Сэтгэл түгших эмгэгийн талаарх цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт уг эмгэгийг хэрхэн даван туулах тухай зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоёрдугаар клиникийн тэргүүлэх зэргийн эмч И.Тунгалагтуяа:
Сэтгэл түгших эмгэг нь бие сэтгэлзүй таагүй, тайван бус байгааг илтгэдэг бөгөөд хүн бүрд өөр хэлбэрээр илэрнэ. Иймд хүн бүрийн үзүүлэх хариу үйлдэл ч харилцан адилгүй байна. Тухайлбал, цар тахлын үед хүмүүсийн зарим нь “яана аа би энэ өвчнийг тусчих вий дээ” гэсэн айдастай байдаг бол зарим нь “хоол хүнсний хангамж дуусчих вий дээ” гэсэн түгшүүртэй байдаг. Энэ нь түгшүүрийн нэг төрлийн хэлбэр юм.
Тиймээс түгшилт үүсгэж буй мэдээлэл буюу айдсыг хүлээн авалгүйгээр цар тахлаас өөрийгөө урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган, хүн хоорондын зайг барих гэх мэт. Үүний адил сэтгэл түгшилтийг үүсгэж буй мэдээллийг өөртөө тусгаж, хүлээж авалгүйгээр аль болох тайван байж амьсгалын дасгал хийх хэрэгтэй.
Сэтгэл түгших эмгэгийн шинж ерөнхий тэмдгүүд илэрч, хүндэрсэн тохиолдолд хүн “Panic attack” буюу сандралд орж, ухаан алдах тохиолдол бий. Энэ үед сэтгэцийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Хүн ухаан алдах үед эргэн тойрны хүмүүс юунаас болж ухаан алдсаныг ойлгодоггүй. Сэтгэлзүйн онцлогийг нь ч мэдэлгүй бусад шалтгааны улмаас ухаан алдаж байна гэж ойлгодог. Гэтэл тухайн хүний хувьд сэтгэл түгших эмгэг нь хүндэрч, байнгын түгшүүр дор амьдарч, тэмцэж байдаг. Тиймээс яг юунаас болж ийм байдалд хүрэв гэдгийг анзаарч, мэргэжлийн эмчээр оношлуулах хэрэгтэй.
СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?
МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н. Должин:
1. Сэтгэл түгших эмгэгтэй болсон бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
Сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг илэрсэн үед эхлээд сэтгэцийн эмчид хандаж оношилгоо хийлгэх хэрэгтэй. Сэтгэцийн эмгэгийн үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах нь хамгийн чухал.
2. Хэрхэн даван туулах вэ?
Аюулгүй мэдрэмж төрүүлдэг, ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, хамт байх нь түгшүүрийг багасгахад эерэг нөлөөтэй. Мөн дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэхийг хэвшил болгох хэрэгтэй. Аэробэк эсвэл иог хийх, алхах, дугуй унах, спорт тоглоом тоглох, бүжиглэх зэрэг нь хүний биед тархсан стрессийн дааврыг багасгаж, тайвшрахад тусалдаг. Учир нь хайртай хүмүүстэй хамт байх, идэвхтэй хөдөлгөөн хийх үед тархинд эндорфин ялгарч тааламжтай байгаа мэдрэмжийг төрүүлдэг болохыг олон судалгаа баталдаг.
3. Сэтгэл түгшилтийг бууруулж, сэтгэл санаа тайвширахад тусалдаг ямар хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
Сэтгэц заслын эмчилгээний үед пробиотик бичил биет агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралын эмгэгийн шинж тэмдэгийг буруулах нөлөөтэй байгааг судалгаагаар баталсан байдаг. Иймээс пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж нь зүйтэй. Тухайлбал, хүнсний дэлгүүрт пробиотик агуулсан тараг олон төрлөөр байдаг шүү дээ. Харин кафейн нь сэтгэл түгшилтийн шинж тэмдгийг нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг тул кофе, кола, шоколад зэрэг кафейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнээсээ хасах хэрэгтэй. Мөн алкохолын төрлийн бүтээгдэхүүн сэтгэл түгших эмгэгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул татгалзах хэрэгтэй.
4. Ихэвчлэн аль насныханд түгээмэл тохиолддог вэ? Урьдчилан сэргийлэх аргууд бий юу?
Сэтгэл түгших эмгэгийн шинж хүүхэд, өсвөр нас эсвэл залуу насанд эхлээд идэр насанд хүчтэй илэрч, өтөл насанд багасдаг байна. ХБНГУ-ын Геттингений их сургуулийн эрүүл мэндийн төвийн судлаачдын 2013 онд хэвлэгдсэн өгүүлэлд 13-17 насны хүүхдүүдэд илүү тохиолдож байгааг тогтоосон байдаг. Харин сэтгэл түгших эмгэгийн төрлийн хувьд нас насанд өөр байгааг судлаачид тайлбарласан. Урьдчилан сэргийлэх арга бол эмгэг үүсгэх хүчин зүйлсээс зайлсхийх юм. Хүчирхийлэлтэй орчинд өсөх, ужиг өвчтэй байх, өөр сэтгэцийн эмгэгтэй байх зэрэг хүчин зүйлүүдийг хувь хүн өөрчлөх боломжгүй. Гэвч бусадтай эерэг харилцаатай байх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх болон шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх зэрэг хэвшилтэй байх нь урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй арга юм.
СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙГ БАЙГАЛИЙН АРГААР ЭМЧЛЭХ НЬ
Үргэлжлүүлэн сэтгэл түгших эмгэгийг байгалийн аргаар эмчлэх долоон зөвлөмжийг хүргэе.
1. ИДЭВХТЭЙ БАЙ
Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, идэвхтэй амьдрах нь таны бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд ашиг тустай. Мөн энэ нь сэтгэл түгшилтийг бууруулахад эм бэлдмэлээс ч илүү үр дүнтэй байдаг байна. Гэхдээ богино хугацаанд дасгал хийгээд орхих биш удаан хугацааны турш тууштай хийснээр сэтгэлийн түгшүүрээс ангижрах болно.
2. СОГТУУРУУЛАХ УНДААНААС ТАТГАЛЗ
Алкохол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд сэтгэц мэдрэл хэсэгхэн хугацаанд тайвширч, түгшүүрийн хэмжээ буурдаг ч уг эмгэгийг үүрд анагааж чадахгүй. Хэрэв сэтгэл түгших үедээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байвал донтох магадлалтай тул энэ аргаас татгалзаж, оронд нь тайвшруулах үйлчилгээтэй цай ууж хэвшээрэй.
3. ТАМХИ БҮҮ ТАТ
Хүмүүс ихэвчлэн стресстэй үедээ тамхи татдаг. Энэ нь яваандаа сэтгэл түгших эмгэг үүсэх шалтгаан болдог байна. Тамхины утаанд агуулагдах никотин болон бусад химийн бодисууд тархины мэдрэлийн холбоосыг өөрчилдөг тул аль болох татгалзаарай.
4. САЙН УНТАЖ АМАР
Нойргүйдэл нь сэтгэл түгших эмгэгийн нэг шинж тэмдэг билээ. Сайн унтаж амрах нь тус эмгэгийг анагаахад хамгийн чухал үүрэгтэй юм. Тиймээс орондоо орсны дараа утас, таблет оролдохгүй байх, унтахаасаа өмнө мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэхгүй байх, санаа зовж буй зүйлсээ дэвтэртээ тэмдэглэх гэх мэт бат бөх унтаж амрахад шаардлагатай аргуудыг туршин, дадал болгоорой.
5. ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛЛОХ
Хиймэл амт оруулагч, будагч бодис, органик бус бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, сэтгэл санааг өөрчлөхөд хүргэдэг байна. Иймд ус сайн ууж, нүүрс ус, уургаар баялаг эрүүл хүнс хэрэглэж хэвшихийг зөвлөе.
6. АМЬСГАЛЫН ДАСГАЛ ХИЙХ
Өнгөц, хурдан амьсгалах нь зүрхний цохилт түргэсэх, толгой эргэх, сандрахад хүргэдэг. Харин удаан, жигд, гүнзгий амьсгалах нь амьсгалын хэвийн байдлыг сэргээж, сэтгэл түгшилтийг бууруулахад тусалдаг.
7. ҮНЭРЭЭР ТАЙВШРУУЛАХ
Үнэрээр тайвшруулах эмчилгээ нь сэтгэцийн эрүүл мэнд болоод бие махбодыг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Эмчилгээнд ихэвчлэн анхилуун үнэртэй эфирийн тос хэрэглэдэг. Тосыг шууд үнэрлэх эсвэл бүлээн ваннтай усанд уусгаж хэрэглэж болно. Судалгаанаас харахад үнэрт эмчилгээ нь:
- Тайвшруулах
- Сэтгэлийн түгшүүрийг бууруулах
- Сайн унтаж амрах
- Сэтгэл санааг өөдрөг болгох
- Зүрхний цохилт, цусны даралтыг бууруулахад тустай аж.
Мөн лаванда цэцэг, бэрсүүт жүржний үнэр нь эфирийн тосны адил тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.
Ингээд нийтлэлийн төгсгөлд сэтгэл санааг тайвшруулан, түгшүүрийг бууруулах 15 минутын иогийн дасгалыг хүргэж байна.
Эх сурвалж: Health Line
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх