Тууштай хөдөлмөрлөн өөрийн СТАНДАРТЫГ ТОГТООЖ чадсан дуучин Beyonce


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-22

Найман насандаа урлагийн гараагаа эхлүүлж, түүнээс хойш тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд дэлхий дахинд нэрээ цуурайтуулж чадсан дуучин Beyonce-г бид бүхэн сайн мэднэ. “Хатан хаан Bey” гэх хочоороо алдартай тэрээр аль хэдийн 23 удаагийн Греммигийн шагналыг хүртээд амжсан хэдий ч нийгэмд бичигдээгүй хууль мэт болсон гоо зүйн шалгууруудыг эвдэж өөрийн стандартыг тогтоож чадсан нь түүний хамгийн том амжилт байв.

“Эмэгтэй хүн ийм байх ёстой” гэх хэвшмэл үзлийг халж, өөрийн түүхээ дэлхий дахины өмнө тод томруунаар бичих хялбар байгаагүй нь мэдээж. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ дуучин Beyonce-гийн хэрхэн амжилтад хүрсэн түүхийг хүргэж байна.

DESTINY’S CHILD

Beyonce өөрийн авьяас чадвараа бага насандаа олж нээсэн тул урлагийн замналаа ч чамгүй эрт эхлүүлсэн юм. Тэр найман настайдаа өөрийн найзууд болох LaTavia Roberson, LeToya Luckett болон үеэл Kelly Rowland нарын хамтаар “Destiny’s Child” нэртэй охидын хамтлагийг үүсгэн байгуулж байжээ. Beyonce-гийн эцэг охиныхоо хүсэл мөрөөдлийг ихэд дэмждэг байсан тул ажлаа хаян тус хамтлагийн менежерийн үүргийг хүртэл гүйцэтгэж байсан аж.

Тэд 1992 онд “Star Search” нэртэй шоу нэвтрүүлэгт оролцон олны анхаарлыг татсан ч харамсалтай нь ялагчийн цом тэднийх байсангүй. Улмаар 1995 онд анхны цомгоо цацахаасаа ч өмнө гэрээ байгуулсан компаниасаа хасагдсан байна. Хүмүүс үүнийг тус хамтлагийн төгсгөл байх болно хэмээн таамаглаж байсан ч 1997 онд тэд АНУ-ын хамгийн том хөгжмийн компанийн нэг болох “Columbia Records”-той  гэрээ байгуулсан аж.

Ингээд нийт дөрвөн цомог гаргасны дараа Destiny’s Child хамтлаг тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай охидын хамтлаг болжээ. Цаашдын ирээдүй нь тодорхойгүй байсан ч тэд хоёргүй сэтгэлээр шаргуу ажилласны хүчинд “Jumpin’ Jumpin’”, “Bills, Bills, Bills” болон “Say My Name” зэрэг уран бүтээлээрээ нэрд гарч чадсан байна.

СОЛО ДУУЧНЫ ЗАМНАЛ

Beyonce гайхалтай дуучин, бүжигчин төдийгүй дуу бичих гаргууд авьяастай нэгэн. Тэр уг чадвараа “Dangerously in Love” хэмээх соло цомгоо олны хүртээл болгохдоо батлан харуулж чадсан юм. Тус цомогт багтсан “Crazy in Love” дуу нь одоо ч олны дунд алдартай хэвээр.

Ийнхүү хүүхэд байхаасаа хойш бууж өгөлгүй хичээсний үр дүнд 2004 онд тэрээр таван Гремми шагналын эзэн болсон юм. Тус жилд Destiny’s Child хамтлаг ч сүүлчийн цомгоо цацсанаар хамтлагийн гишүүд цаашид хувийн карьерыг хөөх болсон билээ. 

ЭЭДРЭЭТЭЙ ХУВИЙН АМЬДРАЛ

Beyonce “Crazy in Love” дуугаа реппэр Jay-Z-тэй хамтран дуулсан бөгөөд үүнээс хойш тэднийг болздог гэх цуу яриа тарж эхэлсэн билээ. Тэд 1999 онд буюу Beyonce-г 18 настай байхад танилцсан бөгөөд жил гаруй хугацаанд нөхөрлөсний эцэст болзож эхэлсэн аж. Хосууд 2008 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод хуримаа хийсэн бөгөөд үүнээс хойш маш олон хүний үлгэр жишээ авдаг гэр бүл болжээ.

Тэд олноо "хүчирхэг хосууд” хэмээн нэрлэгддэг байсан ч 2014 онд цацагдсан нэгэн бичлэг бүхнийг өөрчилж орхисон юм. Тус бичлэгт Beyonce-гийн дүү Solange Knowles цахилгаан шатан дотор реппэр Jay-Z-г маш хүчтэй өшиглөж, цохиж буй нь бичигдсэн байдаг. Уг бичлэгээс үүдэн реппэр Jay-Z эхнэрээ хуурсан гэх яриа интернетийг бүрхэж эхэлсэн юм.

Хосууд хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгэдэггүй хэдий ч Beyonce-гийн 2016 онд цацагдсан “Lemonade” цомог бүхний хариулт болж орхисон аж. Тус цомогт хууран мэхлэлт, урам хугаралтын тухай хэд хэдэн дуу багтсан байдаг төдийгүй “Don’t Hurt Yourself” дууныхаа төгсгөлд “Хэрэв ахиж ийм зүйл хийвэл чи гэргийгээ алдах болно шүү” хэмээн анхааруулангуй хэлдэг.

Харин 2017 онд реппэр Jay-Z Beyonce-г хуурсан гэдгээ “New-York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хүлээн зөвшөөрсөн аж. Гайхалтай нь тэд уг асуудлыг хамтдаа даван гарч чадсан бөгөөд одоо ч аз жаргалтай хэвээр амьдарч байна.

ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД

Beyonce уран бүтээлээрээ дамжуулан өөрийн үзэл баримтлалаа бусдад таалагдах эсэхээс үл хамааран маш тодорхой илэрхийлдэг нь түүнийг бусдаас онцгойруулдаг гэж хэлж болно. Тэр маш олон удаа “Уг амжилтад хүрсэн анхны өнгөт арьстай эмэгтэй” гэх цолыг хүртэж байсан ч сүүлийнх нь байхыг хүсээгүй. Тиймээс Beyonce эмэгтэйчүүдийн эрхийн тухай болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар дуу хоолойгоо өргөхдөө хэзээ ч эргэлзэж байгаагүй аж.

“If I Were a Boy”, “Run the World”, “Flawless” болон “Independent Women” зэрэг дуунууд нь бүхэлдээ феминист өнгө аястай. Beyonce “Flawless” дууныхаа эхэнд Chimamanda Ngozi Adichie-гийн “Бид бүгд феминист байх хэрэгтэй” гэх илтгэлээс иш татсан байдаг. Зарим хүний хувьд эдгээр нь бахархмаар, урам зориг авмаар уран бүтээл болсон хэдий ч чамгүй шүүмжлэлийг ч мөн дагуулаад амжсан юм.

Олон хүмүүсийн хувьд Beyonce дүрмийг зөрчиж байсан юм. Эмэгтэй хүн цэцэг шиг эмзэг, даруу ичимхий байх ёстой гэх үзэл баримтлалын яг эсрэг талд Beyonce зогсдог. Тэр эмэгтэйчүүдийг нийгэмд эрчүүдтэй адил байр суурь эзэлж, биеэ даасан, хүчирхэг байхыг дэмждэг. Ийм төрлийн үзэл баримтлалууд тухайн үед маш их шүүмжлэл дагуулдаг байсан тул уран бүтээлчид ч хайр дурлал эсвэл амжилтынхаа талаар дуулсаар байхыг илүүд үздэг байсан байж болох юм.

Сонирхолтой нь Beyonce шүүмжлэл хүртлээ гээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээ зогсоогоогүй. Харин ч эсрэгээрээ гарч ирсэн боломж бүрдээ өөрийгөө батлан харуулж байв. Beyonce 2018 онд хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох "Coachella"-г тэргүүлэн үзүүлбэр үзүүлсэн хамгийн анхны өнгөт арьстай эмэгтэй уран бүтээлч болсон юм. “Beychella” хэмээн нэрлэгдсэн түүний үзүүлбэрүүд бүхэлдээ арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг төдийгүй феминист шинжтэй байсан аж.

ТУУШТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН

Энэ оны долдугаар сард Beyonce “Black is King” нэртэй визуал цомгоо олны хүртээл болгосон нь мөн л тэгш эрхийн төлөөх тэмцлийнх нь нэг хэсэг байсан юм. Beyonce одоо ч өөрийн үзэл бодлоосоо ухрах бодолгүй байгаа нь илт.

Олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн эцэст Beyonce гарцаагүй түүхэнд нэрээ үлдээж чадсан юм. Тэрээр хамгийн алдартай поп уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор багтдаг төдийгүй тоолж дуусамгүй олон шагналын эзэн болсон. Тууштай хөдөлмөр хийгээд өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх нь амжилтад хүрэх гол түлхүүр болдог гэдгийг Beyonce-гийн түүхээс харж болох аж.

Эх сурвалж: Britannica, Insider, Allmusic

#Алдартнуудын түүх #Beyonce