TIME сэтгүүл 2020 оны ШИЛДЭГ 10 ДУУГ нэрлэлээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-12-03

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авахад ганцхан сарын хугацаа үлдэхтэй зэрэгцэн салбар бүрийн шилдгүүд тодорч эхэлжээ. Харин өнгөрсөн долоо хоногт TIME сэтгүүлээс 2020 оны шилдэг арван дууг нэрлэсэн байна.

Уг жагсаалтад уран бүтээлчдийн шинэхэн дүр төрхийг нээсэн шинэлэг аялгуунууд болон тухайн уран бүтээлчийн амьдралын түүхийг өөртөө шингээсэн гүн гүнзгий утгатай дуунууд ч багтсан ажээ. Ингээд жагсаалтыг хүлээн авна уу. 

10. ONEOTRIX POINT NEVER - LONG ROAD HOME

Жагсаалтын аравдугаарт бичигдсэн уг дуу нь “Magic Oneohtrix Point Never” цомгийн нэг хэсэг бөгөөд энэ оны есдүгээр сард олны хүртээл болсон аж. Харин дууны клипийг Charlie Fox, Emily Schubert нар хамтран найруулсан бөгөөд найруулагч Georges Schwizgebel-ийн ”Le ravissement de Frank N.Stein” (1982) нэртэй богино хэмжээний киноноос сэдэвлэн бүтээжээ. 

Дууны аялгуу хийгээд клип нь сонсогчдод яг л дэлхий дээр бус өөр гараг дээр оччихсон мэт мэдрэмжийг төрүүлэх юм. Тус бүтээлийн эзэн болох Oneohrtix Point Never буюу Daniel Lopatin-ий хэлснээр “Long Road Home” нь эргэлзээн дунд амьдарч сурах тухай өгүүлэх бүтээл ажээ. 

9. PRINCE KAYBEE, SHIMZE, BLACK MOTION, AMI FAKU - UWRONGO

Өмнөд Африкийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон Prince Kaybee болон Shimze нар хэсэг хугацаанд завсарласны эцэст ахин хамтран уран бүтээл гаргасан нь “Uwrongo” байлаа. Тэд энэ удаагийн дуугаа афросоул дуучин Ami Faku-тай хамтран бүтээсэн бөгөөд бэрхшээлийг даван туулах тухай дуундаа өгүүлсэн ажээ. 

8. STRAY KIDS - BACK DOOR

Жагсаалтад багтсан цорын ганц солонгос уран бүтээл болох “Back Door” нь энэ оны есдүгээр сард цацагдсан бөгөөд Stray Kids хэмээх хөвгүүдийн хамтлагийн уран бүтээл аж. JYP энтертайментэд харьяалагдах тус хамтлаг нь 3 жилийн өмнө урлагийн гараагаа эхлүүлсэн бөгөөд дуунуудаа өөрсдөө зохиодог нь тэднийг бусдаас онцгойруулдаг билээ. 

“Back Door” дууны хувьд ч мөн адил “3Racha” хэмээн нэрлэгддэг хамтлагийн реппэр гишүүд буюу Bang Chan, Han, Changbin нар дууны үг, аяыг бичсэн байна. 

7. MORGAN WALLEN - 7 SUMMERS

Цар тахлын улмаас бид зуныг жинхэнэ зун болгож өгдөг чамгүй олон зүйлсийг огт мэдэрч амжилгүй намартай золгосон. Голын эрэг дээрх оройн зоог, танихгүй нэгний төрсөн өдрийн үдэшлэг, гэр бүлийн цугларалт болон зугаалгууд гээд л… Тийм ч учраас “7 Summers” нэртэй зуныг санагдуулам уг дуу хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж дөнгөсөн биз ээ. 

Гурван минутын туршид та уг дууг сонсоод нүдээ анингаа өөрийгөө голын эрэг дээр суугаад, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтайгаар цагийг өнгөрөөж буйгаар төсөөлж болох юм. Дуучин Wallen-ий гитарын утаснууд таныг тэрхүү мөрөөдөлд хүргэх гүүр болж өгөх хэдий ч дахилт бүрийн төгсгөлд тэр бодит байдлыг ч мөн сануулах аж:

“Энэ бүхэн долоон зуны өмнө байсан гэдгийг мэдэх чамд гунигтай санагдаж байна уу?”

6. DAOI FREYR - THINK ABOUT THINGS

Жагсаалтын зургадугаар байранд бичигдсэн “Think about Things” дуу нь энэ жилийн Валентиний баярын өдрөөр цацагджээ. Сонирхуулан хэлэхэд Daoi Freyr хамтлаг нь дуучин Daoi Freyr Petursson болон түүний дүү, гэргий хийгээд найзуудаас нь бүрдсэн хамтлаг аж. 

“Think about Things” дууны хувьд жил бүр зохион байгуулагддаг Европын хамгийн алдартай телевизийн нэвтрүүлэг болох “Eurovision Song Contest”-д зориулагдан бичигджээ. Харамсалтай нь тус нэвтрүүлэг цуцлагдаж орхисон хэдий ч сонирхолтой бүжгийнхээ ачаар “Think about Things” дуу нийтийн сүлжээнд алдартай болж чадсан юм.

5. MAC MILLER - GOOD NEWS

“Сайхан мэдээ, сайхан мэдээ… тэд үүнийг л сонсохыг хүсдэг”

Реппэр Mac Miller олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч байсан хэдий ч 2018 онд харамсалтайгаар хорвоог орхисон билээ. Харин “Good News” дуу нь түүнийг нас барсны дараа цацагдсан “Circle” цомгийн нэг хэсэг бөгөөд тэрээр уг дуундаа өөрт тулгарч байсан хүндрэл, бэрхшээлүүдээ шударгаар өгүүлсэн юм. 

“Үргэлж ядрахаас залхаж байна
Яагаад эцэст нь шатааж орхихын тулд
Ийм үзэсгэлэнтэй зүйлсийг бүтээсээр байдаг юм бол”

4. BREE RUNWAY - LITTLE NOKIA

Жагсаалтын дөрөвдүгээрт реппэр Bree Runway-ийн энэ оны есдүгээр сард цацагдсан “Little Nokia” дуу бичигджээ. Шүтэн бишрэгчид нь “Missy Elliot-ийн төөрөлдсөн дүү” хэмээн хочилдог дуучин маань энэ онд “2000and4Eva” нэртэй дебют микстейпээ цацсан аж. 

Реп-Рок төрлийн “Little Nokia” дуунд харин итгэл даахааргүй дурлалын тухай өгүүлэх бөгөөд богинохон хэдий ч сонсоод үзэхэд сонирхолтой мэдрэмж төрүүлэхүйц дуунуудын нэг юм. 

3. BAD BUNNY, IVY QUEEN, NESI - YO PERREO SOLA REMIX

Дууны сонирхолтой элементүүдээс бүтэх “Yo Perreo Sola” дуу нь энэ оны гуравдугаар сард цацагдсан бол харин ремикс хувилбар нь өнгөрсөн сард олны хүртээл болжээ. Реппэр Bad Bunny-гийн хувьд сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар өсөн дэвшиж буй уран бүтээлчдийн нэг бөгөөд 2020 оны Spotify дахь хамгийн их сонсогчтой дуучнаар шалгараад амжсан юм. 

Бүжгийн талбайн голд эгшиглэхээр зохиогдсон мэт уг дуун дээр Ivy Queen болон Nesi нар өөрсдийн өнгө төрхийг нэмснээр Пуэрто-Рико арлын хоёр үеийн реппэрүүдийн гайхалтай хамтрал болжээ. 

2. CARDI B, MEGAN THEE STALLION - WAP

Гарсан цагаасаа хойш хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж, интернэт ертөнцөд чамгүй маргааныг ч үүсгээд амжсан 2020 оны онцлох дуунуудын нэг бол гарцаагүй “WAP”. Цаг үеийнхээ шилдэгт тооцогддог реппэрүүд болох Cardi B, Megan Thee Stallion нарын хамтарсан уг уран бүтээл энэ оны наймдугаар сард цацагдсан билээ. 

TikTok сүлжээнд үүссэн “WAP Challenge” нь хэсэгтээ л интернетийг шуугиулсан. Үүнээс гадна одоо ч Billboard "Шилдэг 100" жагсаалтын эхний байруудыг орхиогүй байгаа юм. 

1. CHRISTINE AND THE QUEENS - PEOPLE I’VE BEEN SAD

Хэд хэдэн уран бүтээлчид хөл хориотой холбоотойгоор энэ цаг үеийн уйтгар гуниг, ганцаардлыг өгүүлэх дуунууд бичээд амжсан. Гэвч Christine and the Queens-ийн “People I’ve Been Sad” дууг гүйцэх хэмжээний ганцаардал, хоосролыг өгүүлж чадах дуу энэ жил тун ховорхон бичигджээ. 

Уг дууг Heloise Letissier өнгөрсөн жил эхийгээ алдсаны дараахан бичсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард олны хүртээл болсон аж. Эцэстээ гэхэд шилдэг уран бүтээлүүд хувь хүний зөвхөн өөрийн гэсэн тэрхүү мэдрэмж, дурсамжуудаас төрөн гардаг бололтой. 

TIME сэтгүүлийн зүгээс 2020 оны шилдэг дуунуудыг ийнхүү жагсаажээ. Харин та бүхний бодлоор энэ оны шилдэг дуу ямар дуу байсан бэ?

Эх сурвалж: Time

#Дуу хөгжим #Шилдэг #Time сэтгүүлч