БНСУ: Хичээлээс бусдыг үл бодох ахлах ангийнхны амьдрал


YOLO.mn | YOLO.MN
2020-11-04

Энэ удаагийн дугаартаа та бүхэнд Өмнөд Солонгос буюу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон өсвөр насныхны тухай танилцуулахаар бэлтгэлээ.

БНСУ-ыг дэлхийн шилдэг боловсролын тогтолцоотой улс гэж нэрлэх нь бий. Боловсролтой иргэд бэлдсэнээрээ байгалийн ямар ч баялаггүй тус улс цөөхөн хэдэн жилийн дотор дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтаж, эдийн засгаараа дэлхийд тэргүүлж байгаа билээ. Хичээлийн шинэ жил наймдугаар сарын сүүлээс эхлэх ба: 

  • Арванхоёрдугаар сарын дундаас нэгдүгээр сарын сүүлч хүртэл өвлийн амралт,
  • Хоёрдугаар сарын сүүлээр нэг долоо хоног хаврын амралт,
  • Долдугаар сарын дундаас сарын сүүл хүртэл зуны амралт тус тус болдог байна. Мөн сард хоёр удаа бямба гарагт хичээллэдэг аж.

Боловсролын тогтолцоо нь 6-3-3 гэсэн схемээр явах бөгөөд бага ангидаа 6 жил, дунд ахлах ангид тус бүр 3 жил суралцдаг байна.

Бага ангид тоо, солонгос хэл, шинжлэх ухаан, хөгжим, зураг, ёс зүй, нийгмийн ухаан, биеийн тамир зэрэг хичээл орж эхлэх ба 3-р ангиас эхлэн англи хэл үзэж эхэлдэг аж. Дунд болон ахлах ангийнхантай харьцуулахад бага ангийн бүх хичээлийг нэг л багш заах нь элбэг.

Бага ангиа дүүргэсний дараа сурагчид дунд ангид шилжин орох ба энд тоо, солонгос хэл, англи хэл зэрэг заавал үзэх хичээлүүдээс гадна гэр бүлийн санхүү, технологи, гадаад хэл, мэдээлэл зүй, байгаль орчин зэрэг хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Хичээл тус бүрийг мэргэшсэн багш зааж эхэлнэ.

Ахлах сургууль нь мэргэжил олгох мөн цаашид их дээд сургуульд элсэн орох гэж хоёр төрөлд хуваагддаг. Гэсэн хэдий ч сурагчдын 70-аад хувь нь цаашид их дээд сургуульд орох боломжтой ахлах сургуулийг сонгон суралцдаг байна. Ахлах ангийн эхний жилд сурагчид зайлшгүй үзэх 10, сонгон үзэх 10 хичээл үздэг байна.

ДЭЛХИЙН БУСАД ОРНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХИЧЭЭЛД ХАМГИЙН ОЛОН ЦАГИЙГ ЗАРЦУУЛДАГ

Ингээд сурагчид ахлах ангийн эхний жилээ төгссөнийхөө дараа цаашид ямар мэргэжлээр их дээд сургуульд элсэхээр шийдсэнээсээ хамааран аль нэг чиглэлээр илүү түлхүү хичээллэдэг гэнэ. Үүнд хүмүүнлэг болон нийгмийн ухаан (дотроо газар зүй, түүх, улс төр судлал, эдийн засаг, соёл судлал гэж хуваагдана), байгалийн ухаан (дотроо физик, хими, биологи, дэлхийн шинжлэх ухаан гэж хуваагдана) хичээл багтдаг.

Мэргэжил олгох ахлах сургуульд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, загасчлал зэрэг салбарт мэргэжил олгох хичээлүүд орох ба мэргэжил олгох сургуулийг төгсөгч шууд ажил дээр гарах юм. Мөн дээрх хоёр ахлах сургуулиас гадна гадаад хэлний, шинжлэх ухааны, урлагийн тусгай ахлах сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг ба эдгээр сургуульд сурагчдыг сугалаагаар элсэн оруулдаг байна.

Сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсөх ба зуны болон өвлийнх гэж хоёр янз байх нь элбэг. Зарим сургуульд сурагчдын үсний урт ямар байх ёстойг заасан байдаг ба ихэнхдээ үсээ будах, буржийлгах зэргийг хориглох нь элбэг байдаг байна. Мөн өөрийн хичээл ордог анги танхимаасаа өөр ангийн танхим руу дураараа орох, гар утас хэрэглэх зэргийг хориглодог. Хоцорсон хүүхдийг өгзөг рүү нь банздаж шийтгэдэг байсан ч энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал учир үүний оронд гарыг нь өргүүлж зогсоох аргыг хэрэглэх болжээ.

Хичээл өглөө 8:30 минутад эхэлнэ. Харин сурагчид ихэвчлэн 7:30 минутад сургууль дээрээ ирсэн байна. 12:30 - 13:30 хүртэл завсарлах үеэр сурагчид сургуулийн цайны газарт өдрийн цайгаа ууна. Үргэлжлүүлэн хичээллээд 17:00-17:30 хооронд хичээл тарна. Хичээлийн дараа сурагчдад зориулсан сургалт, дамжаа хичээллэх боловч ихэнх сурагчид эдгээрт хамрагддаггүй байна.

Солонгос хүүхдүүд дэлхийн бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад хичээл сургуульд хамгийн олон цагийг зарцуулдгаараа алдартай. Тэд долоо хоногт сурагчийн ширээний ард 70 болон түүнээс дээш цагийг зарцуулдаг гэх судалгаа ч бий. Энэ утгаараа сургууль нь тэдний хувьд жинхэнэ утгаараа хоёр дахь гэр нь болдог.

Түүнчлэн хичээлийн дараах сургалт буюу хагвоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Хагвон бол солонгосын дийлэнх хүүхдүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг юм. Өмнө хэлсэнчлэн Солонгос улс боловсролтой иргэдийг бэлтгэхийг хамгийн гол зорилгоо болгодог. Мэдлэг боловсролтой хүний нөөц байхад улс хөгжинө гэж үздэг. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь дээд боловсролтой нэгэн болгохоор бэлддэг. Эцэг эхчүүд хүүхдээ хагвон буюу хичээлийн дараах сургалтанд бага ангиас нь эхлүүлэн явуулна. Мэдээж хагвон нь төлбөртэй байх ба эцэг эхчүүд ихэнхдээ өөрсдийн идэж уух, өмсөж зүүхээсээ урьтан хүүхдийнхээ боловсролд хувь нэмэр оруулахаа илүүд үздэг аж.

“ШӨНӨ ТАВААС ИЛҮҮ ЦАГ УНТАЖ БАЙВАЛ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРОХ ТУХАЙГАА МАРТСАН НЬ ДЭЭР”

Хичээлээ тараад хүүхдүүд хурдхан гэртээ очин, гэртээ очиж амжихгүй нэг нь сургууль дээрээ эсвэл замдаа хооллон хагвондоо явдаг байна. Ингээд ахлах сургуулийнхан ихэнхдээ шөнө 12 цагийн үед гэртээ харьдаг. Төгсөлтийн шалгалт ойртсон сурагчдын хувьд шөнө 3-4 цаг унтах нь элбэг. Солонгосчуудын дунд “Чи шөнө 3 цаг л унтаж байвал Солонгосын шилдэг их сургуульд орж магадгүй, хэрэв чи 4 цаг унтаж байвал энгийн нэг их сургуульд орж магадгүй, харин 5 буюу түүнээс олон цаг унтаж байвал их дээд сургуульд орох тухайгаа мартаж болно” гэсэн хэллэг ч байдаг байна.

Ахлах ангийн багш нар ч үүнийг ойлгон хичээл дээрээ зүйрмэглэж, унтаж байгаа нэгнийг сэрээж, загнахыг урьтал болгодоггүй гэнэ. Хүүхдүүдийн хувьд Сөүлийн Үндэсний их сургууль, Солонгосын их сургууль, Йонсейн их сургуульд элсэн орох нь хамгийн том зорилго аж.

16 настай Хэ Мин Пакийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар жишээ болгон бичье.

  • Өглөө 6:30 цагт сэрнэ
  • 08:00 цагт сургуульдаа очсон байна
  • 16 цагт хичээл нь тарж, цайгаа уухаар гэртээ харина
  • 18:00-21:00 хүртэл хагвон буюу хичээлийн дараах сургалтандаа сууна
  • 21:00-23:00 хүртэл өөрөө бие даан хичээлээ хийнэ
  • 23:00-24:00 хооронд гэртээ ирнэ.

Ингээд шөнө 02:00 цагийн үед л орондоо орж амарна. Энэ хуваарь нь өдөр болгон давтагдана. Тэрээр:

- “Би ядардаг ч гаргаж байгаа амжилтуудаа хараад ядарснаа мартдаг. Хэдэн цаг илүү унтахыг хүсэж байгаа ч үүнийгээ даван туулах ёстой" хэмээн ярьж байна.

24 цагийн ихэнхийг нь гэрээс гадуур өнгөрүүлдгийн хувьд ахлах ангийн сурагчийн цүнхэнд юу юу багтдаг бол?

  • Гар утасны цэнэглэгч
  • Ариун цэвэр, гоо сайхны хэрэгсэл
  • Сам
  • Үс буржийлгагч
  • Нүүрний будаг
  • Нэг удаагийн халбага, сэрээ
  • Гэрийн шаахай
  • Хүзүүний дэр
  • Бүтээлэг гэх мэт зүйлс багтдаг аж.

УЛСЫН ШАЛГАЛТНААСАА ХОЦОРЧ ЯВАА ХҮҮХДИЙГ ХЭН Ч ДУРТАЙЯА ХҮРГЭЖ ӨГДӨГ

Солонгосын шилдэг их сургуульд тэнцэн орж төгсөх нь цаашид өндөр цалинтай ажилтай болж, нийгэмд байр сууриа олж авахад ач холбогдолтой гэж үздэг учраас хүүхдүүд нойр хоолоо хасан, төгсөлтийн шалгалтандаа бэлддэг аж.

Их сургуульд элсэн орох шалгалтыг улс даяар нэг өдөр авдаг бөгөөд энэ өдөр замын түгжрэл үүссэнээс сурагчид шалгалтандаа битгий хоцроосой гэсэн үүднээс албан байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэх цагаа хүртэл хойшлуулдаг ба англи хэлний сонсголын шалгалт авах цагтай зэрэгцэн нисэх онгоцны хөдөлгөөн, ойр хавийн барилгын явц, том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зэргийг хүртэл зогсоодог байна. Шалгалтнаасаа хоцорч яваа хүүхдийг хэн ч хаанаас ч хамаагүй хүргэж өгдөг байна. Үүнээс үзэхэд энэхүү шалгалт авах өдөр нь зөвхөн сурагчдын хувьд бус бүх ард түмний хувьд хамгийн чухал өдөр болох нь харагдаж байгаа юм.

Найман цагийн турш үргэлжлэх тус шалгалтанд тоо, түүх, шинжлэх ухаан, солонгос хэл, англи хэл зэрэг хичээлүүдийн мэдлэгийг шалгадаг. Дээд тал нь 400 оноо багадаа 250 оноо авч байж тус шалгалтанд тэнцдэг аж.

Хүүхдүүд нь шалгалт өгөх хойгуур эмээ өвөө, эцэг эхчүүд нь ойр хавийнхаа сүм хийдэд очин, хүүхдүүд нь шалгалтаа амжилттай өгөөсэй хэмээн залбирцгаадаг байна.

Нэгэн сонирхолтой зүйлийг хуваалцахад багш нар болон сургуулийн захиралууд таван жил тутам сургуулиа сольж ажилладаг байна. Энэ нь бүх багш нарт улсынхаа шилдэг сургуульд ажиллах боломжийг олгоход оршдог гэнэ.

Хичээл ном ихтэй байх нь тэднийг чөлөөт цаггүй байдаг гэсэн үг биш юм. Тэд мэдээж дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзэх, дуртай кинондоо цаг зав гаргадаг. Мөн дөнгөж нээлтээ хийж буй шинэхэн кинонуудыг алгасалгүй үзэх нь бий. Учир нь тэд ингэж л хөгжилдөж, хааяа ч гэсэн өөр зүйлд сатаарахгүй бол хичээл номондоо дарагдаж сүүлдээ сэтгэлийн дарамтанд орох эрсдэлтэй байдаг аж. Мөн хоббигоороо спортын дугуйлан секцэнд хамрагдаж бие бялдраа хөгжүүлдэг байна.

#Ахлах анги #Хичээл