Forbes сэтгүүлээс нэрлэсэн бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй реппэрүүдийн нэг болох реппэр, продюсер Cardi B "Footwear News" (FN) сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт онцгой зочноор оролцсон байна. Ийнхүү Cardi B-гийн дууг сонсох дуртай уншигчдадаа зориулан түүний өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
FN: Лос Анжелес хотод шөнө дунд болж, реппэр Cardi B манай сэтгүүлийн зураг авалтад оролцож байна. Тэр зураг даруулсныхаа дараа зургийнхаа жижиг хэсгүүдийг ч анхааралтай ажиглана. Cardi 12 цагийн турш зураг авалтын багийнхны хамт "COVID-19"-ийн тест өгч, дөрвөн өөр төрлийн хувцас өмсөж, өндрөөс айдаг хэдий ч хайрцган дээр өндөр өсгийттэй гарч зургаа авахуулав. Үнэхээр эрч хүчтэй юм.
Cardi B-гийн жинхэнэ нэрийг Belcalis Marlenis Almanzar гэдэг бөгөөд одоогоор хоёр дахь цомог дээрээ ажиллаж байгаа тул өглөөний 05:00 цаг хүртэл студидээ байрладаг аж. Харин үүнээс хойш ээжийн үүргээ гүйцэтгэдэг.
- Би унтаж болно. Гэхдээ унтахаар хэвтэхэд "надад хөгжмийн чартуудад нэгдүгээрт жагсах цомог хэрэгтэй. Миний гаргасан гутал маш хурдан хугацаанд зарагдсан, тиймээс дахиад өөр загварыг гаргах хэрэгтэй” гэсэн бодлууд толгойд эргэлдчихдэг.
FN: Cardi B өөрийн гаргасан дуунуудаараа маш өндөр амжилтад хүрсэн боловч үүнээс ч илүүг хийхээр зорьж байгаа аж. Тэр өөрийгөө хүчтэй тоглогч гэдгээ мэддэг боловч түүний хамгийн том өрсөлдөгч нь тэр өөрөө юм.
- Би өөртөө хэтэрхий хатуу ханддаг. Цомог маань борлуулалт сайтай, худалдан авсан хүмүүст таалагдаж байвал их аз жаргал мэдрэгддэг. Гэхдээ үүний дараа илүү л чанартай, илүү л сайн дуу хийхийг хүсдэг.
FN: Рэппер Cardi B Reebok брэндтэй хамтран ажилладаг бөгөөд тус брэндийн олон улсын маркетинг хариуцсан захирал Caroline Machen: “Гутлын загвар зохион бүтээдэг компанийн хувьд бид бүтээгдэхүүнийхээ жижиг хэсгүүдэд ч анхаарал хандуулсаар ирсэн. Тиймээс Cardi B шиг мэдрэмжтэй, бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол төгс хослол” гэв.
Үнэхээр л Cardi энэ брэндтэй төгс зохицдог төдийгүй төрсөн өдрөөрөө тус брэндтэй хамтран гаргасан "Club C Double" загварын пүүзээ цөөн тоогоор худалдаанд гаргахад 18 цагийн дотор зарагдаж дууссан гэдэг. Launchmetrics сайтаас Cardi B-гийн уг пүүзнийхээ талаар Инстаграм хуудсандаа оруулсан нийтлэл нь өөрт нь 1.7 сая ам.долларын ашиг авчирсан гэж тооцоолсон байна. Үүнээс бид Cardi B-г цахим ертөнцөд хэчнээн хүчирхэг нэгэн бэ гэдгийг харж болох юм. Гэсэн хэдий ч тэрээр интернэт орчин дахь "шүүмжлэгчид"-ийн хувьд ч мөн алдартай нэгэн.
- Энэ их хэцүү л дээ. Хүнд хувийн амьдралаасаа бусадтай хуваалцахыг хүсдэг болон хүсдэггүй зүйлс гэж бий. Гэтэл янз бүрийн цуурхлаас болоод хүмүүс миний хувийн амьдрал руу бага багаар халддаг. Харин би энэ бүхнийг аль болох тайван замаар шийдвэрлэхийг хичээдэг.
Өнөө цагт чи олон нийтэд таалагдах хариулт өгөөгүй л бол “жинхэнэ” гэж үнэлэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодлыг хуваалцах нь эрсдэлтэй гэсэн үг. Гэвч үнэндээ чиний талаар хөгийн зүйлс бичиж байгаа хүмүүс чамайг өөртэйгөө адилхан хөгийн харагдуулахыг л хүсэж байгаа юм. Өөрийнхөөрөө байдаг маань тэднийг зовоодог байх л даа. Гэхдээ би үүнд ач холбогдол өгч байгаагүй.
FN: Олон уран бүтээлчид загварын ертөнцөд томоохон тоглогч болж ордог. Гэхдээ тэднээс Rihanna-гийн "Fenty", Kanye West-ийн "Yeezy" зэрэг цөөн хэдэн брэнд л өөрсдийн гэсэн байр суурийг эзэлсэн байдаг.
- Анх Reebok брэнд тод ягаан, неон ногоон зэрэг өнгөний сонголттой пүүзнүүд худалдаанд гаргахад би тэдгээрийг авахыг маш их хүсэж байсан ч надад боломж нь байгаагүй юм. Ээж маань ажилдаа явахдаа Reebok брэндийн OG загварын пүүзийг байнга өмсдөг байсан. Бараг л гурван жил өмссөн байх.
Миний хувьд “боломжийн үнэ” бол нэн тэргүүнд тавих ёстой асуудал. Шүтэн бишрэгчид маань хэдий хэмжээний боломж бололцоотой амьдардаг вэ гэдгийг би сайн мэднэ. Тэд миний нэг хэсэг учраас би “боломжийн үнэ”-тэй зүйл хийхийг л хүссэн юм.
FN: Цагийн зүү арван хоёрыг заасан байна. Сүүлийн асуултаа асууя. “Энэ бүхэн юуны төлөө вэ?”
- Би үргэлж л мөнгө олох дуртай гэж ярьдаг ч энэ төсөл бол мөнгөний төлөө хийгдсэн зүйл биш. Мөнгө бол олдож л байдаг зүйл. Энэ бүхний эцэст би хийсэн зүйлээсээ сэтгэл ханамж авах нь л чухал гэж боддог болсон. Хүмүүс чамайг унагаах гэж оролдоно. Ингэхдээ өнгөрсөн амьдралыг чинь сөхнө. Гэхдээ энэ бүхнийг битгий тоо. Зүгээр л юу хийж чадсан бэ гэдгээ бод. Хийсэн зүйлийг чинь хэн ч чамаас булааж чадахгүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх