YOLO.mn сайтын уншигчдадаа зориулан манай гарагийн хамгийн алдартай дуучин, цахим ертөнцийн нөлөө бүхий од төдийгүй кино урлагт алдар нэрээ цуурайтуулсан жүжигчин Selena Gomez-ийн Allure сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
ALLURE: Selena төрсөн өдөрт тийм ч их ач холбогдол өгдөггүй. Тэр төрсөн өдрийн талаар ярихад ямар ч сэтгэл хөдлөл гаргасангүй.
- Би төрсөн өдөрт тийм ч дуртай биш. 28 нас хүрэх мөн тийм ч таатай санагдахгүй байна. Магадгүй 30 насны төрсөн өдөртөө ач холбогдол өгч тэмдэглэх ёстой байх.
ALLURE: Сүүлийн үед ихэнх ярилцлагуудад нэг гаж үзэгдэл бий болсон. Мэдээж хоорондын зайг барьж байгаа ч зочинтойгоо дотно юм шиг “хиймэл” уур амьсгал үүсгэдэг явдал. Бид ийм зүйл хүссэнгүй.Тус тус тусын унтлагын өрөөнөөс Zoom-ээр холбогдоход Selena энгийн л урт, сул цамц өмссөн байлаа. Тэр өөрийгөө тийм ч их гоёогүй байв. Үсээ ардаа сул боочихсон, бидний мэддэг Selena. Түүнтэй нүүр будалтын талаар ярилцахад “Rare Beauty” брэндийн талаар ярихгүй байж чадсангүй.
- Би үргэлж л Rare гэдэг үгийн талаар боддог байсан. Энэ үг өөрөө миний брэндийн таних тэмдэг төдийгүй миний хэн болох, юу хүсэж байгааг хүртэл илэрхийлэх болно.
ALLURE: Хөл хорионы үеэр нүүрээ будвал сэтгэл санаа чинь сайжирна гэж амлаж чадахгүй нь. Гэхдээ нэг л зүйлийг хэлье. "Rare Beauty" брэндийн бүтээгдэхүүн хэрэглэвэл үнэхээр сайхан харагдах болно. Гэрэлтүүлэгч праймер нь нүүрний арьсыг жигд болгодог учраас арьсанд хамгийн төгс суурь болж чадна. Мөн суурь крем нь хэр баргийн зүйл тохирдоггүй миний арьсанд хүртэл төгс зохицож байсан шүү.
ALLURE: Selena-тай холбоо барьж сэтгүүлийн ярилцлагадаа урьснаас хойш бид уулзаж ярилцлагаа хийх болсон юм. Тэр огт сандарсангүй. Надтай ярилцахдаа маш тайвнаар хариулж сүүлдээ надад их халуун дулаан хүн шиг санагдсан шүү. Зарим зүйлийг үнэхээр хөгжилтэй болгож чаддаг түүнтэй ярилцаад суухад хэн бэ гэдгийг нь мартах шахсан. Миний өмнө сууж байгаа эмэгтэй бол АНУ-ын чартын поп од, алдартай жүжигчин хүн шүү дээ.
Мэдээж хэрэг 30 нас хүрэхдээ ингэж амьдрахыг хүсвэл эртнээс эхлэх хэрэгтэй. Түүнийг 10 нас хүрэхэд үеийнхэн нь эцэг эхээрээ анхны Bratz хүүхэлдэйгээ авахуулж байхад Selena анхны телевизийн шоундаа оролцож байсан юм. “Шинэ мянганыхан” (millennials) өсвөр насан дээрээ анхны ажлаа хийж байхад Selena аль хэдийнэ саятан болсон байв. Түүний шүтэн бишрэгчид өөрсдийгөө “Selenators” гэж нэрлэдэг бөгөөд манай цаг үеийн хамгийн алдартай энэ эмэгтэйн Инстаграм дахь дагагчид нь л гэхэд 180 сая хүрчээ. Тэр 1992 оны долдугаар сарын 22-ны өдөр Техас мужид Mandy Teefey болон Ricardo Joel Gomez нарын охин болон мэндэлсэн юм.
- Би айлын ганц болохоор багаасаа л их мөрөөдөмтгий байсан. Өнөөдөр ч тийм хэвээрээ. Би зүгээр л ямар нэг уран бүтээл хийх дуртай. Өөрийгөө ийм зүйл хийхийн тулд төрсөн гэж боддог.
ALLURE: Диснейн зарим төгсөгчдөөс ялгаатай нь Selena хэзээ ч өөрийн дүр төрхийг унагаж байсангүй. Тэр өнөөг хүртэл шүтэн бишрэгчдээ байлдан дагуулж чаддаг нь магадгүй түүний “Wizards of Waverly Place” кинонд бүтээсэн дүрээс шалтгаалж байж ч мэдэх юм.
- Диснейн кинонд сонгогдох нь дэлхийн хамгийн том машины нэг эд эс нь болж байгаа юм шиг мэдрэгдсэн. Миний бодлоор Диснейн эмэгтэй дүрүүд үргэлж л хүчирхэг байдаг. Бас шилдэг жүжигчидтэй хамтран ажиллах нь чадвараа ахиулах төдийгүй бүх талаараа хөгжих боломжийг бүрдүүлдэг.
ALLURE: Ийнхүү Диснейн баатар болсны дараа түүний хувийн амьдралд эрс өөрчлөлт гарчээ. Шүтэн бишрэгчид нь хаа сайгүй дагаж, Ellen DeGeneres хүртэл түүний хайр дурлалын амьдралын талаар ярих болов. Мөн Твиттер, Инстаграм гэх мэт олон нийтийн сүлжээгээр хүмүүс түүний өдөр тутмын үйл ажиллагаа, хайр дурлалын талаар минут тутамд бичсээр байсан юм.
- Миний хувийн амьдралын талаар энд тэндгүй бичдэг байсан. Сүүлдээ айдаст автаж эхэлсэн. Би олон талаараа хүчтэй харагддаг ч зүрх сэтгэл маань их зөөлөн бас эмзэг.
"Wizards of Waverly Place" цувралын постер
"Wizards of Waverly Place" цувралын постер
ALLURE: Түүнийг шүүмжилж байгаа хүмүүсийн хувьд эцэс төгсгөл гэж байсангүй. Selena чонын хөрөвдөс (lupus) өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд одоо ч гэсэн цусны даралт нь байнга өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч хүмүүс түүний биеийн галбирыг шүүмжилсээр л байна.
- Би эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан болохоор биеийн жин маань амархан өөрчлөгддөг. Гэхдээ бусдын хэл амнаас айгаад жингээ хасах нь утгагүй зүйл.
ALLURE: Selena-гийн сэтгэлзүй юунд ч дийлдээгүй гэвэл бүгд санал нийлэх байх гэж бодож байна. Тэр өнгөрсөн жил Miley Cyrus-тай хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр хүүхэд байхаасаа л айдастайгаа тэмцэж эцэст нь ялан дийлсэн тухайгаа ярьсан юм. Ээж нь түүнийг айдсаас нь холдуулахын оронд үүний талаар бага багаар мэдээлэл өгсөөр эцэст нь Selena айдсаа даван туулж чаджээ.
- Би олон янзын сэтгэл хөдлөл гаргадаг байсан болохоор үүнийгээ хэрхэн хянахаа мэддэггүй байсан. Гэхдээ би өөрийгөө хэн байх ёстойг мэдээд зүгээр л өөрөөрөө бахархсан. Өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдэх үед сэтгэл амарсан.
ALLURE: Тэр эрүүл орон зайг бий болгохын тулд цахим хэрэглээг хязгаарладаг. Тиймээс хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншдаггүй. TikTok дээр Selena биш түүний багийнхан л пост хийж, идэвхтэй ажилладаг. Мэдээж google ч ордоггүй.
- Өө, бурхан минь! Би тиймэрхүү зүйлс хийгээгүй удаж байна.
ALLURE: Харин Инстаграм хаягтаа биечлэн анхаарал тавьдаг нэг шалтгаан нь түүний сайхан сэтгэл юм шүү дээ. Бусад алдартнууд #BlackOutTuesday хаштагийг постолж байхад Selena #BlackLivesMatter хөдөлгөөнийг дэмжиж хоёр долоо хоногийн турш өөрийн Инстаграм хаягтаа боловсролын хөтөлбөртэй холбоотой мэдээллүүд оруулж байсан юм.
- Миний мэдэхгүй маш олон зүйл байсан. Хүмүүс бие биедээ гаргаж байсан тэдгээр үг, үйлдлийг мэдэж авсны дараа үнэхээр онцгүй санагдсан. Надтай учирч байсан зарим хүмүүс тийм зүйлийг олон жилийн турш даван туулж ирсэн байх. Тийм болохоор би цахим хаягаа хэрэгтэй зүйлд ашиглахыг хүссэн. Зүгээр л зураг хийгээд хандив өргөөд орхихыг хүсээгүй юм.
ALLURE: Selena-гаас арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөнд латинчууд ямар байр суурьтай байгааг асуухад тэр хариулахыг хүсээгүй юм. Гэхдээ тэр хүүхэд байхаасаа л ялгаварлан гадуурхалтыг мэдэрсэн нэгэн.
- Техаст арьс өнгөөр гадуурхах тохиолдлууд байсан. Тэд миний аавыг доромжилж, хараалын үгс хэлдэг байсан. Би аавыг “юу ч бүү дуугар, юу ч битгий хий” гэж тэвчдэг байсныг нь санаж байна.
ALLURE: Selena өнгөрсөн жил Netflix-ийн “Living Undocumented” баримтат нэвтрүүлгийг хийхэд тусалжээ. Тус нэвтрүүлгээр АНУ-ын цагаачлалын бодлогын нөлөөгөөр олон гэр бүл хохирч, салж сарнисан тухай өгүүлдэг.
- Тэр бүгд миний дургүйг хүргэсэн. Бусад гэр бүлд тохиолдож байгаа зүйлсийг хараад би ч бас туслах ёстой гэдгээ ойлгосон. Би зүгээр л хүмүүст тухгүй бас харахыг ч хүсэхгүй байх мэдрэмж төрүүлэхээр зүйл хийхийг хүссэн юм.
ALLURE: Түүний продюсерын чадварыг харуулсан өсвөр насныхны гадуурхалт, хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөнддөг “13 Reasons Why” цувралын талаар дурдахгүй байх аргагүй. Энэ кино бусдад таалагдсан ч бай, үгүй ч бай маш их шуугиан дэгдээсэн билээ.
- Надад энэ бүхнийг хийх маш чухал юм шиг санагдсан.
ALLURE: Түүнд цаашдын маш олон төлөвлөгөө бий. Тэр жүжигчний карьераа үргэлжлүүлнэ, бас дуулсаар байх болно. Мөн “Rare Beauty” брэнд маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.
- Би өөрийгөө бизнес эрхлэгч гэж хэлэх дуртай. Гэхдээ шинэ.
ALLURE: Та босс уу?
- Үнэхээр хачин нэр томьёо шүү дээ. Гэхдээ миний хийж байгаа зүйлс миний хяналтад байх ёстой. Өөрийнхөө хийж байгаа бүх зүйлээ би өөрөө хянадаг. Ийм нөхцөлд бол “тийм” гэж хариулъя. Би амьдралынхаа бүх зүйлийг хариуцдаг.
"13 Reasons Why" киноны хэсгээс
"13 Reasons Why" киноны хэсгээс
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх