Арваннэгдүгээр сарын онцлох үйл явдлын нэг нь Монголын анхны албан ёсны, бүрэн хэмжээний видео тоглоом болох “Fragile” нээлтээ хийсэн явдал байлаа. Та бидний сайн мэдэх “ОННЦ ДҮМД” цуврал анимейшнийг бүтээсэн “Beer Night” студийн бүтээл болох уг тоглоомын дэмо хувилбар цацагдсан цагаас хойш залуусын дунд маш өндөр хүлээлт үүсээд байсан билээ. Тэгвэл уг видео тоглоом үнэхээр амжилттай байж чадсан болов уу?
ТОГЛООМЫН ТУХАЙД
"Fragile" тоглоомыг хөгжүүлсэн студи болох “Beer Night Studio“-г О. Баярсайхан буюу реппэр Rokit Bay үүсгэн байгуулсан билээ. Харин уг тоглоомын төсөл нь тус студийн туслах найруулагч Г. Анхныбаярын санаа байсан аж.
Тус студийн хамт олон аймшгийн, адал явдалт төрлийн “Fragile” тоглоомыг “Unreal Engine” програмыг ашиглан бүтээсэн тул ердийн 2D тоглоомуудтай харьцуулахад дүрслэл, хөдөлгөөний хувьд илүү цэвэр бөгөөд чанартай болжээ. Мөн тоглоомын туршид эгшиглэх аялгуу, хөгжим бүр дээр реппэр Rokit Bay өөрийн биеэр ажилласныг дурдах нь зүйтэй биз ээ.
Харин тоглоомын гол үйл явдалд л амин сүнс нь орших аж. Видео тоглоомыг тэр бүр сонирхоод байдаггүй хүмүүст видео тоглоомын талаар ярихад юун түрүүнд “талцаж байгаад зодолддог”, “нэгнээ ялж байж дуусдаг” зэрэг дүр зураг төсөөлөгддөг. Гэтэл “Fragile” тоглоомын чин зорилго нь нүдний өмнө ил байдаг ч бидний алхам тутамдаа зугтахыг хичээдэг тэдгээр “жинхэнэ” мангасуудтай тулалдахад оршино.
Үйл явдлын хувьд бид “Fragile” тоглоомоор дамжуулан хүүхдийн хулгайн хохирогч болсон аравхан настай охины зүгээс орчлон ертөнцтэй танилцах юм. Зарим асуудлыг нүдээ аниад л харахаа больчхож дийлэх “азтай” хүмүүс байхад нулимстай нүдээ тас аньсан ч тэдгээр асуудлуудыг зүрхнийхээ цохилт болгоноор, бие мах бодынхоо эд эс бүрээр нэгд нэгэнгүй мэдэрдэг хүмүүс ч харамсалтай нь байдаг. Энэ тоглоомоор дамжуулан тоглогч тэр аймшгийг, тэр айдсыг, мөн тэр гунигийг бага ч атугай мэдрэх юм.
Бид том болох тусам хүүхэд байхдаа айдаг байсан зүйлсээ бага багаар мартаж, “юундаа тийм зүйлээс айдаг байсан юм бол доо” гэх бодол өвөртөлж эхэлдэг шүү дээ. Жишээ нь багадаа тарвасын үр идчихвэл гэдсэнд тарвас ургана гэж бодсондоо айгаад уйлж байсан гэх хүмүүс цөөнгүй байдаг. Бид харин инээгээд л өнгөрдөг. Хүүхдийн сэтгэл зүй тийм л “хэврэг”, тийм л “эмзэг” байдаг.
Тийм л эмзэгхэн аравхан настай охины нүдээр бид аймшигтай хорвоотой танилцах бөгөөд тоглоомын туршид бяцхан охины сэтгэл зүйн өөрчлөлт, түүний баяр хөөр, уй гашуу, уйтгар гуниг, айдас зовнилыг хамтдаа мэдрэх тул уг тоглоомыг “Хэврэг” хэмээн нэрлэсэн биз ээ.
ТОГЛООМ АМЖИЛТТАЙ БАЙСАН УУ?
“Fragile” видео тоглоом арваннэгдүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд маргааш нь видео тоглоомын хамгийн том талбар гэж хэлж болох Steam-ийн “Шинэ Тоглоом” жагсаалтыг тэргүүлсэн аж. Үүгээр ч зогсохгүй хамгийн алдартай видео тоглоомын мэдээллийн сайт болох PCgamer-ийн арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн онцлох 5 тоглоомын нэгээр нэрлэгдээд амжсан ажээ.
Тоглоом монгол хэл дээр боловч англи, герман, орос, франц, испани, хятад, япон, солонгос зэрэг хэл дээр хадмал орчуулгатайгаар үзэх боломжтой тул олон улсын хэмжээнд ч өрсөлдөх боломжтой болж буй юм.
Гэвч эдгээрээс ч илүү бахархал төрүүлэм амжилт бол тоглогчдын сэтгэгдэл байлаа. Ямар ч сонголт хийж, тоглоомыг яаж ч эргүүлсэн бай тоглож үзсэн бүхэн дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаажээ. Ихэнх тоглогчдын мэлмийд нулимс хуруулж чадсан “Fragile” тоглоомын гол дүр гэлтгүй тоглоом дундуур гарч ирж буй туслах дүрүүд хүртэл өөр өөрийн гэсэн өвөрмөц, онцгой бөгөөд сургамжтай түүхтэй аж.
Хэдий ашиг орлогынхоо хувьд ч чамгүй амжилттай яваа хэдий ч жинхэнэ амжилт, аархал, бахархал мөнгөн зоосноос эсвэл төмөр цомоос ирдэггүй. Хүн бүрийн сэтгэлд үлдээж чадсан тэр сургамж, хүмүүсийн ярихаас эмээгээд чимээгүй өнгөрчихдөг сэдвийг хөндөж чадсан тэр зориг болон тоглоод дууссаны дараа зүрхэнд хурах “ийм л эмзэг хүүхдүүдээ, ийм л хэврэг ирээдүйгээ хайрлах ёстой юм байна” гэх тэр сэдэл энэ тоглоомын хамгийн том амжилт билээ.
Тоглоом одоогоор Steam платформд л байршиж буй бөгөөд 14.99 ам.доллараар худалдан авах боломжтой аж. Тун удахгүй мобайл хувилбар нь ч мөн цацагдах тул хараахан тоглож үзээгүй байгаа бол туршаад үзээрэй!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх