Хятад хэлний түвшин ахиулахад туслах YouTube сувгууд


О. Саранчулуу | YOLO.MN
2021-02-06

Сурахад хамгийн хэцүү хэлнүүдийн эгнээнд хятад хэл зүй ёсоор багтдаг. Тиймдээ ч ахисан түвшинд нь хүрэхийн тулд тухайн суралцагчаас чамгүй хичээл зүтгэл, тэсвэр хатуужил шаардагдана.

Ингээд ойлгомжтой, сонирхолтой аргаар хятад хэлний мэдлэгээ ахиулахад тань туслах таван YouTube сувгийг танилцуулж байна. /Сувгийн нэрэн дээр дарахад тухайн YouTube суваг руу шууд үсэрнэ./

1. SHUO SHUO CHINESE (说说中文)

Хятадад өргөн хэрэглэгддэг хэлц үг, аман ярианы нэршлүүдийг маш ойлгомжтой бөгөөд жишээ өгүүлбэртэй хамт заадаг нь энэхүү сувгийн хамгийн том давуу тал билээ. Мөн та Хятад улсын тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой баримт, мэдээллийг энэхүү сувгаар дамжуулан мэдэж авах боломжтой. Та өөрийн ярианы чадварыг сайжруулахыг хүсвэл энэхүү сувгаар зочлоорой.

2. MANDARIN CORNER

Энэхүү суваг нь хятад хэлний дунд болон ахисан дунд шатны мэдлэгтэй хүмүүст зориулж Хятад улсын талаар сонирхолтой мэдээ, мэдээллийг тогтмол хүргэдэг. Та энэхүү сувгаар дамжуулан хятад хүмүүсийн өдөр тутмын амьдрал, соёлын онцлогийн талаар ойлголттой болох бүрэн боломжтой юм.

Бээжин, Шанхай зэрэг өндөр хөгжилтэй хотуудад амжилттай ажиллаж, амьдарч байгаа олон чадварлаг залуусыг өөрсдийн бичлэгтээ урьж оролцуулдаг нь энэхүү сувгийг илүү сонирхолтой болгодог. Та бусдын туршлагаас суралцаж, урам зориг авах дуртай бол энэхүү сувгаар заавал зочлоорой. Мөн сонсгол болон үгийн сангаа баяжуулах хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой.

3. 听世界(TING SHIJIE)

Та ном унших завгүй, харин подкаст сонсох дуртай нэгэн бол энэхүү суваг танд хялбар аргаар олон төрлийн мэдээллийг цэгцтэйгээр олж авахад тусална. Гэрээ цэвэрлэх, хоол хийх, зураг зурах, ханз бичих хоорондоо сонсоход тохиромжтой.

Номын талаар хүүрнэж буй өгүүлэгч нь бичлэгийнхээ төгсгөл хэсэгт тухайн номоос юуг ойлгож авсан, юуг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй, зохиолч бидэнд юуг хүргэхийг зорьсон гэдгийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг нь энэхүү сувгийг илүү хүртээмжтэй болгодог. Та мөн дэлхий дахины тухай мэдээ, мэдээллийг хятад хэл дээр сонирхохыг хүсвэл энэхүү сувгаар зочлоорой.

4. LEARN CHINESE

Та хятад хэлний түвшин тогтоох шалгалт буюу HSK-д бэлдэхийг хүсэж байгаа ч яаж гэдгийг нь мэдэхгүй байвал энэхүү суваг танд туслах болно. Бээжингийн их сургуулийн эрдэмтэн багш нар хятад хэлний түвшин тогтоох шалгалтад бие даан бэлдэж буй хүмүүст зориулан гаргасан цуврал хичээлүүд энэхүү сувагт байршсан байдаг.

Та хятад хэлний дунд шат буюу HSK3 түвшнөөс эхлэн гүнзгий шат буюу HSK6 хүртэлх хичээлүүдийг энэхүү сувгаас хүлээн авч үзэх бүрэн боломжтой.

5. JJSAYS-雪莲说

Дөнгөж 19 настайгаасаа хятад хэл сурч эхэлсэн Jillian энэхүү YouTube сувгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хөтөлдөг. Тэрээр хятад хэлийг хэрхэн, яаж төрөлх хэл шигээ сурсан талаараа хуваалцах ба суралцах арга барилын талаар түлхүү зөвлөдөг. 

Эцэст нь хэлэхэд та өөрт таалагдсан 2-3 сувгаа сонгож, хятад хэлээ давтах төлөвлөгөө гаргаарай. Өдөр бүр тууштай давтсанаар хятад хэлний түвшнөө богино хугацаанд сайжруулах боломжтой.

#Боловсрол #Гадаад хэл #Хятад хэл #YouTube