Охид, бүсгүйчүүдэд өөрт тохирсон ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн сонгохоо мэдэхгүй үе цөөнгүй тохиолддог. Энэ талаар эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж, мэдээлэл хомс байдаг тул ихэнх эмэгтэйчүүд өөрсдийн таамгаар, чанарыг үл харгалзан худалдан авалт хийдэг. Гэвч зөв сонголт хийгээгүйн улмаас биед харшил өгөх, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хорт хавдар үүсэх зэрэг олон сөрөг үр дагавар гардаг.
Тиймээс охид, бүсгүйчүүддээ зориулан ариун цэврийн хэрэглэлийн төрлүүд болон тэдгээрээс сонголтоо хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэж байна.
АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ТӨРЛҮҮД
1. ТАМПОН
Тампон нь сарын тэмдгийн үед шингэнийг өөртөө шингээх зориулалттай шингээгч материалаар хийгдсэн хэрэглэл юм. Тампоны шингээх чадвар нь харилцан адилгүй байдаг бөгөөд энэ талаар мэдээллийг гаднах баглаа боодол дээрх тэмдэглэгээнээс харж болно.
Ашиглах заавар: Гараа сайтар угаасны дараа эрхий болон долоовор хуруугаар тампоныг үтрээ рүү хийнэ. Дунд хуруугаар тампоныг үтрээний гүн рүү зөөлнөөр түлхэж утсыг нь үтрээний гадна үлдээнэ. Хэрэглэсний дараа тампоныг утаснаас нь зөөлөн татаж гаргаж авна.
- Анхны сарын тэмдэг ирсэн үед: Тампон нь дотроо маш олон төрлийн хэмжээтэй байдаг тул анх сарын тэмдэг ирсэн үед аль болох нимгэн, жижиг хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Энэ нь биед тухтай, анх удаа хэрэглэхэд хялбар байдаг байна.
- Насанд хүрсэн эмэгтэйчүүд: Өөр төрлийн ариун цэврийн хэрэглэлээс татгалзан анх удаа тампон хэрэглэж үзэхээр шийдсэн бол сарын тэмдэг хэр их хэмжээтэй ирдгээс хамааран сонголтоо хийгээрэй. Эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөж буйгаар эхлээд жижиг, нимгэн хэмжээтэйг туршиж үзсэний дараа хэмжээг аажмаар томруулах нь тохиромжтой байна.
- Бэлгийн харьцаанд ороогүй бол: Зарим хүмүүс бэлгийн харьцаанд ороогүй бол тампон хэрэглэж болохгүй гэж ярьдаг ч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Энэ үед нимгэн, шингээгч багатай тампон хэрэглэж үзэх нь хамгийн тохиромжтой. Хэрэв хэрэглэх эсэхээ хараахан шийдэж чадахгүй байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө аваарай.
- Аарцагны хөндий хөндүүртэй, өвчтэй үед: Энэ үед аль болох нимгэн, нарийн хэлбэртэйг сонгож хэрэглээрэй.
Анхаарах: Хэрэв тампон хэрэглэсний дараа биед харшил өгөх болон бусад таагүй мэдрэмж төрүүлж байвал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Мөн тампоныг 3-4 цаг тутамд солих хэрэгтэй. Хэрэв зургаагаас дээш цаг биедээ байрлуулбал Токсик шок синдром (TSS) хэмээх ховор төрлийн өвчин тусах эрсдэлтэй байдаг.
2. ЭНГИЙН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ
Энгийн ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа наан байршуулдаг ба шингэнийг 3-4 цагийн турш өөртөө шингээн барих зориулалттай. Хэрэглэхэд хялбар тул аль ч насныхан хэрэглэхэд тохиромжтой юм.
Ашиглах заавар: Энгийн ариун цэврийн хэрэглэлийг дотор нь далавчтай, далавчгүй, супер шингээгчтэй, дахин ашиглах зориулалттай, өдөр тутмын гэж ангилдаг. Ихэнх энгийн ариун цэврийн хэрэглэлийг нэг удаа хэрэглэх зориулалттай байдаг бол дахин ашиглах зориулалттай ариун цэврийн хэрэглэл нь даавуун материалаар хийгддэг учир хэдэн ч удаа угаан ашиглах боломжтой байдаг.
Далавчтай хэрэглэл нь шингэн хальж урсахаас сэргийлдэг тул эмэгтэйчүүд ихэвчлэн энэ төрлийн хэрэглэлийг сонгодог. Сарын тэмдэг эхний өдрүүдэд их хэмжээгээр ирдэг бол супер шингээгчтэй буюу зузаан материалтайг сонгох хэрэгтэй. Харин сүүлийн өдрүүдэд зориулалтын өдөр тутмын нимгэн хэрэглэл хэрэглэвэл тохиромжтой юм.
Анхаарах: Судалгаагаар эмэгтэйчүүдийн 70-80 хувьд нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь хэрэглэж буй ариун цэврийн хэрэглэл харшил өгч байна гэсэн үг. Иймд өнгөн, шингээгч, гадна гэсэн гурван давхаргаас бүрдсэн чанартай хэрэглэл сонгохыг зөвлөж байна. Сонгохдоо чийг татдаггүй, хөвөн цаасан материалаар хийгдсэн, агаар нэвтэрдэг хэрэглэл сонгож хэвшээрэй.
3. "MENSTRUAL CUP" БУЮУ САРЫН ТЭМДГИЙН АЯГA
Сүүлийн үед эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх үүднээс сарын тэмдгийн аягыг хэрэглээндээ өргөн ашиглах болжээ.
Ашиглах заавар: Сарын тэмдгийн аяга нь эмэгтэйчүүдийн хамгийн өргөн ашигладаг нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэлтэй харьцуулбал нян бактери үрждэггүй, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй силикон материалаар хийгддэг байна. Аягыг хэрэглэж эхлэхээсээ өмнө болон сарын тэмдэг ирж дууссаны дараа буцалсан халуун усанд хийж нян, бактерийг нь устгаарай. Харин сарын тэмдгийн үеэр хэрэглэх явцад шингэн дүүрэх бүрд цэвэр усаар угааж хэрэглэнэ.
Хэмжээний хувьд S, M, L гэсэн гурван хэмжээтэй бөгөөд сарын тэмдэг ямар хэмжээтэй ирдгээс хамааран өөрт тохирсон зөв хэмжээг сонгох хэрэгтэй. Сарын тэмдгийн хэмжээ тогтмол бус бол том болон жижиг хэмжээтэйг хоёуланг нь хэрэглэвэл тохиромжтой.
- Өсвөр насны охид болон 30-аас доош насны эмэгтэйчүүд: Өсвөр насны охид болон хүүхэд гаргаж байгаагүй 30-аас доош насны эмэгтэйчүүд сарын тэмдгийн аяга сонгохдоо жижиг хэмжээтэйг сонгох нь зүйтэй. Хэрэв хэрэглэхэд биед тухгүй, эвгүй мэдрэмж төрж байвал эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө аваарай.
- 30-аас дээш насны эмэгтэйчүүд: Хүүхэд төрүүлэхдээ өөрөөрөө төрсөн болон их хэмжээгээр сарын тэмдэг ирдэг эмэгтэйчүүд M, L хэмжээтэй аяга сонгох хэрэгтэй. Зарим дэлгүүрүүдэд том хэмжээтэй аяга нь дотроо дахиад хэд хэдэн хэмжээгээр салаалсан байдаг тул худалдааны зөвлөхөөс сайн лавлаж сонголтоо хийгээрэй.
Анхаарах: Анх удаа хэрэглэхэд бага зэрэг эвгүй мэдрэмж төрж болзошгүй тул аягаа хийх болон буцааж авах үедээ өөрт амар байдлаар, маш болгоомжтойгоор хэрэглээрэй. Мөн хэрэглэж сурах хүртлээ ариун цэврийн хэрэглэлийг давхар хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр шингэн хальж урсахаас сэргийлэх юм.
Сарын тэмдгийн аяганы талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх