багтаасан байдаг.
Унших эхүүд нь хэцүү, ахисан түвшний байх вий дээ хэмээн санаа зовж байж болох юм. Гэхдээ хичээлүүдийг HSK шалгалтын 1-6 гэсэн түвшингөөр ялгасан байдаг тул өөрийн түвшингөөс хамааран хичээлээ сонгоорой.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд уг апликэйшн үг, өгүүлбэрийг англи хэлнээс хятад хэл рүү маш оновчтой хөрвүүлдгээрээ онцлогтой.
2. СОНСГОЛЫН АПЛИКЭЙШН
ChineseClass101 нь ижил төрлийн апликэйшн дундаа хамгийн чанартай зохион байгуулалттай апликэйшн бөгөөд сонирхолтой сэдэв бүхий подкастуудын тусламжтайгаар хятад хэлний дуудлага болон сонсголын чадваруудаа ахиулах боломжтой байдаг. Уг апликэйшнд багтсан аудио материалууд мөн л түвшингөөр ангилагдсан байх тул өөрт тохирохыг нь сонсоод үзээрэй.
Сонирхуулан хэлэхэд та энэхүү апликэйшнээр өөрийн хятад хэлний дуудлагаа бичлэг болгон авч, унаган хятад хэлтэй хүний бичлэгтэй харьцуулан сонсох боломжтой. Гоё байгаа биз?
3. ЯРИАНЫ АПЛИКЭЙШН:
Өмнө нь хятад хэл үзэж байсан ч ашиглаагүй удсан бол тоосонд дарагдсан мэдлэгээ сэргээхэд Hello Talk апликэйшн танд тусална. Дэлхий даяар нэг сая гаруй хэрэглэгчтэй энэхүү апликэйшнээр унаган хятад хэлтэй хүмүүстэй холбогдон ярилцах боломжтой билээ.
4. ХАНЗНЫ АПЛИКЭЙШН:
Харин ханзны тухайд Skritter болон Zizzle зэрэг апликэйшнийг санал болгож байна.
Skritter апликэйшний тухайд маш өргөн цар хүрээг хамарсан үгийн сантай бөгөөд номын санд нь 393 ном үнэгүй байршсан байдаг. Энэхүү апликэйшний хамгийн том давуу тал бол өөрийн ахиц дэвшлийг хянах хэсэг. Заримдаа бид маш олон цагаар хичээллэсэн ч тодорхой үр дүн гарахгүй байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэгвэл Skritter-ийн тусламжтайгаар өөрийн ахиц дэвшлийг өдөр, сар, жилээр нь харах боломжтой аж.
Харин хятад үсэг цээжлэх шаардлагатай тулгарсан бол Zizzle апликэйшн танд тусална. Ханзны зурлагыг ижил дүрстэй зургаар төлөөлүүлж, маш сонирхолтой бөгөөд өвөрмөц байдлаар цээжлүүлэх болно. Эдгээр зурган тайлбаруудыг хошин маягаар хийсэн тул цээжлэхэд тийм ч хэцүү байхгүй гэдгийг амлаж байна.
5. ТОЛЬ БИЧИГ:
Хэрэв та хятад хэл сурахаар шамдан мэрийж байгаа бол Pleco хэмээх апликэйшн өөрийн тань байнгын хэрэглээ байх болов уу. Мэдэх шаардлагатай ханзаа богино хугацаанд хайж олох боломжтойгоос гадна ханзыг зөв дарааллаар бичихэд тань тусална.
6. БОНУС:
Өмнө нь эргэн тойрных нь хүмүүс "хятад хэл сурах хэцүү" гээд мянга давтаад хэлчихсэн болохоор ихэнх хүмүүс уг хэлийг сурахаас айдаг. Тэгвэл Hello Chinese апликэйшн танд энэхүү айдсаа давахад туслах юм.
Хамгийн эхний хичээл нь pinyin буюу ханз үсгийг дуудах латин галигаас эхлэх тул анхлан суралцагч, аль эсвэл хятад хэлний ямар ч мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой. Суралцагчид олон төрлийн мэдээлэлд дарагддаггүйн дээр хичээлийг маш нарийн, нямбай байдлаар заадаг.
Энэ апликэйшний онцлох давуу тал бол өөрийн дуудлагыг бичлэг болгон авч, зөв дуудаж байгаа эсэхийг автоматаар шалгуулах боломжтой явдал юм. Сурсан бүхнээ нэгтгэхэд туслах дасгал ажил, тестууд ч мөн байршсан тул хятад хэл сурахаар шамдаж буй хүний утсан дээр заавал байх ёстой апликэйшнүүдийн нэг гэж ойлгож болно.
Эх сурвалж: Dig Mandarin
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх