ӨРӨВЧ, ГЭНЭН ЗАН минь миний сул тал заримдаа ДАВУУ ТАЛ ч болдог


Сондор | YOLO.MN
2016-09-08

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би сэтгэл гутралаасаа яаж гарах вэ?

Багадаа төрүүлсэн ээжээ алдсан, түүнээс болоод их өрөвчхөн гэнэн сэтгэлтэй болсон. Энэ миний сул тал заримдаа давуу тал ч болдог.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье
Миний бие өдгөө 16 нас хүрэх гэж байгаа эгэл жирийн нэг хүүхэд. Гэвч нэг асуудал бий. Мэдээж төгс хүн гэж байдаггүйтэй л адил асуудал. Би гэрийхэнтэйгээ огт харьцдаггүй ярих гэхээр дандаа эсэргүүцэж миний саналыг дэмждэггүй бас огт хайхардаггүй хэн ч намайг тоодоггүй. Тиймээс найз нөхөд хайр гэх мэт зүйлийг би огт ойлгодоггүй. Багадаа төрүүлсэн ээжээ алдсан, түүнээс болоод их өрөвчхөн гэнэн сэтгэлтэй болсон. Энэ миний сул тал заримдаа давуу тал ч болдог. Би одоо 11-р ангид орно гэтэл надад мэргэжил сонголтын талаар анхан шатны ямар ч мэдлэг байхгүй. Мэргэжил сонгохоор “чи чадахгүй ажил хий гадаад руу яв” гэж гэрийнхэн зөвлөдөг. Надад тус болооч. Заримдаа би өөрийгөө үрчлүүлье ч гэх бодол толгойд эргэлддэг болсон. Энэ тэнэг бодлыг толгойноосоо хэрхэн хөөх вэ? Алдаатай бичсэн бол уучлаарай sad

ЗӨВЛӨГӨӨ: Чамд туслах хүмүүс зөндөө байгаа, тэдэнтэй найзал, нөхөрлө, итгэ

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна, тиймээс баталгаатай эх сурвалжуудыг уншиж судлан олон талын мэдлэг мэдээллийг хуримтлуулснаар тулгарсан асуудлуудаа бодоод л шаналж сууснаас илүү үр дүнтэй шүү

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.

Мэдээж гэр бүл бол амьдралын нэг томоохон хэсэг, мөн бид ихэнх цагаа тэдэнтэй өнгөрүүлдэг. Гэхдээ чиний ирээдүй чиний л гарт гэдгийг санаарай. Чи одоо төгсөх ангийн сурагч, бусад хүмүүс чамтай яаж харилцаж байгаагаас шалтгаалж өөрийн хүсэл мөрөөдлөөс ухарч, сэтгэлээр унах хэрэггүй, зоригтой байгаарай.

Түүнээс гадна орчин тойронд чинь чамайг ойлгох, чамайг сонсох, чамд туслах хүмүүс зөндөө байгаа, тэдэнтэй найзал, нөхөрлө, итгэ. Чамайг гэх найз нөхөдтэй байж, бусад хүмүүстэй нээлттэй харилцаж, тусламж хүсэж, тусламж өгч сурсанаар мэргэжил сонголт, хайр дурлал үерхэл, зорилго мөрөөдөл гээд өөрт хэрэгтэй мэдээллийг бие биенээсээ суралцах, зөвлөлдөх бүрэн боломжтой.

Мөн бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна, тиймээс баталгаатай эх сурвалжуудыг уншиж судлан олон талын мэдлэг мэдээллийг хуримтлуулснаар тулгарсан асуудлуудаа бодоод л шаналж сууснаас илүү үр дүнтэй шүү. Хэрвээ чи хүсэж байвал манай Сэтгэл судлалын үндэсний төвд хандаж туслалцаа авч болно.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Teenagers #ЭцэгЭх