"Донтогчоос Iron Man": Жүжигчин Robert Downey J.R-ийн өөрийгөө ЯЛАН ДИЙЛСЭН түүх


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-12

"Би бол Iron Man" - Энэ бол маш энгийн бүтэцтэй, ямар ч чамин тансаг үг хэллэг ашиглаагүй мөртлөө супер баатруудын тухай цувралуудыг шимтэн үзсээр ирсэн хүн бүрийн сэтгэлд тодхон үлдсэн “хүчтэй” өгүүлбэр. 

Киноны дүрүүд бодит ертөнц дээр оршдоггүй хэр нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээнэ гэдэг гайхамшигтай. Үүнд кино зохиол, дүрийн зан чанар гээд олон хүчин зүйлс нөлөөлж болох ч жүжигчний ур чадвар хамгийн чухал болов уу. Тиймдээ ч "Marvel"-ийн кино ертөнцийн нэгэн хэсэг болох Iron Man-ий дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Robert Downey Jr. өнөө цагийн хамгийн чадварлаг жүжигчдийн нэгт зүй ёсоор бичигддэг биз. 

Түүнийг “Iron Man”, “The Zodiac” (2007) болон “Sherlock Holmes” (2009) зэрэг кинонд тоглосон дүрээр нь сайн мэдэх хүн олон ч туулсан амьдралыг нь мэдэх хүн ховор. Хэдий тэрээр өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэгт тооцогдож байгаа ч гэлээ энэ өндөрлөгт хүрэх зам нь дардан байгаагүй гэдэг. Ингээд энэхүү нийтлэлээрээ Robert өөрийгөө хэрхэн ялан дийлж, эргэн хөл дээрээ босож амжилтад хүрсэн тухай түүхийг хүргэж байна.

ТҮҮНИЙ БАГА НАС

Жүжигчин Robert Downey Jr. багаасаа л “урлагийн хүн” байжээ. Түүний эцэг Robert Downey Sr. нь найруулагч, зохиолч нэгэн байсан бол эх Elsie Downey нь жүжигчин, найруулагч эмэгтэй аж. Урлагт бие сэтгэлээ бүрэн зориулсан гэр бүлд өсөж торнисон Robert Downey Jr. шоу бизнесийн ертөнцтэй тун эрт танилцсан бөгөөд энэ нь ч түүний жүжигчин болох гол шалтгаануудын нэг байсан биз. Тэрээр хамгийн анхны дүрээ ердөө таван настайдаа аавынхаа найруулсан кинонд бүтээж байжээ.

Харамсалтай нь гэр бүлийнхээ ачаар бага насандаа танилцсан цор ганц зүйл нь шоу бизнесийн ертөнц биш байжээ. Эцэг эхээс өвлөн авсан урлагийн авьяасаа бага залуудаа нээсний хажуугаар эцгийнхээ мансууруулах бодис болон согтууруулах ундааны хэрэглээтэй ч багаасаа танилцаад амжсан гэдэг. Downey “New Breed” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дөнгөж зургаахан настайдаа эцэгтэйгээ хамт марихуан гэх нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэж байсан тухайгаа дурдсан юм. Тэрээр үүний үр дүнд эцэгтэйгээ илүү ойр дотно холбоо тогтоосон гэж үздэг бөгөөд энэ тухайгаа “Надад хайртай гэдгээ өөрийн мэддэг цорын ганц аргаараа илэрхийлэхийг оролдож байсан юм шиг санагддаг” хэмээж байжээ.

"LESS THAN ZERO"

Хэдий мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэдэг байсан ч Downey 1980-аад оны сүүлээс цөөнгүй уран бүтээлд дүр бүтээж эхэлсэн юм. “Saturday Night Live” шоу нэвтрүүлэгт бүтэн нэг улирлын туршид тоглосны дараа тэрээр найруулагч John Hughes-ийн “Weird Science” (1985), James Toback-ийн “The Pick-Up Artist” (1987) зэрэг кинонуудад дүр бүтээсэн юм. 

Үүгээр ч зогсохгүй тэрээр 19 настайдаа “Firstborn” (1984) киноны үеэр жүжигчин Jessica Parker-тай танилцсан бөгөөд тэд болзож эхлээд ердөө 2 сарын дараагаас хамтран амьдрах болжээ.

Харин 1987 онд “Less Than Zero” хэмээх киноны гол дүрийн хар тамхинд донтсон Julian Wells хэмээх залуугийн дүрийг бүтээсэн нь түүнд өөрийнхөө чадварыг харуулах том боломж болсон хэдий ч мансууруулах бодистой харилцах харилцааг нь улам л ойртуулж орхижээ.

Тэрээр “Guardian” сэтгүүлд уг киноны талаар дурдахдаа “Би тэр кинонд дүр бүтээх хүртлээ зөвхөн ажлын дараа эсвэл амралтын өдрүүдээр л мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Заримдаа зураг авалт дээр жаахан шартчихсан очно, гэхдээ түүнээс илүү бол биш. Тэр киноны дүр эхэндээ миний "хэтрүүлэгтэй хувилбар" байсан юм. Гэтэл зураг авалтын туршид нөхцөл байдал өөрчлөгдөж, би өөрөө тэр дүрийнхээ хэтрүүлэгтэй хувилбар нь болж хувирсан байлаа. Тэр байдал хэтэрхий удаан үргэлжилсэн” гэжээ.

Ийнхүү түүний донтолт улам даамжирсан нь удалгүй найз бүсгүй Jessica Parker-аасаа салах шалтгаан болсон байна. Бүхэл бүтэн долоон жилийн туршид үерхэхдээ Jessica түүнийг ойлгож, түүнд туслахыг маш их хичээдэг байсан тухай ч мөн дурдаж байсан билээ.

АНХ УДАА БАРИВЧЛАГДСАН НЬ

Нөхцөл байдал улам дордсоор 1996 онд Downey анх удаа баривчлагджээ. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Малибу хотод хурд хэтрүүлсний улмаас цагдаа нарт шалгуулсан бөгөөд шалгалтын явцад машинаас нь героин, кокаин зэрэг хууль бус мансууруулах бодисууд гар бууны хамтаар олдсон аж. Хэдийгээр батлан даалтаар суллагдсан боловч тус явдлаас сарын дараа хөршийндөө мансуурсан, унтаа байдалтайгаар олджээ. Энэ нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж “Goldilock incident” хэмээн нэрлэгдээд амжсан аж. Хөршүүд нь Downey-г хувийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн гомдол гаргаагүй ч шүүхээс түүнийг хар тамхинаас гаргах эмчилгээнд хамрагдахыг шаардсан байна. 

Ингээд 1997 онд Downey мансууруулах бодисын зохих шалгалтад ороогүйгээс Лос Анжелес мужийн шоронд 180 хоног хоригдох ял авсан байна. Ингээд ч зогсохгүй шоронд байх хугацаандаа бусад хоригдлуудтай зодоон хийсний улмаас ганцаарчлан хоригдож байжээ. Хоёр сар орчмын дараа тэрээр 120 өдрийн турш нөхөн сэргээх эмчилгээнд орох нөхцөлтэйгөөр суллагдсан аж. 

Гэвч 1999 оны дунд үед ч Downey өөртэйгөө тэмцэлдсээр л байсан тул шүүхийн зүгээс хар тамхинаас гаргах эмчилгээ үр нөлөөгөө өгөхгүй гэж үзэхэд хүржээ. Ийнхүү эмчилгээ бүтэлгүйтснээр 1999 онд Downey 3 жилийн хорих ял авсан аж. Шоронд байх үедээ тэрээр ихийг бодож тунгаасан ч тэрхүү цаг хугацаа нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд улам хүндээр туссан хэмээдэг. 

Хэдий гурван жилийн ял сонссон ч Downey 2000 оны наймдугаар сард батлан даалтаар суллагдсан байна. Тэрээр цаг алдалгүй шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж эхэлсний нэг нь “Ally McBeal” (1997-2002) цуврал байжээ. Харамсалтай нь 2001 онд Downey ахин баривчлагдсанаар уг дүрээ алдсан байна. 

ХОРТ ЗУРШЛАА БҮР МӨСӨН ХАЯСАН НЬ

Маш олон жилийн туршид өөртэйгөө тэмцэлдсэний эцэст 2003 онд Downey уг тулаандаа ялалт байгуулж мансууруулах бодисоос бүр мөсөн гаржээ. Үүнд нь түүний эхнэр Susan Downie болон ээж Elsie Downie нь ихэд тусалсан гэдэг. Тэр 12 алхам бүхий хөтөлбөр, йог болон бясалгалыг тогтмол хийсэн тухайгаа “Daily Mail Article” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 

IRON MAN БА ШИНЭ ЭХЛЭЛ

Downey 1996 оноос 2001 оны хооронд хэд хэдэн удаа баривчлагдсан тул карьераа ахин босгох түүнд хялбар байсангүй. Гэвч 2003 оноос хойш үнэхээр л ахин мансууруулах бодис хэрэглээгүй учир 2008 онд “Iron Man” киноны гол дүрийг бүтээх боломжтой болжээ. 

Энэ нь түүний амьдралын нэгэн том эргэлт байсан гэхэд болно. Тэрээр “Avengers” (2012) болон үүнээс хойших "Marvel"-ийн кино ертөнцийн бүтээлүүдэд Iron Man-ий дүрийг бүтээсэн бөгөөд “Tropic Thunder” (2008), “Sherlock Holmes” (2009) зэрэг кинонуудад ч тоглосон билээ. Одоо бол олон ч хүн түүнийг "бодит амьдрал дээрх Iron Man" хэмээн нэрлэх дуртай төдийгүй маш ихээр хайрлаж хүндэлдэг. 

Хэчнээн удаан үргэлжилсэн ч бай хорт зуршлыг даван дийлж болдгийг, тэгж чадвал хэзээ ч амьдралаа босгох боломжтой байдгийг жүжигчин Robert Downey Jr. өөрийнхөө амьдралаар батлан харуулжээ. Хэрэв Downey өөрийн дотор буй мангасуудаа ялан дийлж дөнгөөгүй бол магадгүй бид “Би бол Iron Man” гэх тэр онцгой мөрийг өнөөдрийнх шиг санан дурсахгүй байсан ч юм билүү? 

Эх сурвалж: Variety, Nickiswift

#Алдартан #Түүх #Урам зориг