Орчин цагийн ШИЛДЭГ 20 РОМАНТИК кино


Миау | YOLO.MN
2021-01-11

Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд орчин цагийн шилдэг 20 романтик киног санал болгож байна. 

1. “CRAZY RICH ASIANS” (2018)

IMDb үнэлгээ: 6.9/10
Гол дүрд: Constance Wu, Henry Golding
Тайлбар: Нээлтээ хийгээд ердөө тавхан хоногийн дотор зардлаа нөхөж чадсан уг бүтээлийн дийлэнх дүрүүдийг Ази гаралтай жүжигчид бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Кино урлагийн салбарт тэсрэлт хийж чадсан уг бүтээлд Т. Энхтунгалаг хэмээх монгол бүсгүй тогложээ. 

Үйл явдлын тухайд Нью-Йоркийн их сургуулийн профессор Rachel найз залуу Nick-ийн хамт Сингапур улс руу гэр бүлийнхэнтэй нь танилцахаар явснаар киноны гол үйл явдал өрнөнө. Rachel зөвхөн Сингапурт төдийгүй Азидаа чинээлэгт тооцогдох гэр бүлийн өв залгамжлагч Nick-тэй харилцаагаа үргэлжлүүлж чадах болов уу?

2. “TO ALL THE BOYS I'VE LOVED BEFORE” (2018)

IMDb үнэлгээ: 7.1/10
Гол дүрд: Lara Condor, Noah Centineo
Тайлбар: Lara Jean бол яг л кино зохиол дээр гардаг шиг гайхалтай үерхлийг мөрөөддөг охин. Тэрээр хэн нэгэнд дурлах бүрдээ түүнд зориулан нандин үгс бүхий захидал бичдэг ч эзэн рүү нь огт илгээхгүйгээр өөртөө хадгалдаг байлаа. Гэвч нэгэн өдөр захидлууд гэнэтийн байдлаар эздэдээ очсоноор киноны үйл явдал өрнөнө. 

Зохиолч Jenny Han-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг киноны үйл явдал нийт гурван ангийн турш үргэлжлэх бөгөөд одоогоор эхний хоёр анги нь нээлтээ хийгээд байгаа юм. Гурав дахь ангийн зураг авалт аль хэдийнэ хийгдсэн ч хараахан нээлтээ хийгээгүй байгаа билээ.

3. “WINDSTRUCK” (2004)

IMDb үнэлгээ: 7.2/10
Гол дүрд: Jun Ji-hyun, Jang Hyuk
Тайлбар: Хүн бүрийн хувьд хэд ч үзсэн уйдамгүй кино байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд “Windstruck” яг л тийм кино. Тэртээ 2004 онд нээлтээ хийсэн уг бүтээлийн гол дүрүүдэд Монголчууд бидний сайн мэдэх жүжигчин Jun Ji-hyun, Jang Hyuk нар тогложээ. 

Шинэхэн цагдаа Kyung-Jin болон охидын сургуулийн физикийн багш Myung-woo нар хэрхэн хайр дурлалаар холбогдохыг “Windstruck” киноноос үзээрэй. 

4. “THE SHAPE OF WATER” (2017)

IMDb үнэлгээ: 7.3/10
Гол дүрд: Sally Hawkins, Octavia Spencer
Тайлбар: Энэ бол 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг кино", "Шилдэг ая", "Шилдэг продакшн дизайн", "Шилдэг найруулагч" хэмээх дөрвөн шагналын эзэн болсон гайхалтай уран бүтээл. 

1960-аад оны үйл явдлыг харуулах уг кинонд Балтиморын цэргийн нууц лабораторид ажилладаг сонсголгүй цэвэрлэгч эмэгтэй судалгааны биетэд дурлаж буй талаар өгүүлнэ. 

5. “10 THINGS I HATE ABOUT YOU” (1999)

IMDb үнэлгээ: 7.3/10
Гол дүрд: Heath Ledger, Julia Stiles
Тайлбар: Нээлтийн долоо хоногтоо "The Matrix" киноны араас Бокс оффисийн жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн энэхүү уран бүтээл Julia Stiles, Heath Ledger, Joseph Gordon-Levitt зэрэг жүжигчдийн хувьд анхны томоохон дүрүүд нь байсан юм.

Гэгээлэг, хөгжилтэй, сэтгэл догдлуулсан хайрын түүхийг үзэхийг хүсвэл энэхүү киног сонгохыг санал болгож байна.

6. “THE BEAUTY INSIDE” (2015)

IMDb үнэлгээ: 7.4/10
Гол дүрд: Han Hyo-joo
Тайлбар: Тавилгын загвар зохион бүтээгч залуу өглөө бүр өөр хүний биед сэрнэ. Гэвч түүний хайрыг булаасан бүсгүй өглөө бүр өөр хүн болж сэрэх түүнийг эргүүлэн хайрлах болов уу? 

Энэ бол романтик, хайр дурлал төрөл жанрын дийлэнх кинонуудаас тэс өөр санааг илэрхийлсэн уран бүтээл юм. Үүнийг үзсэний дараа та хайр гэдэг зүйлийг арай өөрөөр мэдэрч хүлээн авдаг болсон байх болно гэдэгт итгэлтэй байна. 

7. “JUNO” (2007)

IMDb үнэлгээ: 7.4/10
Гол дүрд: Elliot Page, Michael Cera
Тайлбар: 16 настай Juno охин найз Paulie-гаасаа бие давхар болсноо мэдсэнээр киноны гол үйл явдал өрнөнө. Үеийнхнийгээ бодвол харьцангуй биеэ даасан тэрээр удаан бодсоны эцэст хүүхдээ төрүүлсний дараа хүүхдийг нь сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлж чадах хүмүүст үрчлүүлэхээр шийддэг. 

80 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг зохиол" шагналыг хүртсэн уг кино танд маш нандин мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна.

8. “LOST IN TRANSLATION” (2003)

IMDb үнэлгээ: 7.7/10
Гол дүрд: Bill Murray, Scarlett Johansson
Тайлбар: 76 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино зохиол” төрөлд ялалт байгуулсан “Lost in Translation” кино та бүхэнд мөн л өвөрмөц мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Уг кино Академийн шагналт найруулагч Quentin Tarantino-гийн шилдэг киноны жагсаалтад багтдаг тул заавал үзээрэй. 

Үйл явдлын тухайд карьер нь уналтад орсон жүжигчин Bob зар сурталчилгаанд тоглохоор Япон улсад ирэх бөгөөд санамсаргүй байдлаар коллежоо төгсөөд удаагүй Charlotte-той танилцдаг. Тэдний харилцаа хэрхэн үргэлжлэхийг уг киноноос хүлээн аваарай. 

9.“500 DAYS OF SUMMER” (2009)

IMDb үнэлгээ: 7.7/10
Гол дүрд: Zooey Deschanel, Joseph Gordon-Levitt
Тайлбар: Хайр дурлалын харилцаа бодит байдал дээр хэрхэн бий болж, хэрхэн өрнөж, мөн хэрхэн төгсдөгийг маш ойлгомжтой байдлаар харуулсан уг бүтээл үзэгчдийг үнэнхүү талцуулж чаддаг. Tom хаягдаж, шархалж хоцорсон нь түүний өөрийнх нь буруу юу? Аль эсвэл “өөдгүй” Summer-ийн буруу юу? 

Үзэгчдээ хөнгөн гунигтай үлдээж чаддаг энэхүү уран бүтээлийг энэ яваа насандаа хамгийн багадаа нэг удаа үзэхэд буруудахгүй шүү. 

10. “FLIPPED” (2010)

IMDb үнэлгээ: 7.7/10
Гол дүрд: Madeline Carroll, Callan McAuliffe
Тайлбар: Киноны үйл явдал 1950-аад оны үед өрнөх бөгөөд дунд сургуулийн сурагч Juli охин хөрш Bryce хүүд анхны харцаар дурлан, жинхэнэ хайраа олчихлоо гэж бодох ч нөгөө талд Bryce хүү түүнээс дөлж эхэлнэ. Гэхдээ киноны үйл явдал ингээд дуусчихгүй ээ. Харин ч маш сонирхолтойгоор үргэлжилдэг. Тиймээс тэдний харилцаа ямар зүг рүү эргэхийг “Flipped” киноноос хүлээн авч үзээрэй. 

11. “BLUE IS THE WARMEST COLOUR” (2013)

IMDb үнэлгээ: 7.7/10
Гол дүрд: Adele Exarchopoulos, Lea Seydoux
Тайлбар: 66 дахь удаагийн Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн “Blue is the Warmest Colour” хэмээх уран бүтээл зөвхөн ЛГБТ төрлийн бус орчин цагийн шилдэг романтик кино жагсаалтад зүй ёсоор багтах ёстой. 

Зураач бүсгүй Emma ахлах сургуулийн сурагч Adele-ийн амьдралд орж ирэн, амьдралыг нь хэрхэн өөрчилж буй үйл явдлыг уг киноноос хүлээн аваарай. Энэхүү уран бүтээл гурван цаг гаруйн хугацаанд үргэлжлэх ч та дунд нь ганц ч удаа сатаарахгүй гэж амлая. 

12. “THE NOTEBOOK” (2004)

IMDb үнэлгээ: 7.8/10
Гол дүрд: Rachel McAdams, Ryan Gosling
Тайлбар: Зохиолч Nicholas Sparks-ийн эмээ, өвөө хоёрынхоо амьдралаас сэдэвлэн бичсэн уг зохиол Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарч байсан билээ. 

Чинээлэг айлын охин Allie тосгоныхоо мод бэлтгэгч хөвгүүн Noah-тай танилцдаг бөгөөд охины гэр бүлийнхэн үерхлийг нь эсэргүүцэж, хүчээр салгах хүртэлх богино хугацаанд тэд бие биедээ ихээр дассан байв. Тэдний хайрын түүх хэрхэн үргэлжлэхийг “Notebook” киноноос үзээрэй. 

13. “CALL ME BY YOUR NAME” (2017)

IMDb үнэлгээ: 7.9/10
Гол дүрд: Timothee Chalamet, Armie Hammer
Тайлбар: 2007 хэвлэгдэн гарсан ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Call Me by Your Name” кино нээлтээ хийсэн даруйд олон сая үзэгчдийн магтаал, сайшаалыг хүртээд байсан билээ. 

Үйл явдлын тухайд 24 настай докторын оюутан Oliver 17 настай Elio-гийн гэр бүлийнхэнтэй хэсэг хугацаанд хамт амьдрахаар ирснээр эхэлнэ. Энэ хэсэгхэн хугацаанд Elio түүнд дурлах ба өөрийн бэлгийн чиг хандлагыг ч мөн олж нээнэ. 

15. “MY SASSY GIRL” (2001)

IMDb үнэлгээ: 8/10
Гол дүрд: Jun Ji-hyun, Cha Tae-hyun
Тайлбар: Романтик, хайр дурлал төрөл жанрын сонгодогт зүй ёсоор тооцогдох уг киног үзсэн хүнээс илүү үзээгүй нь цөөн болов уу. 

Энгийнээс энгийн гэж хэлж болох Kyun-woo залуугийн амьдралд дүрсгүй, дур зоргоороо хэдий ч гэнэн гэхэд дэндүү гэнэн охин орж ирснээр киноны үйл явдал өрнөнө. Хамгийн сонирхолтой нь уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Тиймээс үзээгүй нэг нь заавал үзээрэй. 

16. “HER” (2013)

IMDb үнэлгээ: 8/10
Гол дүрд: Joaquin Phoenix, Scarlett Johansson
Тайлбар: Та өөрийгөө хэчнээн ганцаардмал нэгэн гэж боддог байсан ч “Her” киног үзсэний дараа энэ бодол тань эрс өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. 

Угаасаа л интроверт буюу дотогшоо төрлийн зан чанартай Theodore хэмээх зохиолч залуу нэгэн хиймэл оюун ухаант үйлдлийн систем худалдан авч, түүнийгээ Samantha хэмээн нэрлэж, хөгжүүлж, улмаар дурладаг. Нэг ёсондоо хий хоосон зүйлд дурласан түүний амьдрал цааш хэрхэн үргэлжлэх бол? 

17. “LA LA LAND” (2016)

IMDb үнэлгээ: 8/10
Гол дүрд: Emma Stone, Ryan Gosling
Тайлбар: 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын долоон төрөлд нэр дэвшиж, нэр дэвшсэн төрөл бүрдээ ялалт байгуулсан төдийгүй 89 дэх Академийн шагнал гардуулах ёслолоос таван шагнал хүртэл чадсан “La La Land” кино яалт ч үгүй орчин цагийн шилдэг романтик, хайр дурлал төрөл жанрын киноны жагсаалтад багтах учиртай. 

18. “THE PERKS OF BEING A WALLFLOWER”

IMDb үнэлгээ: 8/10
Гол дүрд: Logan Lerman, Emma Watson
Тайлбар: Энэ жил ахлах сургуульд элсэн орж буй 15 настай Charlie бол бага насандаа авсан сэтгэлийн шархнаасаа болоод сэтгэл гутралд орж, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан нэгэн билээ. Тиймдээ ч түүний хувьд сургуульд сурч, найз нөхөдтэй болно гэдэг амаргүй даваа. Гэвч тэрээр дээд ангийн охин Sam болон түүний хойд ах Patrick нартай нөхөрлөснөөр хорвоо ертөнцтэй танилцах болно. 

Үзэгчид болон кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан "The Perks of Being a Wallflower" (2012) кино нь өсвөр насныхны заавал үзэх киноны жагсаалтад багтдаг.

19. “HOWL'S MOVING CASTLE”

IMDb үнэлгээ: 8.2/10
Гол дүрд: Chieko Baisho, Takuya Kimura
Тайлбар: Эцгийнхээ малгайн дэлгүүрт ажилладаг залуу бүсгүй Sophie-г нэгэн шулам харамсалтайгаар хөгшин эмгэн болгон хувиргадаг. Тэрээр хараалыг тайлах эрэлд гардаг бөгөөд шидтэн Howl-той танилцсанаар киноны гол үйл явдал өрнөнө. 

2004 онд нээлтээ хийсэн энэхүү уран бүтээл Япон улсын кино урлагийн түүхэнд хамгийн өндөр ашиг орлого олсон бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг билээ. Киноны үнэлгээнээс нь л хэр чанартай бүтээл болсныг нь харж болох бөгөөд одоог хүртэл үзэж амжаагүй яваа бол заавал үзэхийг санал болгож байна. 

20. “ETERNAL SUNSHINE OF THE SPOTLESS MIND”

IMDb үнэлгээ: 8.3/10
Гол дүрд: Jim Carrey, Kate Winslet
Тайлбар: Түүхийн аль нэг үед бие биенээ хайрлаж байсан хүмүүс салсныхаа дараа амьдралаа нөгөө хүнгүйгээрээ цааш үргэлжлүүлнэ гэдэг амаргүй. Энэ мэдрэмжийг “амаргүй” гэдэг үг дангаараа тодорхойлох боломжгүй тийм их “амаргүй” билээ. Тиймээс Clementine болон Joel нар салсныхаа дараа техник технологийн тусламжтайгаар бие биенийхээ тухай дурсамжийг арчиж хаяхыг хүсдэг. 

Нээлтээ хийсэн жилдээ тайз, дэлгэцийн урлагийн шилдгүүдийг тодруулах наадмуудаас томоохон шагналуудыг нь “түүж” явсан “Eternal Sunshine of the Spotless Mind” киног үзэн, хайр дурлалын сайн сайхныг муу муухайтай нь хамт мэдрээсэй гэж хүсье.

Эх сурвалж: Men’s Health

#Кино урлаг #Романтик