Evelyn's Oven: Яг манайхаар үйлчлүүлэх ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮС нь л хайж ирдэг газар байгаасай гэж хүсдэг


“Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа, баяртай” хэмээх эелдэг өгүүлбэрээр үйлчлүүлэгчээ үдсэнээр бидний ярилцлага эхэлсэн юм. Хотын төвд байрлалтай ч олны нүднээс далд энэ буйдхан газрыг “Evelyn's Oven” гэдэг. Багын мөрөөдөл, бялуу хийх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн энэхүү кафег үүсгэн байгуулсан бүсгүй бол 23 настай Х.Авидмаа. Оюутан байх хугацаандаа захиалгаар бялуу хийж, дараа нь гурван жилийн турш “Татука бэйкэри”-д ажилласан туршлагатай тэрээр өнгөрсөн жилийн есдүгээр сард “Evelyn's Oven” кафегаа нээжээ. 

Ингээд түүнтэй залуус шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, бялуу хийх болсон түүх зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.


YOLOӨдрийн мэнд! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Бизнесээ эхлүүлэх санаа тань хаанаас төрсөн бэ? Өмнө нь “Tатука бэйкэри”-д ажилласан туршлагаас эхлэлтэй юу?

- Ихэнх хүүхдүүд багадаа багш, цагдаа, эмч болохыг хүсдэг байсан бол би бялууны газартай болно доо гэж боддог байлаа. 14 настайгаасаа бялуу гэдэг зүйлтэй холбогдсон гэж хэлж болно. Миний хийх хамгийн дуртай зүйл байсан. Ингээд оюутан байхдаа "Татука бэйкэри"-д гурван жилийн турш технологичоос менежер хүртэл ажиллаад жирэмснийхээ амралтыг авсан юм. Байнга ажилладаг байж байгаад гэнэтхэн л гэртээ амарна гэдэг хэцүү санагдсан болохоор бие давхар байсан ч өөрийн гэсэн кафегаа нээхээр шийдсэн. "Татука бэйкэри"-д ажиллах хугацаандаа аливаа зүйлийг сайтар төлөвлөж, хүнсний технологийн ач холбогдлыг маш сайн ойлгосон. Захирал маань надад итгэж, намайг оюутан гэж гололгүйгээр бэйкэригийнхээ үйл ажиллагааг даатгасан. Ингээд энэ гурван жилийн туршлага дээрээ тулгуурлаад өнгөрсөн жилийн есдүгээр сард “Evelyn’s Oven” кафегаа нээсэн дээ.

YOLOАливаа бизнесийг эхлүүлэхэд байршил чухал байдаг. Наашаа ирэхдээ танай кафег олох гэж бага зэрэг төөрөлдлөө. Та байршлаа сонгохдоо юуг чухалчилсан бэ? 

Зарим хүмүүс яагаад хүний нүднээс далд газар байршлаа сонгосныг маань гайхдаг. Гэхдээ энэ бол яг миний хүсэж, хайж байсан газар. Миний хувьд зам дагуу байрладаг газрууд хүн бүрийн хараа хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг учраас бүх зүйлээрээ сайн байж чадахгүй л бол хэцүү. Харин би кафегаа хүмүүсийн нүдэнд ил биш, яг манайхаар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс нь л хайж ирдэг газар байгаасай гэж хүсдэг.


YOLOЗалуу хүний хувьд бизнесээ эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв? Танай кафег нээгдээд удаагүй байхад “COVID-19” халдвар гарсан. Таны бизнест цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ?

- Юун түрүүнд түүхий эд худалдан авах бэрхшээл тулгарсан. Бид өндөг, гурил, сүү зэргийг дотоодоос, бусад түүхий эдээ импортоор худалдан авдаг. Хасахаас эхэлсэн бизнес учраас бараагаа их хэмжээгээр нь нөөцөлж чаддаггүй. Ер нь гарааны бизнесүүд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг шүү дээ. Бүх орлогоороо түүхий эд худалдан авдаг байсан учраас хамгийн эхэнд тулгарсан асуудал бол энэ. Мөн "COVID-19" цар тахалтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Түүхий эдийн үнэ анх худалдан авч байснаас килограм тутамд 5'000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Энэ үнийн өсөлтөд ч бялууныхаа амт болон чанарыг алдахгүйн тулд анх ямар түүхий эд ашиглаж байсан тэрийгээ л хэрэглээд явж байна. Гэхдээ ингэлээ гээд бялууныхаа үнийг нэмэхгүй. Нэмчихвэл хүмүүс "энэ кафе анх нээгдэхдээ ийм үнэтэй байсан байж одоо үнээ нэмчихлээ" гэх болно.

YOLOКафе зай талбайн хувьд жижигхэн ч их тухтай санагдлаа. Анх кафег тохижуулах санааг хэрхэн гаргаж байв?

- Дотоод заслыг найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар хийсэн. Энэхүү байр зай талбай багатай учраас юун түрүүнд үйлчлүүлэгчдийнхээ анхдагч хэрэгцээг тооцоолон тав тухтай орчинг бий болгох талаас нь анхаарсан. Кофе шопууд ихэвчлэн түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс тодорхой хугацааны турш үйл ажиллагаагаа явуулсны дараа байршлаа солих, нүүх шаардлага гарах үеийн эрсдэлийг тооцох хэрэгтэй. Жишээлбэл би энэ газрынхаа тоосгыг нь салгаад авч явж чадахгүйгээс хойш түүнд их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй. Энэ мэтчилэн аль болох хямд зардлаар өөрсдөө хийж болохуйц хувилбарыг сонгосон доо.


YOLO“Evelyn’s Oven” нэрийн утгыг тайлбарлаач. 

- Ихэнх нарийн боов, бялуу шарах шүүгээгээр дамжин гардаг учраас “oven” гэдэг үг маш их таалагддаг. Энэхүү үгний урд ямар нэгэн нэр нэмэхгүй бол нэг л хоосон санагдсан учир охиныхоо нэрийг урд нь бичсэн. Манай охиныг Ивээлэн гэдэг. Миний хийж байгаа бүх зүйл охинтой минь хамааралтай учраас ингэж нэрлэсэн юм.

YOLOОхиноо харахын хажуугаар ажлаа амжуулах амаргүй байх? 

- Хүүхэд ер нь гэр бүлийнхээ орчин, эцэг эхийнхээ амьдралын хэв маягийг мэдэрдэг юм шиг санагддаг. Анх кафегаа нээхэд охин маань нэг ой ч хүрээгүй байсан ч ажил дээр хамт ирээд, хооллоод, унтаад хамт харьдаг байсан. Гэхдээ охинд минь тухгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөггүй, их тайван байдаг. Завгүй ээжтэй гэдэгтэйгээ аль хэдийнэ эвлэрчихсэн, аль эсвэл дагаж явахдаа дуртай байдаг ч юм шиг. Анх кафегаа нээхэд охиноосоо гадна дахиад нэг хүүхэдтэй болчихсон юм шиг санагддаг байсан. Бараандаа явна, бялуугаа хийнэ гээд бүхий л ажлаа өөрөө хийдэг учир өдөр хоног маш завгүй өнгөрдөг.


YOLOТанай онцлох бүтээгдэхүүн юу вэ? 

- Манайд кафе нийт зургаан төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Бүтээгдэхүүн бүхэн маань өөрийн гэсэн өвөрмөц амттай учраас аль нэгийг нь бус, бүгдийг нь онцолмоор байна. Хүмүүс манайхыг зориод ирэхэд бидний гаргадаг бүтээгдэхүүнүүдийн аль нэг нь заавал таалагдана найддаг учраас бүтээгдэхүүний сонголтыг үүнээс олон болгоё гэж боддоггүй. Одоогийн бүтээгдэхүүнүүдийнхээ орц найрлага, баглаа боодлыг нь л сайжруулъя гэж боддог. Харин хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол Box cake, Shu cream. 

YOLOТанайхаас худалдан авалт хийгээд гарч буй хүмүүс сонингийн цаасаар хийсэн уут гартаа барьсныг харлаа. Кафены үйл ажиллагааг явуулах болон бялуугаа хийхэд ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ?

- Бидний баримталдаг үндсэн зарчим бол өдөр бүр шинэхэн бүтээгдэхүүн гаргах. Бялуугаа өглөө бүр шинээр хийсэн ч өдөр нь дуусчихдаг учраас өдөр нь дахиад л шинээр хийдэг. Ер нь өглөө бэлэн болсон бүтээгдэхүүн орой хүртэл байх тохиолдол бараг байхгүй дээ. Баглаа боодлын хувьд сонины цаасыг дахин боловсруулан ашигладаг. Манайх анх гялгар цаасан уут ашигладаг байсан юм. Цаасан уут хэдий байгальд ээлтэй юм шиг боловч дотор талдаа гялгар уутан бүрхүүлтэй болохоор дахин боловсруулахад асуудалтай. Ингээд өдөрт дунджаар 50 уут гэж бодоход сардаа 1500 орчим уут гаргаж хог хаягдал бий болгодог байсан учраас сонины цаасан уут нь энэ асуудлыг багасгах нэг шийдэл юм гэж бодсон.

Кафены маань ойр хавьд оффисууд их байдаг. Оффисоос маш их хэмжээний цаасан хог хаягдал гарна. Тиймээс оффисуудаас цаас авч, эвхэж нугалаад авч явахад ашигладаг уут болгоод бэлдчихдэг. Иргэдийн дунд нэг ташаа ойлголт байдаг нь сонины цаас хар тугалга ихээр агуулдаг учир хүнсний бүтээгдэхүүн хийхэд тохиромжгүй гэх ойлголт. Гэхдээ бид аливаа бүтээгдэхүүнийг ямар нэгэн сав, уутгүйгээр сонин руу хийдэггүй. Сониноор хийсэн уут бол зөвхөн авч явах зориулалттай. Сүүлийн үед бусад газрууд ч энэ санааг хэрэгжүүлж байгаад баяртай байна.


YOLOТаны бизнест ямар эрсдэл байна вэ?

- Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн түүхий эдийн үнийн асуудал хүндэрсээр байна. Нэгэнт нэмэгдчихсэн үнэ буурахгүй шүү дээ. Мөн сүүлийн үед хүмүүс идсэн зүйлээсээ харшлах тохиолдол ихэссэн учир үүнээс их айдаг. Бялуундаа өндөг, сүү зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүн ашигладаг учраас болгоомжтой байх ёстой. Тэрнээс биш хямд төсвөөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж байдаггүй.

YOLOХэдэн ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна? Ажилтан авахдаа ямар шалгуурыг тавьдаг вэ?

- Одоогийн байдлаар нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ажилтан ажилд явахдаа нас заахаас гадна тухайн хүний хандлага болон төлөвшлийг нь хардаг. Өөртэйгөө ойролцоо буюу 18-25 насны хүмүүсийг ажилд авдаг шалтгаан нь ойлголцоход амар байдаг явдал. Ажилд орохоор ирдэг охид бялуу хийхийг зааж өгөх эсэх, цалингийн хэмжээ зэрэгт их ач холбогдол өгдөг. Миний хувьд тухайн хүн үнэхээр үйлчилгээний салбарт ажиллах, нарийн боов хийж сурахыг хүсэж байгаа бол тухайн зүйлдээ дуртай, туршиж үзсэн эсэхээс хамаарч хандлага нь өөр байдаг.

Харин төлөвшлийн хувьд 18 хүртэлх насандаа хувь хүн болж төлөвшиж чадсан уу гэдэг асуулт маш чухал. Миний хувьд тухайн хүний өөрийгөө илэрхийлэх, хариуцлага хүлээх болон шийдвэр гаргах чадвар нь чухал. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүн аливаа хамт олны дунд ороод ажиллахад их хэцүү. Тиймээс өсвөр үеийнхэнд хандан хэлэхэд сургуульд сурч байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх нь чухал шүү. 


YOLOХүмүүс танай кафег зорьж ирэх шалтгааныг нэрлэвэл.

- Манай кафег өөртөө хайртай хүмүүс зорьж ирээсэй гэж хүсдэг. Идэж байгаа зүйлдээ анхаардаг, үнэхээр амттай зүйл идмээр байгаа ч аль болох чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг тийм хүмүүс. Сахар багатай, хадгалах хугацааг нь уртасгаагүй, хажуудаа гал тогоотой, тэндээ шинээр нь хийж өгдөг амттан идэх хүсэлтэй хүмүүс манайд ирээрэй.

YOLOКафегаар үйлчлүүлдэг хүмүүсээс сэтгэлд тод үлдсэн үйлчлүүлэгч байдаг уу? 

- Одоо бодоход маш олон үйлчлүүлэгч байна. Сүүлийн үед хүмүүс талархлаа маш гоёор илэрхийлж чаддаг болжээ. Үйлчлүүлчихээд ширээн дээр наалддаг цаасан дээр талархал бичээд үлдээдэг тохиолдол ч цөөнгүй бий. Тэдгээрийг хараад үнэхээр хөөрхөн санагддаг. Сэтгэлд хамгийн ойр байгаа нь гэвэл Хангарьд ордонд ажилладаг нэг эгч байдаг юм. Манай кофег уух гэж ажлын өдрүүдээр байнга үйлчлүүлдэг. Хэдийгээр манайх бялуундаа түлхүү анхаардаг ч кофегоор үйлчилж л байгаа бол кофегоо ч мөн чанартай байлгая гэж боддог. Мөн манай кафены эргэн тойронд олон гоё кофе шопууд байдаг ч тэр эгч манайхыг сонгон ирдэгт нь баярлалаа гэж хэлмээр байна.


YOLOТа сошиалыг бизнестээ хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ? 

- Манай кафед Фэйсбүүк тохирохгүй юм шиг санагддаг. Хүмүүс Фэйсбүүк дээрх мэдээлэлд шүүлтүүргүй ханддаг учир хэн нэгэн эерэг аль эсвэл сөрөг нийтлэл, сэтгэгдэл бичихэд нийгэм шууд тэрүүгээр нь хүлээгээд авчихдаг. Тухайн зүйл яг угтаа ямар вэ гэдгийг нь мэдэхийг хүсдэггүй юм шиг. Миний хувьд аливаа мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авдаг хүмүүст бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Харин Инстаграмд бодит бүтээгдэхүүнээ харуулсан богино хэмжээний бичлэг хийн сторидоо тавих нь илүү давуу талтай. Бодит зүйлийг тодорхой давтамжтайгаар хийж эхэлснээр хүмүүс манай кафены тухай илүү сайн мэдээлэл, итгэл үнэмшилтэй болно. 

Мөн бид нарын нэрлэж заншсанаар инфлүэнсэр буюу нөлөөлөгч нартай хамтран ажиллаж чадахгүй юм билээ. Сүүлийн үеийн сошиалд суурилсан маркетингийн нэг хэлбэр нь энэ арга болоод байна шүү дээ. Гэтэл тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өнөөх инфлүэнсэрт таалагдаагүй байсан ч сурталчилах нь тэдний ажил учраас шууд л сурталчилдаг. Жишээлбэл олон дагагчидтай найз маань инфлүэнсэрийн байр суурьнаас биш, манай бүтээгдэхүүнд дуртай хүний байр суурьнаас манай бүтээгдэхүүнийг сторидоо хийхэд хүмүүс тэр сториг нь харуулаад "яг энэ бялууг л авмаар байна" гээд хүрээд ирдэг. Тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг нь ч мэдэхгүй, ямар ч мэдээлэлгүй байж хэн нэгэн инфлүэнсэр авсан учраас би ч бас авахаар ирлээ гэдэг санаа нь надад хэцүү санагдаж байсан. Гэтэл тэр хүн манай бүтээгдэхүүний орц, найрлагаас харшилтай, хүсдэг амт нь биш байвал эрсдэл дагуулах аюултай шүү дээ.


YOLOИрээдүйд шинэ салбар нээхээр төлөвлөж байгаа юу? Таны цаашдын зорилго юу вэ?

- Цаашид аль нэг бүтээгдэхүүнээрээ дагнасан шинэ салбар нээхийг хүсдэг ч олон салбартай болохыг хүсдэггүй. Гэхдээ тэр салбар нь заавал кафе байх албагүй. Цех байвал илүү оновчтой байх. "COVID-19" цар тахлын улмаас хүмүүс үйлчилгээний газарт тухалж суугаад юм идэхээс илүүтэйгээр гэртээ хүргүүлэх хүсэлтэй болсон. Улаанбаатар хотод дэд бүтэцтэй холбоотой олон асуудал байдаг учир үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг хөнгөвчилж, аз жаргалтай байх боломжийг нь бүрдүүлье гэвэл цехээс шууд гарт нь өгөх хэрэгтэй байх. 

YOLOӨөрийн бизнесээ эхлүүлэх гэж буй залууст зөвлөгөө өгөөч. Залуучууд зах зээлд өрсөлдөхөд хэр их боломж байдаг вэ?

- Би шинээр нээгдсэн газар болгонд очиж үзэх дуртай. Гэхдээ ихэнх нь хагас жилийн дараа хаагдчихдаг. Зарим нь санхүүгийн асуудлаас болоод хаагдсан байж болох ч үүнийгээ анхнаас нь тооцоолох хэрэгтэй шүү дээ. Ингээд харахад залуучуудад байдаг нийтлэг чанар нь аливаад тууштай байж чаддаггүй явдал. Миний хувьд оюутан байхаас эхлээд өнөөдрийг хүртэл ганц ч удаа "бялуу хийхээ больё" гэж бодож байгаагүй. Төрөх өдрийнхөө өмнөх орой нь, төрчихөөд хоёр сарын дараа ч бялуугаа хийсээр л байсан. Ямар нэгэн зүйлийг хийгээд үнэхээр л аз жаргалтай, тайван болж чаддаг бол түүндээ үнэнч, тууштай байх хэрэгтэй. 

YOLOЯрилцсанд баярлалаа.


#Залуу бизнес эрхлэгч #Кафе