Samsung компани ширээ засаж, дарс хундагалах шинэ роботоо танилцууллаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-01-16

Хүн төрөлхтөн аяга тавгаа хурааж, гал тогооноос уух юм авчрахдаа заавал өөрөө явах шаардлагагүй болжээ. Учир нь энэ бүгдийг хийж чадах шинэхэн роботыг Өмнөд Солонгосын Samsung компани танилцууллаа.

Энэ жил виртуал хэлбэрээр зохиогдож буй, хэрэглээний технологийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг болох CES-н үеэр Samsung компани Bot Handy роботоо танилцуулсан юм.

Тус робот нь хиймэл оюун ухаан болон чадварлаг гараа ашиглан хэрэглэсэн аяга тавгийг ширээн дээрээс хурааж, эсвэл байршуулан, вааранд цэцэг хийж, уух юм хундагалан хэрэглэгчийн гарт хүргэж чадна. 

Гал тогооны байнгын туслах, нэмэлт гар болсон Bot Handy гарахад тань үдэж, ирэхэд тань мэндлэн гэрийн үйлчлэгчийн үүргийг гүйцэтгэх аж.

Үзэсгэлэнгийн үеэрх Samsung-ын гэнэтийн бэлэг үүгээр дуусаагүй. Тэд мөн Bot Care гэх роботоо танилцуулсан юм. Уг робот хиймэл оюун ухааны тусламжтай таны биеийн байдлыг хянаж, сэтгэлзүйн болоод сануулгын тусламж үзүүлнэ.

Дээд хэсэгт байрлах дэлгэцийг нь компьютер эсвэл гар утастайгаа холбон онлайн ярилцлагаа алхаж байхдаа хийж болохоор бөгөөд удаан хугацаанд ширээний ард суувал дасгал хийхийг санал болгох зэргээр зөвлөгчийн үүргийг ч гүйцэтгэх юм.

Гар утас үйлдвэрлэгч гэдгээрээ олонд танигдсан Samsung компани ийнхүү өөрсдийн анхны роботоо танилцуулсан нь дараа дараагийн шинэлэг технологиудад том шалгуур, өндөр хүлээлтийг нэмэгдүүлж байна.

#Технологи #Samsung #Робот