Өөрийгөө ХАЙРЛАХ нь...


Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлана гэдэг бусдыг хайрлахаас илүү хэцүү санагддаг ч угтаа бол бусадтай харилцах харилцаанд хамгийн чухал нь өөрийгөө хайрлах гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорвоогийн хамгийн сэтгэл татам зүйл бол өөртөө итгэлтэй байдал, өөртөө хайртай байх явдал юм. Үнэ цэнээ тодорхойлж, өөртөө итгэлтэй, сэтгэл татам амьдрах нь бодож байгаа шиг чинь тийм ч хэцүү зүйл биш.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Бид өөрсдийгөө дутуу үнэлж, зохих анхаарал, халамжийг үзүүлж чадаагүйгээс үүдэн амьдралд маань ямар хор хөнөөлтэй үр дагаврууд гардаг гээч? Өөртөө итгэдэггүй хүн “Надад хэр чухал вэ?” гэж бодохын оронд нэг л мэдэхэд “БУСАД ХҮМҮҮС ЮУ ГЭЖ БОДОХ БОЛ?” гэж өөрөөсөө асуудаг, бусдаас магтаал сайшаал, хүлээн зөвшөөрөлт зэргийг авахын тулд өөрийнхөө хүсэл, хэрэгцээг хойшлуулдаг болчихдог. Харин өөртөө хайртай хүн бусдаас шүүмжлэл, сөрөг сэтгэгдэл ирэх үед өөрийгөө хамгаалж, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөхгүй байхаар удирдаж СУРСАН байдаг.

ДОТООД ХҮНЭЭ ӨӨРЧЛӨХ

Өөртөө итгэх итгэлийг олж авах хамгийн сайн арга бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах. “Би царай муутай”, ”Би ухаан муутай” гэдэг бодол зөвхөн танд төрдөг гэж бодож байна уу? Ийм бодол хүн бүрд их, бага хэмжээгээр төрдөг. Гэхдээ ихэнхдээ бодит байдал таны бодсоноос хамаагүй дээр байдаг шүү дээ.

Хорвоо дээр алдаа гаргадаггүй амьд амьтан, сул талгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Өөрийгөө хайрлана гэдэг нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучилж сурсан хүнийг хэлдэг. Хэрвээ та ингэж чадахгүй байгаа бол ижилхэн нөхцөл байдалд хамгийн хайртай хүндээ хэрхэн хандах байснаа бодоод үзээрэй. Энэ нь илүү хялбар аргаар өөрийгөө уучлахад тань тусална.

Бид бусадтай хэрхэн харилцаж байгаадаа л анхаардаг болохоос өөрөө өөртэйгөө хэрхэн харилцаж байгаадаа ач холбогдол өгдөг бил үү? Муу дүн авчхаад “Би тэнэг”, ажлаасаа халагдчихаад “Над шиг азгүй амьтан алга” гэж бид өөрсдийгөө нэрлэдэг. “Тэнэг” гэж мэдэрсэн нь та тэр зүйлийн талаар хангалттай мэдлэг, туршлагагүй байсантай холбоотой. “Би тэнэг” гэж өөрийгөө нэрлэж, өөртөө итгүүлэхийн оронд “Энэ талаар илүү их судалж, суралцах болно” гэж хэлж чаддаг байгаарай. Яг л найз тань таныг сонсдог шиг, та өөрөө өөрийгөө сонсож байдгийг битгий март.

Ялангуяа эмэгтэйчүүд аливаа зүйлийг ургуулан, төсөөлөн бодохдоо гаргууд сайн. Харамсалтай нь энэ чадвар маань бидэнд аливаа зүйлийн тухай эерэг төсөөлөл, сэтгэгдэл төрүүлэхээс илүү муу, сэтгэлзүйн сөрөг үр дагавруудыг л авчирдаг. Үнэнийг мэдэх хүртэл хэт ихийг төсөөлж, муу үр дүнг таамаглахаа л больчих.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ АЛХМУУД

Энэ зөвлөгөөг олон удаа сонсож байсан уу? Гэхдээ яг одоо үзэг, цаас аваад өөрийнхөө хамгийн сайн зан чанаруудаа бичээд үзээрэй. Та өөрийгөө хэчнээн голдог, дутуу үнэлдэг байлаа ч гэсэн танд давуу тал, давтагдашгүй онцгой чанар байж л байгаа. Ээжээсээ, найзаасаа өөрийнхөө давуу талыг асуу эсвэл долоо хоногийн турш өөрийгөө ажигла, сайн үйлдэл хийх бүрдээ түүнийгээ тэмдэглээд үз. Ингэхдээ тодорхой, дэлгэрэнгүй бичээрэй. Жишээлбэл: “Би бол сайн найз” гэхийн оронд “Найзад маань хэцүү зүйл тохиолдсон гэдгийг мэдсэн даруйдаа туслахыг хичээдэг. Тусалж чадах зүйл байхгүй байсан ч хамт байхыг хичээдэг. Тэр минь надад хэр үнэ цэнэтэй гэдгийг нь үйлдлээрээ харуулахыг хүссэн юм” гэх бичих нь та өөрийнхөө амжилт болон давуу чанараа мэдэхэд тань тусална.

Өөртөө амласан амлалтдаа хүрсэн бол, зорилгоо биелүүлсэн бол, хэцүү даалгаврыг дуусгасан бол та өөрийгөө шагнах эрхтэй нэгэн юм. Шагнал гэдэг нь заавал том, үнэтэй байхаасаа илүү өөртөө ганцаараа байх, ном унших цаг гаргах, эсвэл дуртай номоо худалдаж авах, үнэхээр таалагдсан ч үнийг нь хараад үлдээсэн цамцаа авах, удаан уулзаагүй найзтайгаа уулзах зэргээр өөрийгөө шагнаж болно шүү дээ.

Хамгийн хэцүү боловч хамгийн чухал энэ алхмыг та нэг удаа, эсвэл хоёр удаа хийгээд үр дүн гарах нь юу л бол. Хэн нэгэн таны үзэл бодол, үнэ цэнэ, хил хязгаарыг тань давах гэж оролдох төдийд л “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг зарчимтай болсон үед л үр дүнгээ өгөх болно. Таны төлөвлөгөө, таны зорилго, таны цагийг үгүй хийж байгаа зүйлд “ҮГҮЙ” гэж хэлэх нь өөрийгөө хүндлэх хамгийн том хүндлэл юм.

Өөрийгөө хэр их хэмжээгээр хүндэлнэ, төдий хэмжээгээр бусад хүмүүс таныг хүндэлнэ.

#Хувь хүний хөгжил #Сэтгэл зүй #Өөрийгөө хайрлах #Self-Love