Номыг ТОГТМОЛ уншиж сурахад тань туслах зөвлөмжүүд


YOLO.mn | YOLO.MN
2020-12-26

Бид жил болгон өөрсдөдөө "энэ жил ... ном уншина" гэсэн томоохон зорилгыг тавьдаг ч зорилго маань биеллээ олсон тохиолдол тун ховор. Угаасаа ч ном тогтмол унших дадалтай болно гэдэг тийм ч амар зүйл биш л дээ. Гэхдээ энэ дадал зуршлыг суулгах бүрэн боломжтой тул дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

1. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Таны хувьд ном унших яагаад чухал байна вэ? Өөрийгөө хөгжүүлэхийн тулд уу аль эсвэл баяр баясгалантай болохын тулд уу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуусны дараа ном яагаад унших ёстой шалтгаануудаа жагсаан бичээрэй. 

“Зорилго тодорхой байх тусам ном унших нь таны нэг хэсэг болж хувирах болно”

– Ник Вигнэлл (Nick Wignall)

Өөрийгөө хөгжүүлэх, тодорхой ур чадвараа сайжруулахын тулд ном уншдаг хүмүүс байхад шинэ, содон мэдээ, мэдээлэл олж авахын тулд уншдаг хүмүүс ч байна. Тиймээс зорилгоо тодорхойлсны дараа өөрт тохирсон номоо аваарай. 

2. ЖАГСААЛТ ГАРГАХ

Та ирэх жил ямар ном уншихыг хүсэж байна вэ? Уншихыг хүссэн номуудынхаа жагсаалтыг гаргаад биччихвэл ном унших хүсэл илүү их төрөхөөс гадна энэхүү үйл явц маш эмх цэгцтэйгээр явагдах болно. Мөн номын дэлгүүрт худалдаалагдаж буй хэдэн зуун мянган номыг бүгдийг нь унших боломжгүй учир өөрийн гэсэн жагсаалт гаргах нь хамгийн тохиромжтой арга юм. 

Хөл хорио тогтоосон энэ үед жагсаалтаа гаргахын тулд заавал өөрийн биеэр номын дэлгүүрүүдээр хэсэж судалгаа хийх шаардлагагүй. Гэртээ сууж байгаад номын дэлгүүрүүдийн сайт руу хандан хайлтын системийн тусламжтайгаар өөрийн сонирхолд нийцэх номнуудыг тэмдэглэн аваарай. 

“Тархи цэнэглэгч номын клуб”, “The book cafe of Mongolia” зэрэг Фэйсбүүк бүлгүүдэд нэгдсэнээр бусдын номын тэмдэглэлээс уншиж сонирхох боломжтой. 

3. "ҮНЭХЭЭР" УНШИХ НОМОО Л СОНГО

Хүн амьдралдаа бүх номыг уншиж, үнэ цэнтэй цагаа үрэх шаардлага огт байхгүй. Зарим номыг суурин дээр нь уншаад л дуусгадаг бол заримыг нь дөнгөж эхлүүлчихээд цааш нь хэзээ ч уншмааргүй санагддаг. 

Тиймээс нэгэнт л цаг гаргаж байгаа учраас өөрт таалагдсан, өөрт хэрэгтэй номоо л уншаарай. Ном унших нь зурагтаар кино, нэвтрүүлэг үзэхтэй л адил. Бид шинээр гарч буй нэвтрүүлгийн эхний хэсгийг нь үзээд л өөрт таалагдаж байгаа эсэх, цаашид үзэх эсэхээ шийддэг шүү дээ. Ном ч бас үүнтэй адил. 

4. ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

Та өдрийн хэдийд ном уншихад хамгийн сайн төвлөрч чаддаг вэ? Босдог цагаасаа арай эрт сэрж кофе уунгаа ном унших дуртай хүмүүс бий. Аль эсвэл унтахаасаа өмнө утсаа оролдож зурагт үзэхийн оронд ном уншдаг хүмүүс ч байдаг. 

Ингээд өөрийн "таатай" цагаа олсон бол өдөр бүр уншиж дадахад анхаараарай. Ингэхийн тулд амьдралынхаа хэвшилд хэд хэдэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. 

  • Юун түрүүнд номуудаа ангилаарай. Зарим номыг утас, таблетдаа суулгаж, заримыг нь аудио хэлбэрээр сонсож, заримыг нь хэвлэмэл чигээр нь уншаарай. 
  • Гэрийнхээ өнцөг булан бүрд ном байрлуулаарай. Ингэснээр хэдийд ч ном унших таатай орчин бүрддэг. Мөн заавал нэг номоо уншиж дууссаныхаа дараа дараагийн номоо эхлүүл гэсэн дүрэм байхгүй учраас сонирхсон хэд хэдэн номоо зэрэг эхлүүлж болно. 

Долларын тэрбумтан Чарли Мангер (Charlie Munger) “Миний амьдралд юу ч уншдаггүй хэрнээ ухаантай хүн тааралдаж байсангүй. Варрен Буффет (Warren Buffet) бид хоёрыг хэр их ном уншдагийг мэдээд та нар лав гайхах биз. Хүүхдүүд маань миний хөлд ном наалдаастай явдаг гэж боддог” гэж хэлж байсан удаатай билээ. 

Тиймээс та карьераа ахиулж, мөнгө олж, илүү сайхан амьдрахыг хүсвэл унших чадвараа заавал хөгжүүлэх хэрэгтэй юм шүү. 

Эх сурвалж: Medium

#Боловсрол #Ном унших #Дадал