Бие махбодын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч хүүхэд наснаас том хүн рүү шилждэг учир өсвөр насыг шилжилтийн нас гэдэг. Мэдээж энэ үйл явц тийм амар явагдаж дуусахгүй. "Том" хүн болно гэдэг 18 нас хүрсэн хүн бүрийг ч хэлэхгүй. "Том" хүн бол бусдын өмнө хийсэн, хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг ухамсарлаж бас хүлээж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэж чаддаг болсон үeийг л хэлдэг.
Гэвч өсвөр үеийнхэнд хариуцлага хүлээлгүйгээр өөрийн дур сонирхлоор байж, томчуудаар хамгаалуулж, тэднээс хамааралтай хэвээр байхыг хүсэх тохиолдол бий. Энэ бол хэвийн зүйл.
Гэхдээ чиний биe хүссэн хүсээгүй томорч, бодол сэтгэхүй чинь ч тэлсээр байдаг тул байгалийн энэ үйл явцыг өөрт ашигтайгаар хэрэглэ гэж зөвлөмөөр байна. Бас нэг зөрчилдөөн үүсдэг нь өөрийгөө том хүн шиг мэдрэх явдал. Гэвч томчууд ч, чи өөрөө ч хааяа том хүн гэдгээ бүрэн мэдэрч чаддаггүй.
Тэгвэл одоо яах болж байна вэ? Хүүхдээрээ байх уу, том хүн шиг байхыг хичээх үү?
Хариулт нь тун энгийн. Чи элдэв зүйлд толгойгоо гашилгалгүйгээр шилдэг өсвөр насны хүүхэд л байхад болно. Хэрхэн "тийм" байх вэ гэж үү? Өсвөр насныханд үe тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа хамгийн чухал байдаг. Тэгвэл бусадтайгаа сайхан харилцаж, өөртөө болон бусдад эeрэг сэтгэгдэл үлдээхийн тулд:
1. ЯРЬ БАС СОНС
Харилцаанд чи заримдаа сонсогч, заримдаа яригч болдог. Гэхдээ хэт их сонсоод, дуугүй байгаад байвал бусад чинь чамайг үг цөөнтэй, зожиг гэж бодно. Гэвч өөрөө л байнга ярьж, бусдыг сонсохгүй, ярих боломж олгохгүй байвал чамайг чалчаа, олон үгтэй хэмээн дүгнэж, аль аль тохиолдолд чамаас дөлөх болно шүү. Иймд өөрөө ярих, бусдыг сонсох тал дээр тунг нь тааруулах хэрэгтэй.
2. ЗӨВ СОНСОЖ СУР
Бусдыг ойлгож, мэдрэхийн тулд тэднийг сайтар сонсох хэрэгтэй. Гэвч сонсоно гэдэг зүгээр л сонсохын нэр биш бөгөөд тухайн ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавьж, түүний сэтгэл санааг мэдэрч, түүнд нь тохирсон ярилцлага өрнүүлэхийг хэлнэ. Жишээ нь найз чинь дүүгээ хараад гарч чадаагүй тухайгаа хэлэн гуниглаж байхад чи бусадтайгаа хэрхэн сайхан зугаалж, тоглосноо баяр хөөртэйгөөр ярих хэрэггүй. Харин оронд нь: “Хэдий цагийг аятайхан өнгөрөөсөн ч чи байсан бол бүр сайхан байх байсан” гэвэл найз чинь чамд баярлаж, чамд итгэх итгэл нь нэмэгдэнэ.
Чи бусдад өөрийн чинь хэлж ярьсан зүйл хүрээсэй хэмээн хүсдэг шиг хүн бүрд бодол санаагаа илэрхийлэх эрх байдгийг сана. Үнэндээ зарим нэгийгээ дээрэлхэн, үзэл бодлыг нь хэлүүлэхгүй байснаараа сайн хүмүүсийг өөрөөсөө түлхэх тохиолдол гардаг юм шүү.
3. СОНИРХОЛТОЙ БАС ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ЯРЬ
Өөрийнхөө тухай хэт их ярих, өөрийгөө магтах зэрэг сэдвүүд хүмүүст таалагддаггүй. Бусдын тийм яриа ч гэсэн чамд таалагдаагүй гэдэгт итгэлтэй байна. Иймд тухайн ярилцаж буй хүндээ тохирсон сэдвээр ярихыг хичээ. Спорт сонирхдоггүй хүүхдэд NBA-ийн сагсчдын тоглолтын тухай яриад нэмэргүй л болов уу? Мэдээж ярианы чинь сэдэв өөрт чинь ч мөн сонирхолтой байх хэрэгтэй.
Бусдад үнэхээр баярлаж талархаж байгаа бол түүнийгээ хэл. Заримдаа бид мартчихдаг шүү дээ. Eр нь бусдад сайн сайхан үгсийг хэлж, ялангуяа урам хайрлаж байвал эргээд тэд чинь хэд дахин үржигдэн, чамайг төдий чинээ аз жаргалтай, баяртай болгодог юм шүү.
4. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЯРЬ
Чиний шүтэн биширдэг хэн нэгэн ихэнхдээ өөртөө итгэлтэй харагддаг гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс бусдад таалагдаж, хайр хүндлэлийг нь татдаг нь хууль. Ялангуяа эсрэг хүйстнийхэндээ ихээр таалагддаг. Иймд ярьж байхдаа аль болох биeэ барилгүй, тайван, ярьж байгаа зүйлээ сайн мэддэг байж, өөртөө итгэлтэйгээр ярьж байгаарай. Хэрэв сандарч мэгдээд байвал уулзахаасаа өмнө сайтар бэлдэж болно шүү дээ.
5. ДОХИО ЗАНГААГ АШИГЛА
Бусадтай харилцахдаа аль болох чин сэтгэлээсээ инээж, ойлгосон бол толгой дохиж, үгүй бол сэгсрэх гэх мэтээр хариултаа үйл хөдлөлтэйгөө тохируулж илэрхийлж байгаарай. Заримдаа зөв үйл хөдлөл үг ярианаас ч илүү бусдад нөлөөлдөг юм шүү.
6. ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙ
Бид заримдаа бусдаар өөрийгөө тольдож байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бусдын чамд хэлж байгаа үгсийг өөртөө хүндээр тусгаж авалгүйгээр яагаад надад ингэж хэлэх болов, нээрээ би түүний хэлснээр “...”-ээд байгаа юм болов уу гэж өөртөө асуулт тавиад, зүрх сэтгэл чинь тийм гэж хариулбал өөрийгөө зөв тал руу өөрчлөхийг хичээгээрэй.
Өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоног бүр өөрийнхөө талаар бодох цаг гаргаж байгаарай. Өөрийгөө улам сайн ойлгож, бас бусадтай харилцах олон аргаас суралцахыг хүсвэл энэ сэдвийн ном товхимлыг олж уншаарай.
7. ӨӨРИЙН ДАВУУ ТАЛЫГ МЭДЭР
Хүн бүр дахин давтагдашгүй байдаг тул чамд ч гэсэн бусдаас илүү сайн чанар, давуу тал бий. Түүнийгээ хөгжүүлж, ашиглан, үр шимийг нь хүртэж, өөрөөрөө бахархаж бай.
8. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА
Энэ нь жаахан амиа бодсон мэт сонсогдож болох ч өөрийгөө хайрлана гэдэг амин хувиа хичээхээс ялгаатай ойлголт шүү. Амиа бодно гэдэг зөвхөн өөрийн эрх ашгийг харж, бусдыг хохирооно гэсэн үг. Харин өөрийгөө хайрлана гэдэг өөрийн сайн муу талыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, ойлгож, хүндэтгэлтэй хандана гэсэн утгатай юм.
Өөрийгөө хайрладаггүй хүмүүс бусдад бас өөрийгөө хүндлэх, хайрлах эрх байдаг гэдгийг тоолгүй бүдүүлгээр хандаж, гомдоож, дээрэлхэж байдаг. Өөрийгөө жинхэнэ утгаар хайрлаж, хүндэлж чаддаг хүмүүс л бусдыг хайрлаж, хүндэлж чаддаг юм. Хэрэв өөрийгөө хайрлаж байгаа бол муу зүйл хэрэглэж, бас хийхээс өөрийгөө сэргийлээрэй.
9. ТОМЧУУДЫГ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ
Ялангуяа эцэг эх, ах эгч нарыгаа. Тэд заримдаа чамд шударга бус ханддаг байж болох ч энэ дэлхий дээр чамд хамгийн ихээр сайн сайхныг хүсэж, үүнийхээ төлөө зүтгэж байдаг. Харин энэ сэтгэлээ тэр бүр зөв, ойлгогдохоор илэрхийлдэггүй. Хэрэв тэгсэн бол тэднийгээ яг л чамайг буруу зүйл хийхэд уучилж өршөөдөг шиг уучилж байгаарай.
Ингээд өөрийгөө болон бусдыг ямартай ч ойлгохыг эрмэлздэг, өөрт байгаа авьяас чадвараа нээж, хөгжүүлэн, бусадтай найрсаг харилцаж чаддаг байхад чи шилдэг өсвөр насны хүүхэд болж, цаашлаад шилдэг том хүн болох болно.
Өөрийнхөөрөө зөв сурч, амьдрах аялалд чинь амжилт хүсьe!
Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2012
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх