Хүн төрөлхтний дунд тэшүүр үүсээд 5,000 гаруй жил өнгөрчээ. Анх финчүүд амьтны ясаар хийсэн тэшүүр хэрэглэж эхэлсэн бөгөөд хожим мод, төмрөөр хийх болсон гэдэг. Эдүгээ тэшүүрээр гулгах нь спорт болтлоо хөгжиж дэлхий даяар хэдэн зуун сая үзэгчтэй болжээ. Харин мэргэжлийн уран гулгагч байх нь тийм ч амар зүйл биш бөгөөд эдгээр тамирчдын талаар бидний төдийлөн сайн мэддэггүй 10 зүйлийг сонирхоцгооё.
ЭМЭГТЭЙ УРАН ГУЛГАГЧИД ХАМТРАГЧАА “ХУДАЛДАЖ” АВДАГ
Дэлхий дээрх нийт уран гулгагчдын хүйсийн харьцааг авч үзвэл нэг эрэгтэйд 100 эмэгтэй уран гулгагч оногддог аж. Тиймээс хос гулгалтын тэмцээнд орох эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйгээ олох нь жинхэнэ “ан” болж хувирдаг. Ийнхүү ихэнх эмэгтэй тамирчид эрэгтэйдээ бэлтгэлийн зардал, хувцас гэх мэт бүхий л хэрэгцээтэй зүйлсийг нь санал болгож, мөнгө амладаг аж.
ТЭДНИЙ ТОЛГОЙ ЭРГЭХ НЬ БАГА БАЙДАГ
Уран гулгалтын нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг харахад л толгой эргэм санагдаж байгаа биз? Энгийн хүн тэдгээр хөдөлгөөнийг мөсөн дээр байтугай гэртээ хийх гэж оролдоход л толгой эргэх нь тодорхой. Харин уран гулгагчид олон жилийн бэлтгэлийн үр дүнд толгой эргэх, тэнцвэр алдах гэх мэт асуудалтай тулгарахаа больсон байдаг.
БУРУУ ХУВЦАС ӨМСВӨЛ БАГА ОНОО АВДАГ
Тэмцээний үеэр уран гулгагчдыг гэдсээ гаргасан хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй учраас ихэнх эмэгтэй уран гулгагчид богино даашинз сонгодог. Хэрвээ хувцаслах дүрмийг зөрчвөл оноо алдах бөгөөд хэт задгай хувцас өмсөхийг ч хориглодог аж. Анх 1988 онд уран гулгагч Катарина Витт (Katarina Witt) хэт задгай хувцаслаж олны өмнө гарч ирсэн ба үүнээс хойш “Катаринагийн дүрэм” гэх шинэ дүрмийг баталж энгэр нь хэт задгай хувцсыг хоригложээ.
ХУВЦАСНААС ЯМАР НЭГ ЗҮЙЛ УНАХ НЬ МАШ ТОМ АЛДААНД ТООЦОГДДОГ
Уран гулгалтын хувцас хэт задгай байх ёсгүй боловч чамин байхыг зөвшөөрдөг. Тийм ч учраас ихэнх тамирчид хувцсаа гялтганасан саа болон шүрээр чимэглэсэн байдаг. Гэвч эдгээр бүх чимэглэлд мөн л стандарт тогтоож өгдөг учраас хувцсаа дүрмийн дагуу чимэглэх хэрэгтэй. Ялангуяа том саа, шүр, товч зэрэг чимэглэлийг сайн бэхлэх ёстой бөгөөд хэрэв эдгээр нь гулгах явцад хувцаснаас унавал оноо хасагддаг. Тиймээс ихэнх тамирчид өдтэй хувцас болон үсний хавчаар, олон чимэглэл зүүх зэргээс ч татгалздаг аж.
БАЛЕТ БОЛОН ГИМНАСТИКААР БАЙНГА ХИЧЭЭЛЛЭДЭГ
Уран гулгагчид өдөржин “мөсөн дээр гулгаж” бэлтгэл хийдэггүй. Харин ч балет болон гимнастикаар хичээллэхэд ихэнх цагаа зарцуулдаг аж. Учир нь уран гулгалт, гимнастик, балет зэрэг нь салшгүй холбоотой юм. Мөн зарим дасгалжуулагчид тамирчдаа иогоор хичээллэхийг зөвлөдөг байна.
ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ХЭТ ОЛОН УДАА ҮСРЭХ ХОРИОТОЙ
Уран гулгагчид олон удаа үсрэлт хийх тусам өндөр оноо авах юм шиг санагдаж байна уу? Гэвч тийм биш ээ! Тэд ердөө 7 элементийг л агаарт үзүүлж болдог. Мөн тэдгээрийг угсруулж олон удаа хийж болохгүй бөгөөд бүх зүйл дүрмээр зохицуулагдана.
БЭЭЛИЙГ ЗӨВХӨН САЙХАН ХАРАГДАХ ГЭЖ ӨМСДӨГГҮЙ
Бээлий нь уран гулгалтын хувцасны нэг хэсэг мөн боловч зөвхөн сайхан харагдахад зориулагдаагүй аж. Энэ нь тамирчдыг мөсөнд гараараа хүрэх, тэшүүрэнд гараа исгэх зэргээс хамгаална.
ХЭВТЭЭ БАЙРЛАЛААР ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Тамирчдыг үсрэлт хийснийхээ дараа гараараа эсвэл хоёр өвдгөөрөө мөсөн дээр буухыг хориглодог. Мөн мөсөн дээр хэвтэх, мөлхөх үзүүлбэр үзүүлж болдоггүй.
ШҮТЭН БИШРЭГЧДИЙН ЗҮГЭЭС ЗӨВХӨН ЧИХМЭЛ ТОГЛООМ ШИДДЭГГҮЙ
Шүтэн бишрэгчид өөрсдийн дуртай тамирчин руугаа цэцэг шидсэний улмаас талбай бохирдож байсан учир үүнийг хориглосон байна. Харин орчин үед чихмэл тоглоом шиддэг болсон аж. Гэвч хүмүүс чихмэл тоглоомоос гадна гялгар уутанд боосон цэцэг болон янз бүрийн бэлэг шидсээр л байгаа гэнэ.
Мөн ихэнх уран гулгагчид шүтэн бишрэгчдээсээ авсан бэлгээ хэрэгцээт газруудад нь хандивладаг аж. Тухайлбал, Японы тамирчин Юзүрү Ханюү (Yuzuru Hanyu) 2018 оны Пёнчанийн өвлийн олимпд оролцох үеэрээ шүтэн бишрэгчдээсээ авсан чихмэл тоглоомоо хандивлана гэдгээ мэдэгдэж байсан юм.
ДОТУУР ХУВЦСАА ЗӨВ СОНГОХ
Үзүүлбэрийн үеэр эмэгтэй тамирчдын хувцас нь холхигнохгүй байх хэрэгтэй. Ялангуяа дотуур хувцас нь биед эвтэйхэн, мөн “ил” харагдахгүй байх ёстой. Тиймээс хувцаслах дүрмийн дагуу трикотойгоо нийлүүлж оёдог бөгөөд тамирчдыг хумсны будаг болон үс хэлбэржүүлэгч цацлага ашиглаж трикогоо бат бөх байлгахыг зөвлөдөг.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх