Эрүүл, гялалзсан, намирсан урт үсний нууц нь мэдээж хэрэглэж буй бүтээгдэхүүнээс хамаардаг боловч бидний тийм ч их анхаараад байдаггүй атлаа өдөр бүр хийдэг үс самнах арга барил маань үүнд үлэмж хэмжээгээр нөлөөлдөг байх нь. Хэт их үс уналт, өнгө алдалт, хуурайшилт нь буруу аргаар үсээ самнаснаас үүддэг тухай энэ нийтлэлээс уншаарай.
ҮСЭЭ ТОГТМОЛ САМНАХЫН АЧ ХОЛБОГДОЛ
1. ЭРҮҮЛЖИЖ ГЯЛАЛЗАНА
Үсний булцуу буюу хуйханд байрлах өөхөн булчирхай нь өөрөөсөө тогтмол тос ялгаруулж байдаг. Энэ нь хуйхыг эрүүл, тослог байлгадаг бөгөөд үсээ зөв самнаснаар тухайн тослогийг үсний уг болон үзүүр хүртэл жигд тарааж, үсийг гялалзсан болгодог.
2. ХУЙХЫГ ТАЙВШРУУЛНА
Үсийг жигд, зөөлөн самнах нь хуйханд иллэг болж, тайвшруулж өгдөг. Үүнээс гадна цусны эргэлтийг сайжруулж, үс ургалтыг түргэсгэдэг.
3. ҮС УНАЛТЫГ БАГАСГАНА
Өдөрт дунджаар 50-100 ширхэг үс унах нь хэвийн гэж үздэг. Үсээ өдөр бүр тогтмол самнаснаар үс уналтыг бууруулах боломжтой.
ӨДӨРТ ХЭДЭН УДАА ҮСЭЭ САМНАХ ВЭ?
Өглөө, оройдоо буюу өдөрт хоёр удаа үсээ самнаж хуйхны тослогоо тэнцвэржүүлэх нь үсийг эрүүл байлгахад чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ үсээ маш зөөлөн, алгуурхнаар самнах хэрэгтэй.
НОЙТОН ҮСИЙГ ХЭРХЭН САМНАХ ВЭ?
Үс нойтон үедээ маш эмзэг байдаг учраас үстэйгээ болгоомжтой харьцах хэрэгтэй. Гэхдээ энэ үед ч гэсэн тодорхой аргуудад суралцаж, самаа зөв сонгож чадвал үсээ гэмтээхгүйгээр самнаж болно. Хамгийн гол нь нойтон үстэйгээ маш зөөлөн, алгуурхнаар харьцах ёстой.
Нойтон үсийг самнахдаа том шүдтэй, зууван, зөөлөн самыг ашиглахыг мэргэжилтнүүд санал болгож байна.
НОЙТОН ҮСИЙГ САМНАХ ДАРААЛАЛ:
1. Үсний үзүүр хэсгээс эхлэн самнах
2. Ширэлдээг хуруугаараа гаргах
3. Ширэлдээг гаргахын тулд үсээ зулгааж, хүчлэх нь үсийг маш ихээр гэмтээх учраас зөөлөн, алгуурхнаар самнах
4. Үсний үзүүр хэсгийн ширэлдээг гаргаж дууссаны дараа түүнээс үл ялиг дээшилж буюу дараагийн хэсгийн ширэлдээг самнаж гаргах
5. Энэ аргын дагуу хуйх хүртэлх ширэлдээг гаргаж дуусгах
Нойтон үсийг гэмтээхгүйгээр самнахад сам ямар байх нь хамгийн чухал. Зууван, зөөлөн сам нь ямар ч төрлийн үсийг нойтон, хуурай аль ч үед гэмтээхгүйгээр ашиглах боломжтой байдаг.
ХУУРАЙ ҮСИЙГ ХЭРХЭН САМНАХ ВЭ?
Үс хуурайшсанаар ширэлдэж, цаашлаад арзайснаар гэмтэж хугардаг. Хуурай буюу хатсан үсийг самнахдаа үсний угаас бус үзүүрээс эхэлж, хэсэгчлэн самнах хэрэгтэй. Үсний угаас үзүүр хүртэл дээрээс нь доошоо чиглэлтэй самнах нь үсний гэмтэл, хугарлыг үүсгэдэг болохыг мэргэжилтнүүд байнга сануулдаг. Харин үснийхээ дунд хэсгээс эхлэн самнах нь хамгийн эрүүл, зөв арга юм.
ХУУРАЙ БУЮУ ХАТСАН ҮСИЙГ САМНАХ ДАРААЛАЛ:
1. Үснийхээ дунд хэсгээс эхлээд үзүүр хүртэл нь самнах
2. Үзүүр хэсгийн ширэлдээг гаргаж дууссаны дараа түүний дээд талын хэсгийн үсний ширэлдээг гаргах буюу үсээ хэд хэдэн хэсэгт хувааж самнах
3. Үснийхээ уг хүртэл дээрх үйлдлийг давтах, ширэлдээгүй болсон үсээ нийтэд нь хэд хэдэн удаа самнах
4. Үсний ихэнх гэмтэл нь үсээ зулгаах, хүчтэй самнах зэргээр ширүүн харьцсанаас үүсдэг учраас зөөлөн, алгуурхнаар самнаж хэвшээрэй.
Мөн хуурай болон нойтон үсэнд аль алинд нь тохиромжтой самны сонголт бол хавтгай дөрвөлжин сам юм. Урт, өтгөн, шулуун үстэй болохыг хүсэж байвал энэ төрлийн сам илүү тохиромжтой.
Үсээ зөв самнаж сурснаар үсээ эрүүл, намирсан, гэрэлтсэн хэвээр нь хадгалахаас гадна хугарал, гэмтэл зэргээс сэргийлж байна гэсэн үг юм. Дээр дурдсанчлан өглөө, оройдоо буюу өдөрт хоёр удаа үсээ самнан, хуйхныхаа тослогийг тэнцвэржүүлж, бусад хэсэгтээ тараах хэрэгтэй.
Хэрвээ та бидний зөвлөсөн аргаар үсээ зөв самнасан ч үс тань гэмтэлтэй хэвээр байвал мэргэжлийн эмчид хандан, зөвхөн өөрт тохирсон зөвлөгөөг аваарай.
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх