Мэдрэлийн ядаргаа ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?


Заримдаа толгой өвдөх, бие сулбайх, ажлын бүтээмж буурах үед гэр бүл, ойр дотнынхон тань “утаснаас л болж мэдрэлийн ядаргаанд орж байгаа юм” гэж хэлж байсан удаа бий юу? Мэдрэлийн ядаргаа үүсгэж буй хүчин зүйл нь өөр болохоос биш надад ч бас тохиолдож байсан. Гэхдээ үнэхээр тэдний зөв байх тохиолдол байдаг л биз дээ? Учир нь бид өөрийн мэдэлгүй л мэдрэлийн ядаргаанд орчихсон байдаг. Хэн нэгэн сануулж хэлэхээс нааш эсвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсний дараа л ойлгодог нь харамсмаар. Яагаад, ямар шалтгааны улмаас би ийм байдалд хүрэв гэдэг асуултыг тэр бүр өөртөө тавьдаггүй.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ мэдрэлийн ядаргаа буюу мэдрэл сульдал хэрхэн үүсдэг тухай болон түүнд хүргэж буй хүчин зүйлсийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

МЭДРЭЛИЙН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Мэдрэлийн ядаргааг ойлгохын тулд эхлээд мэдрэлийн системийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Энгийнээр тайлбарлавал мэдрэлийн систем нь бидний бие махбодыг хянаж, амтлах, үнэрлэх, инээх, уйлах, суралцах гээд бүхий л үйл ажиллагааг зохицуулж байдаг. Мэдрэлийн систем нь нейрон хэмээх эсүүдээс бүрддэг бөгөөд энэхүү эсүүд нь тархинд мэдээлэл дамжуулах үүрэгтэй юм. Жишээ нь, та халуун зүйлд гараараа хүрлээ гэж бодоход нейронууд гар халж буйг тархинд мэдээлснээр тархи хариу үйлдэл үзүүлэн гараа халуун зүйлээс татаж авдаг байна.

МЭДРЭЛИЙН ЯДАРГАА БУЮУ МЭДРЭЛ СУЛЬДАЛ ГЭДЭГ НЬ...

Харин одоо мэдрэлийн ядаргаа хэрхэн үүсдэг талаар тайлбарлая. Хүн өдөрт дунджаар 8-9 цаг ажиллах хүчин чадалтай гэж үзвэл 24 цагийн турш тасралтгүй ажиллахад л мэдрэлийн системийн ачаалал ихсэж, мэдрэлийн ядаргаа үүснэ. Өөрөөр хэлбэл төв мэдрэлийн систем ачаалал дааж чадахгүйгээс үүдэн мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүйд хүрч байгаа юм.

Заримдаа удаан хугацаагаар өдөр, шөнөгүй хичээл, бие даалтаа хийсний дараа өглөө босоход ямар ч эрч хүчгүй, бие сулбайсан байдаг шүү дээ. Ихэнхдээ нойргүйдэл, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал зэргээс болж мэдрэлийн тогтолцоо сульдаж ядардаг байна. Мэдрэлийн ядаргаа архагшиж хүндэрвэл үхэлд ч хүргэх аюултай. Судалгаагаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй харьцуулахад мэдрэлийн ядаргаанд өртөх эрсдэл өндөр байдаг байна.

МЭДРЭЛИЙН ЯДАРГАА ҮҮСГЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛС

Мэдрэлийн ядаргаа үүсгэгч хүчин зүйлс хүн бүрд адил байх албагүй юм. Зарим хүмүүс ажлын ачаалал, стрессээс болж ядаргаанд ордог бол зарим нь санхүү, эдийн засгийн асуудлаас болж ядаргаанд ордог. Ингээд мэдрэлийн сульдалд хүргэж буй нийтлэг хүчин зүйлсийг хүргэе. Үүнд:

- Өндөр ур чадвар шаардсан ажил мэргэжил /онцгой байдлын албан хаагчид, эмч, цагдаа/.

- Ажлын ачаалал.

- Санхүү, эдийн засгийн хямрал.

- Дэлгэцийн донтолт

- Ажилдаа дургүй, сэтгэл ханамжгүй байх байдал.

- Өвчтэй хэн нэгнийг асран хамгаалах.

- Архаг өвчин сэдрэх.

- Сэтгэл санаа хямрах.

- Жирэмслэх.

- Нийгмийн халамж, үйлчилгээ дутмаг байх зэрэг шалтгаануудаас болж хүн мэдрэлийн ядаргаанд ордог байна.

Бид дараагийн дугаарт мэдрэлийн ядаргаанд орох үед илрэх шинж тэмдгүүд болон тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: Healthline

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Мэдрэлийн ядаргаа