Монгол эрэгтэй одуудын ЖИНХЭНЭ ба ОЛОНД танигдсан нэр


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-04

Олны анхаарлыг шуудхан татдаг, аль эсвэл амархан цээжлэгддэг нэртэй байна гэдэг алдартнуудын хувьд их чухал. Тиймдээ ч зарим одод эцэг эхээс заяасан нэрээ бус өөрсдийн хоч, тайзны нэрээ илүүтэйгээр ашигладаг. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ залуусын шүтэн биширдэг монгол алдартнуудын жинхэнэ нэр ба олонд танигдсан нэрсийг танилцуулж байна. 

BIG GEE

Зургийг Big Gee Фэйсбүүк хуудсаас

Фэйсбүүк хуудсан дээр улсынхаа ерөнхийлөгчөөс илүү олон like-тай реппэр Big Gee-г шүтэн биширдэг залуус хэдэн мянгаар тоологдоно. Урлагт олон ч жил хүчин зүтгэж, олон ч талаараа үлгэр дуурайл болж яваа түүнийг жинхэнэ нэрийг Мөнх-Эрдэнэ гэдэг. 

1999 оноос хип хоп хөгжимтэй холбогдсон реппэр, продюсер, жүжигчин түүний Gee буюу “гайхалтай” гэх утгатай хочийг найзууд нь түүнд өгсөн гэнэ.

ROKIT BAY

Зургийг Rokit Bay Фэйсбүүк хуудсаас

Одоо ч “Эвдэрхий хүн”, “Нэг өдрийн хаан” зэрэг дууны нэрийг сонсохын төдийд маш олон дурсамжаа санаж орхидог хүмүүс цөөнгүй. Магадгүй энэ нь реппэр Rokit Bay хэдий хэмжээний уран бүтээлч болохыг харуулж буй биз ээ.

Хүн бүрд л Rokit Bay эсвэл Пуужин Баяраа нэрээрээ дотно байдаг түүний жинхэнэ нэрийг Баярсайхан гэдэг. Тайзны нэр буюу Rokit Bay нь харин гурван утгыг агуулдаг аж. Түүнийг АНУ-д амьдарч байхад хүмүүс Bay хэмээн дууддаг байсан аж. Тиймээс "Rock It, Bay" буюу “Доргиогоод өг, Bay!” гэх утгатай байж болох ч нөгөө талаараа “Rocket Bay” буюу “Пуужин Баяраа” ч байж болох юм байна. Харин гурав дахь утга нь raw буюу оригнал дуугаралттай гэсэн утгатай юм. 

168

Монголын дуу хөгжмийн ертөнцөд реппэр 168 яах аргагүй цоо шинэ өнгө төрхийг нэмэн орж ирсэн. Түүний жинхэнэ нэрийг Тэнгис гэдэг. Харин тайзны нэрээ тэрээр “Би олсон гэхээсээ илүү энэ нэр намайг олсон” хэмээн тайлбарладаг. Гудамжинд алхаж байгаад л бодож олсон уг нэр нь монгол эрчүүдийн дундаж өндөр 168 см, мөн сард ажиллах цагийн тоо Үндсэн хуульд заасны дагуу 168 байдаг зэрэгтэй холбоотой хэмээжээ.

290

Зургийг Twoninety Фэйсбүүк хуудсаас

Реппэр 168, 290 нар хоёул СЭЗИС-иас төрөн гарсан уран бүтээлчид. Санхүүгийн сургууль болохоор дандаа тоотой нэртэй юм уу гэх хошигнол одоо ч ам дамжин яригдсан хэвээр. Харин 290 буюу twoninety-гийн жинхэнэ алдрыг Төгөлдөр хэмээдэг.

Сонирхуулан хэлэхэд түүний тайзны нэр болох 290 нь Төөгөө гэх хочийг нь илэрхийлдэг гэнэ. Англи хэлэнд хоёрын тоо нь түү/төө гэх дуудлагатай байдаг бол 90 нь "go" гэдэг үгтэй төстэй бичигддэг. Ийнхүү Төөгөө гэх үгийг бүтээдэг аж. 

FLA

Нэгэнт л репперүүдийг дурдсан тул LOI4IXСОН бүлгийг орхигдуулж болохгүй биз ээ. Тус бүлгэмийн гишүүн FLA-г та бүхэн “Ilt Lit”, “Wishy Washy” зэрэг дуунуудаар нь мэднэ. Түүний жинхэнэ алдрыг харин Жавхлантөгс хэмээдэг. Түүний FLA хэмээх тайзны нэр нь англи хэлний FLY буюу нисэх гэх үгтэй ижил утга санаа агуулдаг ажээ!

ГИНЖИН

Зургийг Ginjin Фэйсбүүк хуудсаас

Монголын өнөө цагийн "Hitmaker" буюу хит дуу бүтээгч Ginjin нь мөн л LOI4IXCOН бүлгэмийн гишүүн билээ. Хип хоп хөгжмийн ертөнцөд чамгүй олон жил зүтгэж яваа түүний жинхэнэ нэрийг Гарьд гэдэг. 

LIL THUG E

Зургийг Lil Thug E Фэйсбүүк хуудсаас

Залуусын үлгэр дуурайл авдаг бас нэгэн Төгөлдөр нэртэй уран бүтээлч бол Lil Thug E. Олон ч залуус түүнийг "Rap Dembee" тулааны хөтлөгч гэдгээр нь таньдаг болсон байх. 

VANDEBO

Vandebo хамтлаг “Унана”, “Чиний Нүдээр” болон “Мангар Том Зүрх” зэрэг дуунуудаараа аль хэдийнэ Монголын урлагийн ертөнцөд өөрсдийнхөө нэрийг тамгалаад амжсан билээ. Хамтлагийн гишүүд харин Vande болон Ebo хэмээх тайзны нэрээр нэрлэгддэг.

Реппэр Vande-гийн жинхэнэ нэрийг Энхжамц гэдэг бол Ebo-гийн нэрийг Эрдэнэболд гэдэг аж. 

AM-C

Дуучин AM-C “The Mixx” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн ч өдгөө соло дуучны хувиар тун амжилттай яваа билээ. Сонсоод л баймаар хоолой, шинэлэг дуунуудаараа олны хайрыг хүртсэн түүний жинхэнэ нэрийг харин Энх-Амар хэмээдэг.

WOLFIZM

“Underrated Emcees”, “Дуртай” болон “Нисдэг Чоно” зэрэг дуунуудаараа алдартай реппэр Wolfizm-ийг Монголын хип хоп сонирхогчдын дийлэнх нь мэднэ. Түүний жинхэнэ нэрийг харин Гэсэр хэмээдэг аж. 

Тэрээр өөрийн “Wolfizm” нэрийн талаар нэгэн ярилцлагад дурдахдаа уг нэрийг түүнд хэн нэгэн өгөөгүй, харин өөрөө сонгож авсан төдийгүй чоно шиг хийморьтой байхыг бэлэгшээсэн нэр гэжээ.

#Монгол #Алдартан